Чуулган завсарлахаас өмнө батлах хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Чуулган завсарлахаас өмнө батлах хуулийн төслүүдийг хэлэлцлээ

УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын бүлгийн гишүүд өнгөрсөн хоёр долоо хоногт Засгийн газрын гишүүдийг томилох талаар хэлэлцээд бусад асуудлыг орхисон. Харин тэд өчигдрөөс намрын чуулган завсарлахаас өмнө батлах ёстой хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж эхэлжээ. Тухайлбал, УИХ дахь Ардын намын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай, Тэтгэврийн зөрүүг арилгах тухай, Суурь тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлэх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцжээ. Гэхдээ тус намын бүлгийн хуралдааны үеэр хэлэлцсэн гол асуудал нь УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл байжээ. Бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Тогтоолын төслийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө батлах шаардлагатай” гэж онцолсон юм. Ардын намын бүлгийн хувьд өмнө нь ярьж байсанчлан “Тавантолгойн хувьцаанаас ард иргэдэд эзэмшүүлэх 10 хувь дээр нэмж 10 хувийг  өгөх  нь  зөв” гэдэг дээр тохиролцжээ. Ингэснээр иргэн бүр Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг эзэмших юм. Мөн хувьцаагаа нэрлэсэн үнээр худалдах эрх нь ч нээлттэй байх ажээ. Харин үндэсний аж ахуйн нэгжүүдэд иргэдээс хувьцаа худалдаж авах  эрхийг нь тогтоолын төслөөр нээж өгөх ажээ.

Ө.Энхтүвшин: ОЮУТНУУДАД ХУВЬЦАА ОЛГОХ ЭСЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДНЭ


УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшинээс дараах асуултад хариулт авлаа.


-Хүний хөгжил сангийн 1.5 сая төгрөгөө авсан иргэд цөөнгүй бий. Ялангуяа оюут­нууд. Эдгээр хүмүүс хувьцаа авах эрхгүй бол­сон гэсэн үг үү?

-Нийт 170 орчим мянган оюутанд ийм асуудал бий. Хүний хөгжил сангийн 500 мянган төгрөгөө бэлнээр нь авчихсан. Үүнээс гадна өнгөрсөн жил сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган  төгрөг олголоо. Энэ жил ч бас олгоно. Тиймээс оюутнуудад хувьцаа олгох асуудлыг Засгийн газар дүрмээрээ шийдэх байх.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг нь хэзээнээс олгож эхлэх вэ. Цагаан сараас өмнө өгнө гэсэн хүлээлт үүсчихсэн  байна?

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг улсын төсөвт тусгасан. Төрийн санд мөнгө нь ороод ирэх л юм бол асуудлыг даруйхан зохион байгуулах ёстой.

“УИХ, ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ ХАМТАД НЬ ЯВУУЛАХАД АСУУДАЛГҮЙ” ГЭВ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах учиртай. Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид бэлэн мөнгө тарааж  тэмцээн уралдаан зохион байгуулах ёсгүй. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ч мөнгөний асуудлуудыг чангатгах тухай заалт оруулах ёстой” гэлээ. Тус намын бүлгээс З.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байгаа бөгөөд хуулийн төслийг тун удахгүй өргөн барих ажээ. Ингэхгүй бол УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсээр дамжуулан тэмцээн, уралдаан зохиосон тохиолдол гарч байгаа гэнэ. УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахаар болсонтой холбоотойгоор “Сонгуулийн үеэр хүндрэл гарна. Сонгуулийн хэсэг, хорооны ачаалал нэмэгдэнэ” гэх болгоомжлол гарч буй. Ардчилсан намын бүлгийнхэн “Зохион байгуулалтын тал дээр санаа зовоосон зүйл гарахгүй. Боломжгүй зүйл огт биш. Харин сонгогчдод олон хүний нэр дугуйлахад бага зэрэг хүндрэл гарч болзошгүй” гэж үзэж байгаа ажээ. Тиймээс тус намын бүлгийнхэн “УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах, орон нутгийн сонгуулийн саналыг автоматаар  тоолох зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгах ёстой” гэж үзжээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж