Ханшийн эрсдэлийг бууруулах нь шатахуун импортлогчдоос шалтгаалах гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Ханшийн эрсдэлийг бууруулах нь шатахуун импортлогчдоос шалтгаалах гэнэ

Монголбанк шатахуун импорт­логчид болон арилжааны банкуудад вальютын эрсдэлээс хамгаалах талаар өчигдөр тав дахь удаагийн сургалт зохион явууллаа. Үүнд банк, аж ахуй нэгж хоорондын своп болон форвард хэлцлийн талаар Монголбанкны холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьсан. Мөн сургалтад оролцогчдод ээдрээтэй байгаа вальютын зах зээлийн талаар хариулт өгсөн юм. Сургалтад Монголбанкны Вальют, эдийн засгийн газрын захи­рал Ж.Батаа, Төлбөрийн тэнцэл статистикийн хэлтсийн захирал С.Болд нар хүрэлцэн ирсэн байлаа. Анх энэхүү сургалтыг “явуулж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан нь шатахуун импортлогч компаниуд. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ тэдний төлөөллөөс ердөө гуравхан нь ирсэн. Монголбанк 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхэлж своп, форвард хэлцэл хийж эхэлсэн аж. Своп хэлцэл гэдэг нь тухайн өдрийн ханшаар вальют худалдан авч ирээдүйд худалдаалахаар тохиролцсон үнээр нь эргүүлээд борлуулах хоёр талын хэлцлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ямар нэг арилжааны банк  Монголбанкнаас 1350 төгрөгөөр ам.долларыг дараа­гийн долоо хоногт худалдаж авахаар урьдчилан тохиролцсон талуудын хэлцэл гэсэн үг. Мөн форвард хэлцэл гэдэг нь талуудын хэлцлийн дагуу вальютыг өнөөдөр 1350 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийж урдчилан тохиролцох үйл ажиллагаа юм. Эдгээр вальютын худалдааны төрлүүд нь эцсийн дүндээ тухайн компани, арилжааны банкинд вальютын үнийн өөрчлөлтөөс учрах эрсдэлийг бууруулах арга зам. Мөн богино хугацааны төлбөр гүйцэтгэх чадварыг нь хангахад дэмжлэг үзүүлэх чухал гарц гэнэ.  Манай улс шатахууны 100 хувь гадны хараат. Бараа, материал, амьдралын суурь бүтээгдэхүүн хэмээх шатахууныг Монгол Улс ОХУ-аас 98 хувь, Казахстан, БНХАУ зэргээс үлдсэн хоёр хувийг нь  дотоод­доо нийлүүлдэг. Гэтэл өнгөр­сөн оны сүүлээр шатахууны үнэ огцом нэмэгдэж Монголчуудыг сандаргасан. Үү­нийг шатахуун импортлогчид ам.долла­рын төгрөгтэй харьцах ханш нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Тодруулбал, 1300-1480 төгрөгт хүрсэн явдал байлаа. Энэ тоо нефть импортлогч компаниудад хүнд дарамт учруулсан аж. Мөн ОХУ экспортын нефтийн бүтээгдэхүүний үнээ нэмсэн нь “дарин дээр давс” гэгчээр Монголын шатахуун нийлүүлэгчдэд үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд хүргэчээ. Тэд “Монголбанк вальютын үнээ барьж чадаагүйгээс болж бид ард түмэнд шатахууны үнийн дарамт үүсгэхээс өөр аргагүй боллоо” хэмээж байсан. Харин Монголбанк “шатахуун импортлогчид вальютын зах зээл мэддэггүйгээсээ болж үндэслэлгүй шатахууны үнэ хөөрөгдлөө” гэсэн маргаан үүсгээд байв. Чухам энэ үүднээс төв банкнаас шатахуун импортлогчдод ам.долларын үнийн эрсдэлийг хэрхэн даван туулж, үр ашигтай ажиллах талаар хэлсэн нэгэн төрлийн зөвлөмж байлаа.

Гэхдээ “Монголбанк ам.долла­рын төгрөгтэй харьцах ханшийг тогтоо­дог ч зах зээлд дээр гараад ямарч хэрэггүй тоо болж хувирдаг” хэмээн сургалтад оролцогчид онцол­сон. Учир нь шатахуун импор­тологч вальютаар төлбөр тооцоогоо хийдэг бусад компаниуд арил­жааны банкуудаас тухайн мөн­гөн дэвсгэртээ худалдан авдаг. Энэ нь төв банкны тогтоосон хан­шаас хэтэрхий өндөр байдаг нь компаниудын бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр аргагүйд хүргэдэг бай­на. Үүнийг Ж.Батаа захирал тайлбар­лахдаа “Арилжааны банк тухайн харилцагч компани хоёрын зах зээ­лийн харилцан тохиролцлоос ихээ­хэн хамаарна. Манай талаас зохи­цуулалт хийх ямар ч боломж байхгүй” гэсэн.  Мөн компаниуд арил­жааны банкуудад вальют авах талаар хэлцэл хийчихээд дараа нь тохир­сон хугацаандаа очиж авах гэ­хээр “бидэнд одоохондоо тэр хэмжээгээр өгөх мөнгө байхгүй байна” хэмээдэг нь харилцагчид уч­рах нэгэн төрлийн дарамт бол­дог аж. Монголбанкныхны хэлж байсан нэг чухал зүйл нь төгрө­гийн ам.доллартай харьцах ханш чангарвал импортлогчдод хүндрэл­тэй гэнэ. Харин төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангар­вал дотоодын экспортлогчдод ихээ­хэн ашигтай юм. Тэгэхээр үүнд төв банкны зохицуулалт зайлшгүй хэрэг­тэй болж байгаа. 2010 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 13 хувиар буюу нэлээд чан­гарсан. Энэ үед шатахууны үнэ харьцангуй тогтвортой байсан нь төгрөгийн ханш чангарсанаас үүдэлтэй юм байна. Цаа­шид шатахууны үнэ дахин нэмэгдэхгүй гэх баталгаагүй бөгөөд үүнээс урдчилан сэргийлэхийн тулд шатахуун импортлогчид арилжааны банкуудтай урдчилан гэрээ хийх нь үнийн өсөлтөөс сэргийлэх гол арга зам аж.

Уг нь ард түмэндээ үнийн дарамт учруулахгүйн тулд Монголбанкнаас гаргасан вальютын үнээр шатахуун нийлүүлэгчдэд ам.доллар  өгөөд байвал энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй юм. Харамсалтай нь төв банкнаас “бидний бодлого, томъёололд таарах хувилбар” биш хэмээсэн.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж