“Евро-2012”-ын шинэ цэнгэлдэх сүндэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ын шинэ цэнгэлдэх сүндэрлэлээ

Польшийн хөлбөмбөгийн фанатууд ням гаригийн үдэш 2012 оны Европ хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том цэнгэлдэхийн нээлтийн ёслолыг нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Ирэх зургадугаар сард болох “Евро-2012”-ын нээлтийн тоглолт Польшийн нийслэл Варшав хотод шинэхэн сүндэрлэсэн Үндэсний цэнгэлдэхэд болох юм. Тодруулбал, зургадугаар сарын 8-нд “А” хэсэгт багтсан талбайн эзэн Польш болон “Евро-2004”-ийн аварга Грекийн багийн тоглолт тус цэнгэлдэхэд болно. Тэнд мөн хагас шигшээ тоглолт болох хуваарьтай байгаа.

Шинэ цэнгэлдэхийн анхны зочид цэнгэлдэхийг дүүргэж, Польшийн супер одод бүрэн хэмжээний концерт тогложээ. Нийт 50 мянган хүний суудалтай тус цэнгэлдэхийг өмнөх “10th Anniversary Stadium”-ын суурин дээр босгосон юм.

Польшийн Үндэсний цэнгэлдэхийн жаврыг үргээж, хоёрдугаар сарын 29-нд Польшийн шигшээ баг тус цэнгэлдэхэд анх удаа тоглоно. “Евро-2012”-ын нээлтийн ёслолоос яг 100 өдрийн өмнө тохиож буй тэр өдөр тэд Португалийн шигшээ багийг хүлээн авах юм.

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд зориулан босгож буй таван шинэ цэнгэлдэхийн нэг нь дээрх Үндэсний цэнгэлдэх ажээ. Украйн, Польш улсын хамтран зохион байгуулах “Евро-2012”-ын хүрээнд зөвхөн польшууд нутагтаа шинээр гурван цэнгэлдэхэд барьж байгаа юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж