Засаг захиргааны бүтцээ шинэчлэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Засаг захиргааны бүтцээ шинэчлэх ёстой гэв

Ардчилсан нам нь өнгөрсөн оноос эхлэн “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулах болсон билээ. Эл лекцийн үргэлжлэлийг өнөөдөр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Засаг захиргааны хатуу бүсчлэлээс эдийн засгийн чөлөөт бүсчлэл рүү” сэдвийн дор тавилаа.

Монгол Улсын хувьд 1931 онд бий болгосон засаг захиргааны бүтэцтэйгээ өнөөг хүрчээ. Энэ нь хөгжлийн тушаа болж буйг тэрбээр тодотголоо. Тухайлбал, Улаанбаатар хотод өнөөдөр 1.1 сая иргэн амьдрах болж, тэр хэрээр хөдөө нутаг эзгүйрсэн нь энэхүү засаг захиргааны хуучирсан бүсчлэлтэй холбоотой гэнэ. Хөдөө нутаг эзгүйрээд байхад Монголын төр засаг захиргааны бүтэцдээ шинэчлэл хийдэггүй. Тэгсэн хэрнээ төсвийн өч төчнөөн тэрбум төгрөгийг хөдөөд цацдаг. Энэ нь хүндээ хүрдэггүй. Тодорхой жишээ гэвэл хөдөөгийн дунд сургууль 3-5 сурагчтайгаар хичээллэж байхад нийслэлийн дунд сургуулийн нэг ангид 40 гаруй хүүхэд суралцдаг. Хүн амын нягтрал нь хот, хөдөөд ийн ялгаатай байхад хотдоо хөрөнгө оруулалт хийдэггүй. Мөн 21 аймгийн нэг хүнд ногдож байгаа ДНБ, хуримтлал зэрэг ялгаатай байгааг судалгаагаар харуулав.

Баян-Өлгий аймгийн иргэд бол баялаг бүтээдэггүй учраас нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага буюу 563 ам.доллартай тэнцдэг байна. Гэвч нэг хүнд ногдож буй хадгаламж буюу хуримтлал нь бусад аймгуудынхаас хамгийн өндөр. Тэгтэл хамгийн их баялаг үйлдвэрлэдэг Орхон аймгийнхны хувьд нэг хүнд ногдох ДНБ нь 7339 ам.доллар, харин хадгаламж буюу хуримтлал нь маш бага. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр Орхончуудын хувьд үйлдвэрлэсэн баялаг нь гадагшаа урсдаг. Харин Баян-Өлгий аймгийнхны хувьд хэдийгээр баялаг үйлдвэрлэдэггүй боловч иргэд нь хэзээний зах зээлд шилжиж бие даан худалдаа эрхэлдэгтэй холбоотой. Тиймээс тус аймагт хил орчмын худалдаа өндөр хөгжсөн. Нөгөөтэйгүүр, гадагшаа асар их явдагтай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүндээ наалдацтай эдийн засгийн өсөлт бий болгоё гэвэл зах зээлийг нь чөлөөт болгох, аль аймагт ямар үйлдвэрлэл хөгжүүлэх нь иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх вэ гэдгийг нарийн тооцож гарган хөгжлийн концепсыг зураглах нь ирээдүйд хамгийн их өгөөж авчрах болохыг тэрбээр онцолсон юм.

Түүний харж буйгаар Монгол Улсыг зургаан бүслүүрт хуваах шаардлагатай болж байна. Энэ нь цаагуураа эдийн засгийнх нь хувьд хувааж буй үзүүлэлт аж. Тухайлбал, баруун бүс, үүнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд хамаарна. Дээрх аймгуудад мал аж ахуй, уул уурхай хөгжүүлэх боломжтой. Алтайн бүсэд Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудыг хамааруулна. Энд аялал жуулчлал,  мал аж ахуй хөгжүүлэх бололцоотой бол Хангайн бүсэд мөн л аялал жуулчлал мал аж ахуйг хөгжүүлэх. Төвийн бүсэд Төв, Сэлэнгэ, Булган аймгууд хамаарна. Хөдөө аж ахуйгаас гадна газар тариалан хөгжүүлнэ. Говийн бүсэд Дорноговь, Дундговь зэрэг аймгууд хамаарах бөгөөд уул уурхайгаас гадна аж үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой. Зүүн бүсэд мөн аж үйлдвэр, мал аж ахуй хөгжүүлэх боломжтойг “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн шатанд 21 аймгийн иргэдтэй уулзаж, тодорхой судалгаа хийсний үндсэн дээр гаргаж ирсэн болохоо танилцууллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж