Г.Гансүх: Иргэд 14 хоногийн дотор газраа чөлөөлөх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Г.Гансүх: Иргэд 14 хоногийн дотор газраа чөлөөлөх ёстой

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хү­рээнд гэр хорооллыг орон сууц­жуу­лах ажлыг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд орон сууцны долоодугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар сурвал­жиллаа. Газар чөлөөлөх ажилд иргэд хэрхэн хандаж байгаа талаар Сүх­баатар дүүргийн есдүгээр хороо­ны 19 дүгээр гудамжинд оршин суугч Ч.Колятай ярилцлаа.  

-Танай нэг хашаанд хэдэн өрх амьдардаг вэ. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хэрэгжилтэд хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Манайд хоёр өрхийн долоон ам бүл амьдардаг. Бид энэ төслийг дэмжиж байгаа. Орон сууцанд амьд­рах нь сайхан байлгүй яах вэ. Хам­гийн гол нь орон сууцны үнэ хэт өндөр байна. Мэдээж нэг өрөө байранд долуулаа амьдарна гэдэг хэцүү. Хоёр өрөө байранд оръё гэхээр мөнгө хүрэхгүй юм. Манай газар болон байшинг 45 саяар үнэлж, бид газар чөлөөлөх гэрээгээ хийсэн. Тэгэхээр мөнгөндөө тааруулаад хотын зах руу буюу таван шард шинэ байрны захиалга өгөн хүлээж байна. Хотын төвөөс хотын зах руу нүүх нь харамсалтай л юм. Одоохондоо бидний нүүж орох байр маань ашиглалтад ороогүй байхад бид хаачих билээ. Он гарсны дараахан “Шуурхай алба” гэсэн бичигтэй хувцас өмссөн залуучууд манай хашааг нурааж эхэлсэн. Төрийн албаны гүйцэтгэгч албаныхан гэсэн. Ядаж өмнө нь сануулга ч өгөөгүй шүү дээ. Үнэхээр төрийн хүмүүс мөн, бишийг бид мэдэхгүй. Бичиг баримтыг нь үзээгүй. Онгорхой хашаанд л  амьдарч байна

-Та нар гэрээ хийгээд мөнгөө авсан уу, эсвэл шинээр барих байранд орох бодолтой байна уу?

-Бид 45 сая төгрөг авсан. Энэ мөн­гөө таван шард барьж байгаа байр­ны урьдчилгаанд өгсөн. Ирэх дөрөвдүгээр сард нүүж орно. Төсөлд хамруулж байгаа айлуудад “Голден парк”, “Хаан суудал” зэрэг хорооллын байранд орох санал тавьж байсан. Гэхдээ үнийн зөрүү нь их гарах юм билээ. Тэгэхээр бид хэзээ тэр зөрүүг нь төлж дуусах вэ гэж бодоод татгалзсан юм.  Тэгээд ч сүүлд нь сонсоод байхад тэр байрууд нь их хүйтэн гэсэн.

Ийнхүү ярилцаж суутал эдний хашаанд хамт амьдардаг гэх Э.Золжаргал гэдэг залуу бидэнтэй санал бодлоо хуваалцсан юм.

-Танай ойр орчмын айлуудын хүмүүс энэ талаар ямар саналтай байгаа вэ?

-Манай хойд талын айлын газрыг 20 гаруй сая төгрөгөөр үнэлсэн байсан. Тэд газраа чөлөөлөөд байр авахад мөнгө нь хүрэхгүй гээд дахин өөр хороололд хашаа байшин авсан сурагтай байна. Энэ байдлаараа гэр хорооллыг барилгажуулна гэдэг үнэхээр бодитой үгүй нь тодорхойгүй санагдах юм. Газрын үнэлгээ арай бага юм биш үү. Нэг шоо метр нь 100 мянган төгрөг гэж байгаа. Жишээлбэл, 0.3 га газарт найман ам бүлтэй айл амьдарч байлаа. Нэг шоо метр газрыг 100 мянган төгрөгөөр, байшинг нь хоёр саяар үнэлжээ. Тэгвэл 32 сая төгрөг болно. Энэ мөнгө нь нэг өрөө байранд ч хүрэхгүй. Тэгэхээр яах вэ, өөр газар очоод өнөөх нүүрсээ түлээд л амьдарна. Ингэхээр гэр хороолол дундарч, утаа багасах уу гэдгийг бодох хэрэгтэй.

-Таны бодлоор ямар аргаар энэ асуудлыг шийдвэр­лэх боломжтой юм бол?

-Үнэлгээг нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэл­бэл, орон сууцны зах зээлийн үнэл­гээтэй дүйцэх хэм­жээнд бай­вал арай бодитой хэрэг­жих болов уу гэж бодож байна. Нэмж хэлэхэд, Мэр­гэж­лийн хяналтын газрынхан орон сууцны талбайг цэвэр тогтоох хэрэгтэй байна. Галт тогооны өрөө, жорлонгийн өрөөний хананы зузааныг, дам нурууг бүгдийг нь талбайн хэмжээнд тооцож оруулаад байх юм. Тэгээд хүмүүс нүүгээд орохын цагт байр нь маш жижигхэн, талбай багатай байдаг.

