-Замын цагдаа нар зөрчил гаргасан 500 жолоочийн эрхийг хасвал байр өгч урамшуулж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Манай ажилчдын талаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгэр хүмүүст монгол гэр өгч чадахгүй байгаа байгууллага байр авч өгч чадахгүй шүү дээ. Тийм болохоор энэ мэдээлэл ташаа байна. Замын цагдаагийн газар бол төсвийн байгууллага.
-Цагдаа нар жолооч нарын эрхийг ихээр хасах болсон. Ямар тохиолдолд эрхийг нь хасч байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгсэл өмнөх жилүүдтэй харьцуулбал 2.4 дахин нэмэгдсэн. Авто машин ихэссэнтэй холбогдон зам тээврийн осол аваар, дүрэм зөрчих явдал олширч байна. Жилд 320 хүн зам тээврийн ослоор нас бардаг байсан бол энэ жил 362 хүн амь эрсдлээ. Тиймээс бид урсгал сөрөх, улаан гэрлээр гарах, зам тээврийн осол гарган дүрэм зөрчсөн жолооч нарын эрхийг нь шууд хасч байгаа. Харин зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ тавих ба дүрэм, тэмдэгтийг зөрчсөн тохиолдолд эхний удаа сануулга маягаар торгоно. Дараагийн удаа бол шууд эрхийг нь хасах юм.
-Хэчнээн хүний тээврийн хэрэгсэл барих эрхийг хасаад байна вэ?
-Зам тээврийн осол болон дүрэм зөрчсөн 698 жолоочийг Захиргааны хуулийн 25.5-д зааснаар зургаан сараас хоёр жил хүртэл хугацаанд эрхийг нь хасаад байна. Энэ дашрамд хэлэхэд хяналтын камераас гадна замын хөдөлгөөн зохицуулагч цагдаа нар энгэрийн камер, машины камертай болсон төдийгүй далд хяналт ба энгийн машинтай дүрэмт хувцасгүй цагдаа нар зам тээврийн хөдөлгөөнийг давхар хянаж байгаа.Мөн Замын цагдаагийн газар мэдээллийн сантай болсон. Энэ нь торгуулсан жолоочийн мэдээлэл мэдээллийн санд орж дахин дүрэм зөрчсөн тохиолдолд өмнөхтэй нь хавсаргаж эрхийг нь хасна. Мөн тун удахгүй жолооны үнэмлэхийг уншдаг машинтай болно. Уг машин нь жолооны үнэмлэхний хүчинтэй, хүчингүй хугацааг шалгахаас гадна тус жолоочийн мэдээллийг мэдэж болох юм.
-Энэхүү машиныг яг хэзээ ашиглаж эхлэх вэ?
-Полисрейдер буюу жолооны үнэмлэх уншигчийг энэ оны эхний улиралд багтаан ашиглаж эхэлнэ.
"Улс төрийн тойм" сонин