Нэг секундын реклам цацах үнэ 167 мянган доллар

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Нэг секундын реклам цацах үнэ 167 мянган доллар

Америк хөл бөмбөгийн аварга шалгаруулах Super Bowl тэмцээнийг шууд дамжуулах үеэр цацагдах ТВ-ийн 30 секундын рекламны үнэ 3,5 сая доллараар тогтоогдлоо. Энэ нь нэг секундын сурталчилгаа реклам цацагчид 167 мянган долларын өртөгтэй тусна гэсэн үг.

Өнгөрсөн онтой харьцуулахад 30 секундын рекламны үнэ 500 мянган доллараар өсчээ. Тоглолтын үеэр нийтдээ 70 реклам цацахаар төлөвлөж байна. Тэнгэрт тулсан энэ үнийг үл харгалзан Super Bowl-ын бүх рекламын цаг өнгөрсөн оны 11 сар гэхэд зарагдаж дууссан юм. АНУ-ын спортын ертөнцийн хамгийн том үйл явдалд тооцогдох энэ тэмцээнийг 2012 оны 2 сарын 5-нд NBC телесуваг шууд дамжуулна.

Жил бүр Super Bowl цэнхэр дэлгэцийн өмнө 100 сая гаруй америкчуудыг цуглуулдаг юм. Энэ үйл явдалд зориулж томоохон компаниуд тусгайлан реклам бэлдэх нь түгээмэл байдаг. Ингэхдээ зарим нь шинэ рекламаа нууцалдаг байхад, зарим нь нийгмийн сүлжээ зэрэг сувгуудаар сурталчилдаг байна.

Тухайлбал, Coca-Cola өөрийн цагаан баавгайнууддаа анхаарал хандуулах компанит ажлаа эхэлсэн бол Volkswagen “Оддын дайн” киноны “Эзэнт гүрний марш” дуулах нохдоо жагсаагаад байна.

Эх сурвалж: The Drum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж