Монгол, Германы найрамдалт харилцааны хүрээнд нэгэн шинэ ном мэндэлж, номын хуудас шаржигнасан сайхан үйл явдал тохиолоо. Энэ нь Герман улсаас Монголд суугаа элчин сайдын яаманд өнөөдөр болсон Р.Жамц, Р.Төрдалай, Ц.Лхам, З.Батчимэг нарын бичсэн “Холбооны бүгд найрамдах Герман улс” номын нээлт юм. Есөн бүлэг, 45 зүйл, 300 хуудаснаас бүтсэн энэхүү номыг Олон улсын судлалын хүрээлэнгийн дэргэдэх Герман судлалын төвөөс санаачлан Р.Жамц нарын монгол судлаачид сийрүүлсэн байна. Ингэхдээ монгол хэлнээ Герман улсын нийгэм улс төр, соёл, шинжлэх ухаан, байгалийн тогтолцоо зэрэг улс орныг илтгэх бүхий л мэдлэг, мэдээллийг багтаажээ. Үндсэндээ Герман улсын тухай энэхүү толь бичиг хэмээн нэрийдэж болохуйц номноос мэдэж болох нь. Номыг ойрын хугацаанд сургуулиудад болон номын сангуудаар үнэгүй тарааж, мэдлэгт тус болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд номын дэлгүүрүүдээр түгээх гэнэ.
“Монголын судлаачдын бүтээсэн энэ номны цар хүрээ асар их байгаад сэтгэл дүүрэн байна. Энэхүү номноос авах хэрэгтэй зүйл нь юу болохыг ойлгоосой” хэмээн Герман улсаас Монгол улсад суугаа элчин сайд, доктор Петер Шаллер номын нээлтийн үеэр хэлсэн юм. Мөн Олон улс судлалын хүрээлэнгийн дэргэдэх Герман судлалын төвийн гүйцэтгэх захирал Бархамн “Сүүлийн хориод жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа амжилттай байна. Мэдлэгийг бий болгох үйл хэрэгт энэ ном бага ч гэсэн нэмэр хандив болно гэдэгт найдаж байна. Нээрэн л мэдлэгт суурилсан нийгэм өнөө цагт бий болж байхад орон судлалыг илүү хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн хэлсэн.
Энэхүү номыг бичилцсэн Улс төр, Герман улс судлаач З.Батчимэгээс цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.
-Германы тухай цогц мэдээлэл, мэдлэг өгөх зорилготой энэхүү номонд таны хувьд аль талаас нь бичиж оролцсон бэ?
-Би энэ номонд нэгдүгээр болон долдугаар бүлгийг бичсэн. Нэгдүгээр бүлэг бол улс төрийн систем, сонгуулийн хууль, үндсэн хуулийн талаар юм л даа. Үндсэндээ Германы улс төрийн дэглэм, үзэл суртлын талаар гэх үү дээ. Долдугаар бүлэгт миний бие Германы байгаль орчин, түлш, эрчим хүчний бодлогын тухай бичсэн юм. Эдгээрийг ерөнхийдөө асуудал дэвшүүлсэн өнгө аясаар бичсэн гэж хэлэхэд болно.
-Цаашид бүтээлийг баяжуулах, эсвэл өөр судалгааны ажил төлөвлөсөн байгаа юу?
-Цаашдаа бид Монгол Европын холбооны улсуудтай хэр ойртон ажиллаж болох талаар судалж байна. Монголд ашигтай нь юу байна гэдгийг хайж байна. Өөрөөр хэлбэл монгол улсын болоод, гадны улсуудад нүүрлэдэг асуудлуудыг хэрхэн шийдэх, асуудалд зөв гаргалгаа хийх талаар гүнзгийрүүлээд судалгааны ажил, бүтээл хийх төлөвлөгөөтэй байна.