
CNN агентлагийн сурвалжлах хэсэг тус автономит мужид очсон боловч Хятадын цагдаа нар тэднийг нутгийн гүн рүү нэвтрүүлээгүй аж. Олон улсын сурвалжлагчийн бичсэнээс үзвэл Сычуанийн хүн амын дийлэнх нь Хан үндэстэн Хятадууд бөгөөд тосгон суурингийн иргэд Түвдүүдийг Засгийн газрын гарыг харж суудаг, залхуу хойрго хүмүүс хэмээн ярьж байжээ. Сычуань мужийн Ченгду хотод цагдаа нар гудамж талбайн өнцөг булан бүрт харуул хийж, Түвд хүн болгоныг шалгадаг гэнэ. Хүн бүрийг мөрдөж танддаг учраас CNN агентлагийн сурвалжлах хэсгийнхэнд Түвд хүнтэй уулзаж ярилцан, үг хэлүүлэх хэцүү байсан аж. Гэвч Түвд хүн болгон Хятадуудыг нутгаасаа хөөж, Түвдийн оюун санааны удирдагч Далай ламыг эх нутагтаа ирэхийг хүсч байгаа юм. Хятадын хувьд Далай лам Түвдийг Хятадаас тусгаарлахыг шаарддаг хамгийн аюултай, нөлөө бүхий хүн билээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Сычуанийн автономит мужид гарсан Түвдүүдийн бослого хөдөлгөөний үеэр хоёр хүн амиа алдсан гэж Хятадын улсын телевизээр мэдээлсэн ч хэвлэл мэдээлэл хаалттай энэ улсад ямар аймшигтай зүйл болж байгааг таамаглах аргагүй гэж “CNN”-ий сурвалжлагч бичжээ. Хятадын баруун хэсэг дэх уулархаг мужид нөхцөл байдал ямар байгааг харуулсан “CNN”-ий нэвтрүүлгийг Хятадад гаргаагүй гэнэ.