Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр буюу өчигдөр АНУ-ын Конгрессын номын санд уулзалт болж, тус номын сангийн Азийн хэсэгт хадгалагдаж байгаа Монголын түүхэнд холбогдох баримт материал, ном, сэтгүүлийн үзэсгэлэн гарав. Энэ арга хэмжээг АНУ-ын Төрийн департаментын Соёл болон олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга хатагтай Энн Сток нээн хэлсэн үгэндээ Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон нь зөвхөн албан ёсны харилцааны эхлэл биш ардчиллын төлөөх үнэнч нөхөрлөлийн эхлэл байсан гэдгийг онцлоод харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, ялангуяа соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны явцад сэтгэл хангалуун явдагаа илэрхийлж, Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтоны мэндчилгээг уламжлав. Үүний дараа Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Эдлтон нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг дүгнэн үг хэлцгээв. Элчин сайд Х.Бэхбат хэлсэн үгэндээ манай хоёр улс багагүй саад бэрхшээлийг даван байж албан ёсны харилцаа тогтоосныг жишээ татан онцолж, өөрийн ажиглалтаас хуваалцахын зэрэгцээ энэ өнгөрсөн богино хугацаанд хамтын ажиллагаа төсөөлөшгүй их амжилтад хүрснийг тэмдэглэв. Элчин сайд Ж.Эдлтон хоёр орны 25 жилийн дипломат харилцааны түүхийг архивын баримтад тулгуурлан өгүүлсэн “Хамгийн чухал хүчин зүйл: АНУ-Монгол Улсын харилцаа, 1987-2012” номоо бичиж дуусаад хэвлэлтэд шилжүүлснээ мэдэгдэхийн хамт албан ёсны харилцаа тогтоогоод 25 жил болж буй хэдий ч америк, монголын иргэд хоорондын харилцааны эхлэл тэртээ 150 жилийн өмнөөс тавигдаж байсныг жишээ татан онцлов. Тэрбээр тэр үеийн Монголын хилээр орж ирж байсан америк иргэдийн талаарх баримтаас дурдан Хятадаас Орос руу Монголоор дамжин өнгөрч байсан америк иргэнд Ар Монголын талаас олгож байсан зөвшөөрлийн бичгийн хуулбарыг Конгрессын номын санд дурсгав.
АНУ дахь “Mongolia Society” нийгэмлэгийн Ерөнхийлөгч, монгол судлаач др.А.Кэмпи 1986 онд эрдмийн зэрэг горилон бүтээсэн “1915-1927 оны АНУ, Гадаад Монгол хоорондын улс төрийн харилцааны тухай” нэгэн сэдэвт судалгааны номоо манай Үндэсний номын санд бэлэглэж буйгаа мэдэгдэн Элчин сайд Х.Бэхбатад гардуулан өглөө. Уг арга хэмжээнд АНУ-ын Төрийн департамент, зарим төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид, АНУ-аас Монгол Улсад ажиллаж байсан зарим дипломат ажилтан, Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд, монгол иргэдийн төлөөлөл оролцов гэж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчийн сайдын яамнаас мэдээллээ.