Шинэ оны дараахан буюу нэгдүгээр сарын 6-нд нефть импортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөж, үүнээс үүдэн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн юм. Нефть импортлогчдын хувьд “Валютын ханш тогтмол чангарч байснаас алдагдал их хэмжээгээр хүлээсэн тул аргагүйн эрхэнд нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүйд хүрсэн” гэсэн тайлбар хийж буй. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдан Монголбанкинд ажиллаад “Төв банкны хувьд валютын ханшийг тогтвортой байлгахын тулд интерверенц хийсэн ч тэр нь дорвитой арга хэмжээ болоогүй. Түүнийг нь нефть импортлогч компаниуд ашиглаж, бүтээгдэхүүнийхээ үнийг валютын ханшийн нэмэгдлээс илүүтэйгээр өсгөсөн” гэж дүгнэсэн. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж бүтээгдэхүүнийхээ үнийг хэт өндөр нэмсэн нь тогтоогдсон тул хуулийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж, 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос энэ бүхнийг бодитой эсэхийг тодруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, мөн цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах байсан ч одоо хэр нь эцэслээгүй байна.
Үнийн өсөлттэй холбоотой дүгнэлт гараагүй байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох байсан ч хойшлууллаа. Энэ нь тус Ажлын хэсэг нь дүгнэлтээ гаргаагүйтэй холбоотой юм.
Г.Дарь