Европын холбооны 27 гишүүн орноос 25 нь төсвийн хатуу бодлого явуулах гэрээг хүлээн зөвшөөрч, Их Британи, Бүгд найрамдах Чех улс уг гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан гэнэ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон уг гэрээ Их Британийн эрх ашигтай зөрчилдвөл Засгийн газар нь хариу арга хэмжээг авах болно гэж мэдэгджээ. Дэвид Кэмерон Европын холбоог санхүүгийн хатуу бодлого явуулахыг тулган шаардах эрхгүй гэж үзэж байгаа юм. Харин Бүгд найрамдах Чех улс гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан шалтгаан нь үндсэн хуультай зөрчилдсөн гэж тайлбарласан гэнэ. Ажиглагчид Чехийн Ерөнхийлөгч үл итгэгч Вацлав Клаус өөрөө гэрээнд гарын үсэг зурах дургүй байсан гэж үзэж байна. Санхүүгийн хатуу бодлого явуулах уг гэрээ нь Евро бүсийн орнуудыг өрийн хямралаас сэргийлэх зорилготой юм. Европын холбооны хүчирхэг эдийн засагтай, хамгийн том зээлдэгч улс Герман уг гэрээг хамгийн их дэмжсэн нь аж. Европын холбооны өөр аль нэг улс өрийн хямралд орохоос өмнө яаралтай арга хэмжээ авахыг Герман шаардаж байгаа юм. Европын комиссын мэдэгдсэнээр Европын холбооны орнуудад ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр 82 тэрбум еврог төсөвлөөд байгаа гэнэ.
Н.Энх