Тавантолгойн асуудлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлыг хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ц.Баярсайхан нар “УИХ-аас анх Тавантолгойн тогтоолыг батлахдаа ард иргэдэд 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхийн зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгжид 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалахаар зааж өгсөн. Мөн 30 хувийн хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаална гэсэн. Гэтэл одоо хэлэлцэж байгаа асуудал нь 180 градус эргэчихээд байна. Тийм учраас асуудлыг дахин УИХ дахь намын бүлгүүд дээр нягтлан ярилцах ёстой” гэсэн юм. Харин хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг дээр ажилласан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Анхныхаасаа 180 градус эргэсэн зүйл байхгүй. Ард иргэддээ анх 536 ширхэг хувьцаа олгохоор заасан байсан. Түүн  дээрээ нэмж 10 хувийн хувьцаа нэмж олгоё гэсэн, гэхдээ сонголттой. Мөн үндэсний аж ахуйн нэгждээ хувьцаа худалдан авах боломжоор хангахаар заалт оруулсан” гэсэн тайлбар хийсэн юм. Түүнчлэн хоёр намын хувьд ард иргэддээ 2008 оны сонгуулиар амласан амлалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсгийн төвшинд төслийг боловсруулсан гэдэг тайлбар дагууллаа. Тухайн үед Ардчилсан нам ард иргэддээ нэг сая төгрөгтэй дүйх хувьцааг олгоно гэсэн бол МАН-ынхан 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө олгоно гэж амласан. Тийм учраас эдгээрийг нэгтгээд 1.5 сая төгрөгт багтаан хувьцаа болон бэлэн мөнгө хэлбэрээр өгөхөөр зорьж буй гэнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэг сая төгрөгөө авах боломжтой хувьцааны оронд. Нийт 335 мянган иргэнд олгох нэг сая төгрөгийн бэлэн мөнгийг улсын төсөвт суулгасан. Оюутнуудын хувьд мөн хоёр жил дараалан сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгийг тус бүр авсан. Дээр нь дээрх иргэд 2010 оноос эхлэн хувь хишгийг бэлэн мөнгө хэлбэрээр хүртсэн, улмаар 2011 оноос сар тутам 21 мянган төгрөгөөр хувь хишгээ хүртсээр ирэх зургадугаар сард 500 мянгад хүрэх  тул нэг сая төгрөгтэй дүйх хувьцаа авах тухай ойлголт байхгүй. Харин үлдэж байгаа 2.4 сая орчим иргэний хувьд нэг сая төгрөгөө мөнгөөр нь авах эсвэл хувьцаагаар авах боломжтой гэж тайлбарласан юм.

Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санал болгосны дагуу эл асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулж бүлгээр хэлэлцэхээр болж шийдвэрлэсэн юм. Одоо тус байнгын хороогоор Газрын тухай багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж