улсын нийслэл Рио де Жанейро хотод саяхан аймшигт осол болж 20 давхар
байшин нурж 17 хүн амиа алдсан. Энэхүү үйл явдал өнгөрсөн долоо хоногийн
пүрэв гарагт болсон бөгөөд бразильчуудын хувьд “Хар пүрэв гараг” болон
хувирсан. Бразильчууд пүрэв гарагийг “муу өдөр” хэмээн ярьцгаадаг
гэсэн. Тухайн үед Бразиль улсын тусгай хүчнийхний шинжилгээний баг
нурсан байшинд яаралтай шинжилгээ хийж террорист халдлага биш гэдгийг
баталсан. Улмаар аврах багийнхан нурангид дарагдасан хүмүүсийг аврах
ажиллгааг эхлээд дуусах шатандаа ороод буй. Өчигдөр л гэхэд нурсан
байшингийн нуранги дотроос хоёр хүний цогцос олдсон юм. Одоо дахин
долоон хүнийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Ослын шалтгааныг холбогдох
мэргэжилтнүүд байгалийн хийн дэлбэрэлттэй холбон тайлбарлаж байгаа.
Мөн тус байшингийн гуравдугаар давхарт нэгэн ресторан ажилладаг байсан
ба баллонтой хий ихээр ашигладаг байсан талаар Бразиль улсын
цагдаагийнхан онцолжээ.
Бразиль улсад томоохон шуугиан
тарьсан эл үйл явдалтай зэрэгцэн Монголд өөр нэгэн хачирхалтай гэмээр
хэрэг гарсан юм. Дархан-Уул аймгийн арванхоёрдугаар багийн
арвандөрөвдүгээр байрны долоодугаар давхарын нэгэн айлд хийн баллон
дэлбэрсэн юм. Ослын үеэр тухайн орон сууцанд амьдарч байсан гэр бүлийн
гурван хүн хүнд гэмтэж, түлэгдсэн юм. Эдгээр түлэгдсэн хүмүүст яаралтай
тусламж үзүүлж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн
төвд хэвтүүлэн эмчилж буй. Онцгой байдлын албаны аврагчид дэлбэрэлт
болсон байшинд цууралт үүссэн талаар онцолжээ. Мөн цаашид энэхүү байранд
хүн амьдрах нь амь насанд аюултайг анхааруулжээ. Иргэдэд анхааруулга
өгсөн атлаа тус байранд хамгаалалтын бүс тогтоож, нурах аюулаас
хамгаалах зорилготой түр тулгуур хийсэн аж. Уг нь улсын байцаагч нар
“Энэ байранд хүн амьдарч болохгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Одоогоор
тус байрны оршин суугчид аймгийн Засаг даргын тамгын газарт хүсэлт
гаргаж, нийтийн байр гаргуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж
буйгаар ихэнхи оршин суугчид ах дүү, хамаатан садангийндаа амьдарч
байгаа аж. Иргэдийн хэлж буйгаар “Бид их цочирдсон. Яаж нийтийн байранд
амьдрах билээ. Бас ах дүү нарыгаа хүндрүүлээд баймааргүй байна. Байр
түрээслэх зар уг нь хаа сайгүй л байна. Гэхдээ зардал мөнгийг аймгаас
шийдвэрлэх арга байна уу ” хэмээн Засаг дарга Г.Эрдэнэбатад хандсан
байна. Үнэн хэрэгтээ дээрх дэлбэрэлтийг “Дашваанжил” ХХК болон хийн
баллон ашигласан айлын алиных нь буруутайг нотлоогүй, батлаагүй хэвээр
байгаа.
Тэгвэл Бразиль улсад байгалийн хий дэлбэрч, 20 давхар
байшин нурж, өчнөөн арван хүн гэр оронгүй болсон даруй Засгийн газар нь
анхааралд авч, түр орогнох байшин гарган өгч, улсын төсвөөс өрх бүрт
хаус олгосон талаар Бразилийн “RioNews” агентлаг мэдээлсэн байна. Амь
үрэгдсэн 17 хүний гэр бүлийнхэнд сэтгэл санааны хохиролд нь зориулж тус
бүрт нь хоёр сая ам.доллар өгсөн гэсэн. Хамгийн хачирхалтай нь ослын
шалтгааныг одоо ч тодруулаагүй байгаа. Хий дэлбэрсэн гэж үзэж байгаа ч
эхний ээлжинд иргэддээ онцгой анхаарал тавьж буй нь юутай сайхан.
Харин
манайд Дархан-Уул аймагт болсон ослоос болж гурван хүн Түлэнхийн төвд
эмчлүүлж байхад, Засгийн газрын зарим шинэ сайд баяраа тэмдэглэж байх
жишээтэй. Тэднийг буруутгах гэсэнгүй. Гол нь гэр оронгүй болсон иргэдэд
тус аймгийн Засаг дарга одоо болтол ямар ч “онцгой” анхаарал тавьж,
халамжлахгүй байна.
Жишээ нь Бразиль улсын хөлбөмбөгийн шигшээ
багийн зарим гишүүд болон одууд нийлж байгаад 20 давхар нурсан
байшингийн хохирогчдод зориулж хандивийн данс нээсэн байна. Тэд энэ
дансанд эхний ээлжинд 20 сая бразиль реалийг хандивлажээ. Манай урлагийн
одууд нийлж байгаад гэр оронгүй болсон Дархан-Уул аймгийн иргэдэд
Бразиль улсын одод шиг хандивийн данс нээх боломж байхгүй л байх даа…
"Улс төрийн тойм" сонин