-Сүүлийн үед хувийн компаниуд танай энэ хавийн айлуудад ашиг­тай санал тавих боллоо гэж сонс­сон. Энэ талаар?

-Бид лав тийм яриа дуулаагүй юм байна. Өөр айлуудаар орсон юм байлгүй.


Ийнхүү иргэдийн санаа бодлыг сон­соод энэ талаар тодруулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гэр хорооллын орон сууц­жуулах төслийн Хуулийн зөвлөх Г.Гансүхтэй уулзлаа.

   
-Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажлын явц ямар байна вэ?

-Сүхбаатар дүүргийн 9-12 ду­гаар хороодны нутаг дэвсгэрийг хам­ран “Ногоон нуур”, “Зуун айл”, “Цагдаагийн гудамж” орчим, хойд талаараа үерийн далан, зүүн талаараа Сэлбийн голын дагуух гэр хорооллыг орон сууцны хороолол болгох юм. Бид эхний ээлжинд орон сууц барих талбайд суурьшиж буй айл өрхийн дунд судалгаа явуулсан. Шинээр барих инженерийн шугам сүлжээний трасст орж байгаа айлын газар дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргаж, нөхөн олговортойгоор нүүлгэн шил­жүүлэх, газар чөлөөлөх талаар харил­цан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийгээд байна. Одоогийн байдлаар гэрээ хийсэн 201 айлаас гурав, дөрвөн айл газраа чөлөөлөөгүй үлдсэн байгаа.

-Нэг өмчлөлтэй хашаанд олон айл өрх зэрэгцэн амьдардаг тохиол­долд ямар  зохицуулалт хийх вэ?

-Өрх тус бүрт байр олгох боломж­гүй. Тиймээс тухайн өмчийн жинхэнэ эзэнд нь байр өгөх, эсвэл үнэлгээний дагуу нөхөн олговорыг олгох болно.

-Хувийн компаниуд “Ногоон нуур” орчмын айлуудын газрыг авахаар эздэд нь ашигтай санал тавьж явна гэсэн мэдээлэл ирсэн үү?

-Үгүй. Ийм яриа сонсоогүй юм байна. Бид Үл хөдлөх хөрөнгийн газартай зөвшилцөөд тухайн газ­руу­дад тодорхой хугацаагаар үл хөдлөх хөрөнгийн шинэ гэрчилгээг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байгаа. Компани тэр газрыг авлаа гээд ямар ч ашиг байхгүй. Хэрэв хувийн компани иргэдээс газрыг нь худалдаж авлаа гэхэд Төрийн санал болгосон үнээс илүү үнэ хэлэхгүй нь тодорхой.

-Түр суурьшуулах 300 айлын орон сууц хэзээ  ашиглалтад орох вэ?

-Нийслэлийн Засаг даргын 2010 оны 676 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэгт барьж байгаа түр суурьшуулах орон сууцны барилга угсралтын ажлыг 90 хувь, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийг 100 хувь хийж дууссан. Өөрөөр хэлбэл, энэ хавар ашиглалтад орно. Иймээс энэ хавар айлуудыг нүүлгэн шилжүүлж, үндсэн барилгын ажил эхлэх юм.

-Гэрээ хийгээд, мөнгөө авсан есдүгээр хорооны нэгэн өрх нүүх гэхээр шинэ байр нь ашиглалтад ороогүй байгаа гэнэ. Тэд түр суурьшуулах орон сууцанд орж болох уу?

-Боломжгүй. Учир нь гэрээнд хасалт хийлгэж, нотариатаар баталгаажуулсан бол гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор газрыг чөлөөлөх ёстой гэдгийг  тусгасан байгаа. Энэ айлын хувьд яаралтай газраа чөлөөлөх үүрэгтэй. Цаад барилга нь ашиглалтад орох эсэх нь манайд хамааралгүй учир бид ямар нэг хариуцлага хүлээх учиргүй. Харин ч газраа чөлөөлөхгүй байгаа энэ айл гэрээ хийж байх үедээ “Бид ямар нэгэн чирэгдэл учруулахгүй. Газраа хурдхан чөлөөлөөд өгнө” гэж байсан. Гэтэл одоо газраа чөлөөлөх нь бүү хэл хашаа, бай­шингаа бусдад түрээслүүлэн ашиг олж амьдарч байгаа шүү дээ. Иймэрхүү айлаас болж ажил удааширна, цаг алдана. Долоодугаар хорооллыг хурдан барих тусмаа 100 айл орчмын утаа униар татарна, хөрсний бохирдол ч багасах учиртай.

Я.Хулан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж