Б.Энэбиш: Парламент нэрлэсэн үнэ тогтоодоггүйг Зөвлөхүүд хатуу хэлж байгаа

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Б.Энэбиш: Парламент нэрлэсэн үнэ тогтоодоггүйг Зөвлөхүүд хатуу хэлж байгаа

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд өөрчлөх оруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг тогтоолын төслийг танилцуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тайлбарласнаар, 39 дүгээр тогтоолд зарим нэг өөрчлөлт оруулахаар уг тогтоолын төсөлд тусгасан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгохыг 20 хүртэлх хувь болгон нэмэгдүүлэх, мөн аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарах 10 хувийг хүчингүй болгохгүй байхаар тусгасан гэнэ.

Тогтоолын төслийг санаачлагч Батж.Батбаяр гишүүний хэлснээр, 180 градус өөрчлөгдөж, үндсэн агуулгаа хадгалж чадахгүй болсон тогтоолын төсөл дээр ярих зүйл их байгаа гэв. Тэрбээр “Иргэдэд 20 хувийг үнэ төлбөргүй өгнө гэвэл 1 сая төгрөгөө 1072 ширхэг хувьцаандаа хуваагаад нэгж хувьцааны нэрлэсэн үнийг УИХ тогтоочихож байгаа юм. УИХ компанийн хувьцааны нэрлэсэн үнэ тогтоодог болчихсон юм уу, УИХ-аас тогтоол гаргаад нэрлэсэн үнээр өгнө гэхээр хууль зөрчиж байна. Нэрлэсэн үнийг хөрөнгийн бирж дээр зах зээлийн зарчмаар тогтоодог” гэв. Харин ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Тогтоолын төсөл дээр хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон ямар нэг үг өгүүлбэр байхгүй. Иргэдэд 20 хүртэлх хувийг үнэгүй эзэмшүүлж, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 1,5 сая төгрөгийг өгөх ажлын хүрээнд шийдвэрлэхийг Засгийн газарт даалгаж байгаа” хэмээн тайлбарлав. АН-ын гишүүд энэхүү тогтоолын төсөл дээр завсарлага авснаар хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбишээс зарим зүйлийг тодруулсан юм.

УИХ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар хэлэлцэж байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх ажилд яаж нөлөөлж байна вэ?

Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-аас 2010 оны долдугаар сард 39 дүгээр тогтоолоор шийдэж өгсөн. Түүний дагуу ажил явж байна. Одоо УИХ 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Аж ахуйн нэгжид өгнө гэж өмнө нь шийдсэн байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг иргэддээ өгье гэж ярьж байна. Шийдвэрийн хувьд УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Төрийн өмчит компанийн асуудлаар шийдвэр гаргах дээд байгууллага бол УИХ. Аж ахуйн нэгжид өгөх байсныгаа иргэддээ нэмж өгөөд, дараа нь иргэдээс худалдаж аваад, дахиад аж ахуйн нэгждээ худалдах уу гэдэг дээр шийдвэр гаргах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Энд харин нэг асуудал байгаа юм. Нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж аваад, нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжид худалдаална гэсэн зүйл яваад байгаа. 2012 оны Төсвийн тухай хуулийг өнгөрсөн онд баталсантай холбоотойгоор УИХ-аас нэг тогтоол гаргасан. Тэр тогтоол дээр нэг сая төгрөгтэй дүйцүүлээд нэрлэсэн үнийг тогтоохоор оруулсан байсан. Хэрвээ ингэж явах юм бол УИХ компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоодог байгууллага болж хувирна. Энэ бол зарчмын хувьд буруу гэж бодож байна. Харин өмчлөгчийн хувьд хувьцааг хэнд олгохоо шийдэх нь УИХ-ын бүрэн эрх.

Нэрлэсэн үнэ гэдгийг шууд нэг сая төгрөгтэй дүйцүүлээд бодвол зах зээлийн зарчим, хөрөнгийн биржийн шаардлагуудтай нийцэхгүй болно. Бид олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаална гээ төлөвлөөд ажиллаж байгаа. Энэ ажилд их хүндрэл учруулна. Энэ асуудлуудыг цэгцэлж байж IPO хийх хэрэгтэй болно. Тийм учраас нэрлэсэн үнэ гэдэг томьёоллыг маш болгоомжтой хэрэглэх ёстой гэж бодож байна. Засгийн газар иргэдээс худалдаж авах үнэ, эсвэл аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ гэж томьёолбол зүйтэй болов уу. Хоёрдугаарт олон улсын биржүүд дээр тодорхой шаардлагууд байдаг. Тухайлбал Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлэхээс 6 сарын өмнө, эсвэл хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаална гэж өргөдлөө өгөхөөс 4 долоо хоногийн өмнө компанийн хувьцаатай холбоотой ямар нэг хөдөлгөөн хийхгүй байх ёстой дүрэм байдаг. Гэтэл энд 10 хувиа иргэддээ өгөөд, Засгийн газар худалдаж аваад, ААН-үүддээ зарна гээд маш их хөдөлгөөн хийгдэж байгаа нь дүрэм журамд нийцэхгүй болооп байгаа юм. Тийм учраас цаг хугацааны хувьд хүндрэлтэй байж магадгүй байна.

Энэ тал дээр зөвлөх банкууд ямар байр суурьтай байгаа вэ?

Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд, зөвлөх компаниуд нэрлэсэн үнэ гэдэг энэ нэр томьёог парламент тогтоодоггүй юм гэж шууд хэлж байгаа. Нэрлэсэн үнэ гэдэг нь ямар ч компанид маш багаар тогтоогдож, компанийнхаа бүртгэлд бүртгэгдээд зах зээлийн зарчмаар буюу тухайн компани ямар ашиг олох вэ, ямар ирээдүйтэй байна гэдгийг тооцож байж хэдэн 10, 100 дахин өсч болдог. Монголын, олон улсын бүх компаниуд ийм л зарчмаар явдаг. Улстөрийн амлалттай холбогдуулан нэг сая төгрөгтэй дүйцүүлээд нэрлэсэн үнийг тогтоох бол буруу.

УИХ-ын чуулганаар энэ асуудлыг шийдвэрлэвэл IPO гаргах асуудал хэр хойшлогдох вэ?

Сонгуулиас өмнө буюу 2012 оны тавдугаар сард багтаж IPO гаргана гэж үндсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Түрүүнд хэлсэн компанийн хувьцааны эзэмшилд нь өөрчлөлт ороод байх юм бол цаг хугацааны хувьд хүндрэлтэй болно. Хэрвээ амжуулъя гэвэл яг энэ хөдөлгөөнд нийцсэн хэрнээ олон улсын биржүүдийн шаардлагад нийцсэн хувилбараар IPO хийхэд хүрнэ. Ер нь бол цаг хугацааны хувьд хүндрэлтэй байгаа.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж