Чин ван Ханддоржийн нийгэмлэгээс өргөн мэдүүлснээр Монгол Улсын Дээд шүүх нь Эрдэнэ дайчин хошой чин ван, хан Ханддоржийн хүү Булган уулын хувилгаан, Хошой чин ван Жамбалдоржийн улс төрийн хэлмэгдлийг авч хэлэлцээд энэ сарын 25-ны өдөр цагаатгасан байна. Энэхүү үйл явдал нь түүний мэндэлсний 100 жилийн ойн босгон дээр болжээ.
Х.Жамбалдоржийг 1908 онд Далай ламыг вангийн хүрээнд айлчлахад нь сүнтэг шүүлгэн хувилгаанаар тодруулж байсан бөгөөд 1915 онд түүний эцэг Чин ван Ханддоржийг учир битүүлгээр таалал төгссөний дараа 16 настайд нь VIII Богдод өргөх бичиг өргөн барьсны дагуу Хошуу ноён, хошой чин ван цол хэргэмийг залгамжлуулан олгожээ.
Хожим Ардын засгийн газраас энэ цол хэргэмийг нь халж, улмаар 1931 онд 31 настайд нь улс төрийн хилс хэргээр цаазалсан аж. Одоо харин нэр төрийг нь сэргээх үйл ажиллагаа зохион байгуулахаар Ханд вангийн нийгэмлэгийнхэн ажиллаж буй юм байна.
Г.Дарь