Шилдэг номинацийн төлөө 44 цэцэрлэг үйл ажиллагаагаараа өрсөлдөж Багшийн хөгжлийг дэмжигч шилдэг цэцэрлэгээр “Басархан”, хүүхдэд ээлтэй орчныг дэмжигч шилдэг цэцэрлэгээр “Том жаал-Баян Монгол”, хүүхдийн авьяасыг дэмжигч шилдэг цэцэрлэгээр “Олуулаа”, Шинэлэг арга зүйг дэмжигч шилдэг цэцэрлэгээр “Ягаан цамхаг”, эрүүл хооллолтыг дэмжигч цэцэрлэгээр “Цахиур чулууныхан”, эрүүл мэндийг дэмжич шилдэг цэцэрлэгээр “Бөмбөөлэй”, боловсролын арга зүйч шилдэг цэцэрлэгээр “Эрдмийн цацраг”, эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжигч шилдэг цэцэрлэгээр “Одод”, гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжигч цэцэрлэгээр “Цэлмэгхэн” цэцэрлэг тус тус шалгарсан байна.
Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд олноор нээгдсэнээр сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд шинэ өнгө аяс нэмсэн гэж үздэг. Ингэснээр бага насны хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаа, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих чиглэлээр хийж байгаа олон ажилд ахиц гарсаныг мэргэжилтнүүд дүгнэжээ.
Хувийн цэцэрлэгүүд бий болсноор хүрэлцээ багатай улсын цэцэрлэгүүдийн ачааллыг хуваалцаж багш, хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, оюуны чадавхи, ангийн онцлогт тохируулан ажиллах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчидтай ойр дотно хамтран ажиллах боломж түлхүү нээгдсэн байна. Бага насны хүүхдийн боловсролд эцэг эх, олон нийтийн оролцоо чухал тул хүүхэд бие даан суралцаж хөгжих таатай нөхцөл бүрдүүлэхэд бага насны хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хамтран ажиллаж, хүүхэд төвт сургалтыг түгээн дэлгэрүүлэх нь чухал гэж Нийслэлийн хүүхдийн төлөө газрынхан үзэж байгаа юм байна.