МАН нэг сая орчим хүний санал сонсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

МАН нэг сая орчим хүний санал сонсчээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, түүний дараа хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-МЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нар оролцсон юм.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн мэдээлснээр Удирдах зөвлөлийн хурлаар орон даяар явуулсан “Ард түмнээ сонсъё” аяны дүнгийн талаар хэлэлцсэн байна. Уг аяныг 2010 оны нэгдүгээр сараас 2011 оны арваннэгдүгээр сар хүртэл хоёр жилийн хугацаанд явуулж 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 283 сум, 152 хороонд хүрч ажиллан нэг сая орчим хүний саналыг сонсчээ. Ингэхдээ нийт 106 орчим мянган км зам туулж, нарийвчилсан тоогоор 978805 хүнтэй уулзаж, иргэд  давхардсан тоогоор 74 мянга гаруй санал, хүсэлт гаргажээ. Түүнээс 15 мянга гаруй санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

МАН-ын дарга С.Батболд түүний мэдээлэл дээр нэмж 8000 гаруй айл, 2500 байгууллагаар орсныг дуулгалаа. Иргэдийн саналаас сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл эрхлэх зэрэгтэй холбоотой 70 орчим хувийг нь 2012 оны улс, орон нутгийн төсөвт суулгажээ. Иргэд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, архидалттай тэмцэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах талаар тавьсан саналуудыг анхааралдаа авч, МАН-ын бага хурлаас сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тогтоол баталжээ.

Мөн Монгол Улсын 20 жилийн ирээдүйг харсан, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн төлөвлөгөө гаргаж нийт сумдын гуравны нэг буюу 96 сумыг үлгэр жишээ хөгжүүлэхээр тусгажээ. МАН нь нийгмийн чиг баримжаатай, социал демократ үзэл баримтлалтай, зүүн чигийн нам учраас нийгмийн дундаж: давхрагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана гэдгийг МАН-ын дарга онцоллоо. Энэ чиглэлээр МАН, Засгийн газраас 2012 оныг өрхийн хөгжлийг дэмжих  жилээр зарласан байна. Жижиг бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлж, зээл, барьцааны ачааллыг багасгах чиглэлийг мөн барих аж. Ард түмнээ сонсох аяныг цаашид ч үргэлжлүүлж, хөгжлийн хөтөлбөрөө иргэдээр нээлттэй хэлэлцүүлэхээр болжээ. Ирэх пүрэв гаригт сэтгүүлчдэд нээлттэй хэлэлцүүлэг болох юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж