ШУТИС-д нийт 5960 оюутан оройн ангид суралцдаг аж. Эдгээр оюутануудын сургалтын хөтөлбөр болон төлбөрийн хэмжээ өдрийн ангийнхантай адил. Гэтэл Хүний хөгжил сангаас олгох байсан 492 мянган төгрөгийг 2010 оны хичээлийн жилд аваагүйн улмаас хоёрдугаар ээлжийн нийт 5960 оюутан шалгалтад орох эрхээ хасуулсан тохиолдол гарч байсан байв. Энэ асуудлыг шийдэхийн тулд хоёрдугаар ээлжийн оюутануудаас одоогийн байдлаар нийт 400-500 өргөдлийг хүлээн аваад байгаа юм байна. Манай улсын Боловсролын тухай хуульд оройн ээлжийн оюутнуудын сургалтын хөтөлбөр, цагийн хуваарь зэргийг нарийн заасан байдаг. Харин энэ нь ШУТИС-ийн хоёрдугаар ээлжийн ангийн оюутнуудынхтай зөрчилдөж байгаа юм. Үүнийг шийдвэрлэхэд ШУТИС-ийн удирдлага нэлээд хойрго хандаж байгаа тухай оюутнууд хэлэв. Энэ бүгд ШУТИС-ийн сургалтын хөтөлбөртэй салшгүй холбоотой үүсчээ. Хэрэв Хүний хөгжил сангийн мөнгө орсон тохиолдолд төлбөрийн зөрүүнээс болж дипломын ажлаа хасуулсан төлбөрийн зөрүүгээ авч чадахгүй байгаа оюутнуудын асуудлыг бүрэн шийдэж чадна гэж үзэж байгаа аж. Анх яамнаас гаргаж өгсөн томилолтоор оюутнаа элсүүлсэн бол ийм асуудал гарахгүй байсан болов уу. Оюутнуудыг “Хоёрдугаар ээлжийнх” хэмээн нэмэлт элсэлт авдаг. Харин хоёрдугаар ээлж гэсэн статусыг манай улсын боловсролын системд орой анги гэсэн нэрнээс өөрөөр ялгаж тодорхойлдоггүй гэх. Оройн анги юм уу гэхээр бусад оюутнуудтай адилхан сургалтын хөтөлбөрөөр хичээл нь ордог. Ингээд бодоод үзэхээр адилхан ч юм шиг. Гэвч үүнээс үл хамаарч, хүнийн хөгжил сангийн мөнгийг “Оройн анги” гэх тодотголтой оюутнуудад олгоогүй юм. Энэ талаар өчигдөр ШУТИС-ийн оюутнууд мэдээлэл хийсэн юм.
ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан С.Өлзийхишигээс зарим нэг зүйлийг тодрууллаа.
-Оюутнуудад олгох 500 мянган төгрөгийг шийдэхэд ШУТИС-ийн удирдлагууд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Хүний хөгжил сангийн мөнгө нь буцаагдсан асуудал 2010 оны аравдугаар сараас эхлэн гарсан юм. Энэ талаар ШУТИС-ийн удирдлага бидэнд тодорхой мэдээлэл өгнө гэсэн боловч одоо хүртэл сураггүй байна.
-Хэрэв Хүний хөгжил сангийн мөнгийг олгохгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Бид эхний ээлжинд хүсэлт тавина. Хэрэв бидний хүсэлтийг хүлээж авахгүй бол Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон шиг жагсах болно.
-Энэ жилээс эхлэн оюутан бүрт 70200 төгрөгийг олгоно гэж байгаа. Энэ мөнгө та нар авна шүү дээ?
-Өмнөх 500 мянган төгрөгийг авч чадаагүй байгаа. Гэтэл 70200 төгрөгийг авах нь юу л бол. Биднийг оройн анги гэж үзэж 70200 төгрөгөөс хасах магадлал их байна. Бид эхний ээлжинд олгогдох ёстой 500 мянган төгрөгөө л авмаар байна.
"Улс төрийн тойм" сонин