Уг нь тэр олон найзтай. Өвөр түрийндээ орж өссөнөөс эхлээд замын, завсрын, заяаны анд мундахгүй. Ёстой л “Надад улаан, цагаан хоёулаа бий” гэдэг шиг нам, намд найзтай хүн дээ. Гэвч эгзэгтэй үед тэд зөвхөн найз хэвээрээ үлдэж, их хариуцлагын өмнө тэр ганцаараа үлдэнэ. Хамгийн сайн нөхрийнх нь аминчилж хэлсэн сэтгэлийн үг зүгээр л зөвлөгөө, үзэл бодол төдийхөн болж, эцсийн хариуцлагыг ганцаархнаа үүрнэ. Энэ бол эрх мэдэлтэн бүхний эдэлдэг зовлон юм. Олон түмнийхээ дунд ганцаардаж байж, тэр хүнд хэцүүг хүлээн зөвшөөрч, эдэлж чадсан хүн л лидер болдог аж.
Энэ талаар Маргарет Тетчер, Тони Блэйр, Жорж Буш нарын түүх намтарт нуруу хүйт даатал дүрслэн өгүүлсэн байдаг.
Хэдэн мянган хүнтэй том танхимд шийдвэр гаргах эрх бүхий суудалд тухалсан, хамгийн их эрх мэдэлтэй тэр лидер л орчлонд цор ганцаархнаа үлдсэн мэт санагддаг гэх нь төсөөлөхөд амаргүй хэдий ч туулсан зовлон нэгтнүүдийн хувьд туйлын үнэн тэр гэнэм. Жишээ нь Ж.Буш Иракийг бөмбөгдөх тухай шийдвэр гаргасан тэр шөнийг амьдралынхаа хамгийн хэцүү шөнө байсан хэмээн дурссан байдаг. Үүний нэгэн адил Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраа шинээр бүрдүүлэх тэр агшинд яг ийм ганцаардлыг эдэлж, шийдвэр гаргах гэж чамгүй зовсон нь лавтай.
Уг нь тэрбээр Ерөнхийлөгчийг мэргэн цэцэн үгээр зэвсэглэн “тулган шаардах”-аас нь хавьгүй эрт Тэргүүн шадар сайд болон зарим дэд сайдын суудлыг “delete” хийхээр зэхэж байсан юм билээ. Энэ тухайгаа мөнөөх л дотны хүмүүстэйгээ зөвлөсөн боловч эцсийн шийдвэрийг өөрөө л гаргаж, хариуцлагаа хар толгойгоороо үүрэх нь мэдээж. Хамтарсан Засгийн газарт үүргээ биелүүлсэн тэдгээр суудлыг танах шийдвэрээ гаргахын тулд намын Удирдах зөвлөл, УИХ дахь Ардын намын бүлэг, сайдад горилогчдын зүгээс маш хүчтэй дайралттай тулгарсан гэдгийг ойр дотнынхон нь ярилцах болж. Намын дарга намынхантайгаа “тулаад” ч яах билээ. Тэр тусмаа сонгуулийн өмнө өөртөө “дайсан” бэлтгэх хэрэг юун. Нөгөөтэйгүүр Төрийн тэргүүнтэй тэрсэлдэж, тас зөрөх аргагүй. Ингээд удтал дэнсэлж үзсэний эцэст Ерөнхийлөгчийн санал, зөвлөмжөөс нэгийг нь, намынхаа “тэргүүнүүд”-ийн даалгаврын нэгээс бусдыг нь хүлээн авч, одоохондоо иргэдийн “нүд дасаагүй “ байгаа тэр танхимыг бүрдүүлчихээд байгаа нь энэ.
Монголын үе үеийн Ерөнхийлөгч нар яагаад УИХ, Засгийн газарт хатуурхдаг, “Өөрөө УИХ, Засгийн газрын гишүүн байгаагүй юм шиг” гэж хэлүүлэн байж тэрсэлдэг нь ч үүнтэй холбоотой биз. Хуучнаар МАХН-аас нэр дэвшин Ерөнхийлөгч болсон Н.Багабанди агсныг “Ардчилсан намын сайн дурын гишүүн” хэмээн шоглон ярьж байсан нь саяхан. Мөн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын олигархиудын эсрэг хийх тэмцлийг, түүнийг хааяа намынхнаа түншин хатуу үг хэлэхэд нь хүртэл муучлан зэвүүцдэг байж билээ. Нэг жишээ дурьдахад долдугаар сарын 1-ний үймээний үеэр эгзэгтэй мөчид Онц байдал зарлах зарлигаа гаргахад “ингэ, тэг” гэж зөвлөх хүн дэндүү олон байсан. Гэвч эцсийн шийдвэрийг өөрөө л гаргасан билээ. Харин зөвлөсөн найз нар, албан тушаалтнуудын “Гарцаагүй үүнийг та хийх ёстой” гэсэн тэр ятгалга, албадлага, зөвлөгөөний цаана юу нуугдаж байсан бол гэдэгт одоо хүртэл эргэлзэж явдаг юм билээ.
Эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хуучин нөхөдтэйгээ ширүүхэн үзэлцэж байгаа нэгэн. Эрхбиш бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэдэг хэрийн хүнээс гарахааргүй эр зориг, “муухай” зан гаргаж, нөхдөө бут ниргэхийг шаарддаг бололтой. Гэтэл нам, намаараа, фракци, фракциараа, цаашилбал бизнесийн холбоо, хөрөнгө зоориороо хэлхэлдэн багцлагдсан том багуудтай Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөр “зэвсэггүй”, гар нүцгэн ганц хүн тэмцэх амаргүй байдаг аж. Н.Энхбаярыг, Ц.Элбэгдоржийг, эдүгээ С.Батболдыг Монголдоо л лидер биш гэж хэн хэлэх билээ. Түүнийхээ шанд тэд аймшигт ганцаардлыг хүлээн зөвшөөрч, “Би чадна” хэмээн хариуцлагыг, эрх мэдлийг өөртөө авсан юм шүү дээ. Хэрэв тэдэнд зөвхөн ганцаараа эдлэх эрх мэдэл, үүрэх хариуцлага байгаагүйсэн бол хавьгүй илүү аз жаргалтай байх байсныг ч үгүйсгэх аргагүй.
Санаж байна уу, 2008 оны олимпийн дараа Монголын хамгийн том эрх мэдэлтэй гурван нөхөр азтайгаа гайхан олон нийтийн өмнө халамцуу гарч ирснийг. Тэдэнд “хайртай” ард түмэн нь хэчнээн их жигшин зэвүүцсэн билээ дээ. Наад захын жишээ нь ердөө л энэ.
Онолын хувьд хүн бол нийгмийн амьтан. Тиймээс ганцаардахыг хүсэх хэн байх вэ. Харамсалтай нь эрх мэдэл аймшигтай их үнэ цэнээр олддогийг мэдсээр байж түүнд дурладаг. Тэгэхээр эрх мэдэлд далдын хүч байгаа биз. Өөрөөр хэлбэл лидерүүдэд “Эрх мэдэл эдлэхийг хүсвэл эрх чөлөөгөө өг” гэсэн хууль үйлчилдэг аж. “Хөөрхий муу” М.Каддафи, Осама Бен Ладен нарт азаар олдсон, эсвэл амь тэнсэн байж олж авсан албан тушаал, эрх мэдэл, дарангуйлах хүч бүхэн нь тэднийг амьсгалах ч эрхгүй болтол давчдуулж, ганцаардуулж байсан. Сайныг санаж гаргасан шийдвэр нь хамгийн дотны хүмүүсээсээ эхлээд олон нийтийг хүртэл хулжин зугатах, үзэн ядах үндэслэл болж тэсэхүйеэ хүнд нөхцөлд амьдарч байж. Ингээд бодохоор эгэл жирийн амьдралын цаадах хааныхаас ч эрх чөлөөндөө баярлахгүй байхын аргагүй. Их гүрнийг тэргүүлж, дэлхийн хамгийн хүчтэй лидерүүдэд тооцогдох Б.Обама, В.Путин нар үзэл бодлын хувьд хэрхэн ганцаардаж буй энэ цаг мөч, хэсэгхэн хугацаанд төрөө удирдаад төд удалгүй шоронгийн харанхуй өрөөнд тарчлахад хүрсэн Ю.Тимошенко нарын итгэхийн хувь тавилан, энэ бүхэн эрх мэдлийг таягдан хаяж, эрх чөлөөнд тэмүүлэх сэдэл төрүүлнэ.
Мэдээж тэд эрх мэдлээс залхаагүй, улам их тэмүүлж, дасал болсон ганцаардал нь тасралтгүй үргэлжлэхийг хүсэх байх л даа. Гаж тэчьяадлын хэлбэртэй энэ их хүслэн тэднийг хүн биш улстөрч болгосон нь тэр ажээ.
"Улс төрийн тойм" сонин