”Засгийн газар одоо л толгойгоо ажиллуулах ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

”Засгийн газар одоо л толгойгоо ажиллуулах ёстой”

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-УИХ-ын чуулганы өн­гөр­сөн долоо хо­ногийн хуралдаанаар Зас­гийн газ­рын шинэ ги­шүүдийг то­милсон. Өнөө­дөр /өчигдөр/ шинэ бүрэл­дэхүү­нээрээ ху­рал­даж байна. Таны хувьд Засгийн газрын шинэ ги­шүүдийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Ерөнхийлөгч болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүдийн дундаас Засгийн газрын гишүүнийг томилдгийг аль болох хязгаарлая гэж үзээд шаардлага тавьсан. Ямар ч байсан үүний үр дүнд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж чадсан. Засгийн газрын шинэ гишүүдийн талаар хэлэх зүйл бол алга.

-Яагаад?

-Хэний нэрийг сайдад дэвшүүлэх, хэнийг санал болгох вэ гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Үүнийг ч тэр журмаараа шийдсэн байх.

-Ардчилсан намын бүл­гийнхэн сайд нарыг томилох асуудлаар завсар­лага авах үедээ “Улс төрөө хийе. Хэний нэрийг сайдад дэвшүүлэх нь хамаагүй” гэлцэж байсан байх аа?

-Ер нь бол энэ зарчмын дагуу л завсарлага авсан.

-Та чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Зам, тээвэр, барилга, хот бай­гуулалтын сайд Ц.Даш­доржид “Өмнөговийн бү­тээн байгуулалтын ажлыг түргэтгэх шаардлагатай бай­на” гэж байсан. Ажил нь удааш­ралтай байгаа хэрэг үү?

-Говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх чиг­лэлээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барих объек­тийн жагсаалтыг УИХ 2008 онд баталсан. Үүнээс хойш жил бүрийн тө­­сөвт Улаанбаатар-Ман­дал­говь, Ман­далговь-Даланзадгад, Далан­задгад-Тавантолгой, Оюутолгой чиг­лэлийн зам, Мандалговь, Та­вантолгой, Оюутолгой чиглэлд тавих 220 кв шугам, Тавантолгойгоос Даланзадгад хүртэл тавих 110 кв шугамын асуудлыг тусгасаар ирсэн. Гэхдээ эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барина гээд хөрөнгө мөнгө төдийлөн тусгадаггүй. Тиймээс хэрэгжилт нь тааруухан байлаа. Оюутолгой, Тавантолгойг тойрсон бүтээн байгуулалт өрнөх явцад экспортод гаргах бүтээгдэхүүнийг  авто зам, төмөр замаар тээвэрлэхээс өөр арга байхгүй. Энэ ажил нэлээд хойшлогдлоо. Тиймээс Ц.Дашдорж сайдад хандан  “Хөрөнгө, мөнгөнийх нь асуудлыг тодорхой хэмжээгээр шийдээч. Энэ оны төсөвт Даланзадгад-Мандалговийн хооронд зам тавихад зориулж 30 тэрбум төгрөг төсөвт тусгасан. Энэ ажлыг УИХ-ын 2012 оны сонгуультай холбоотойгоор битгий хаяарай. Ажлыг эрчимжүүлж, дуусгах тал дээр анхаараач” гэж хэлсэн юм.

-“Оюутолгой, Тавантолгойн төсөл Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна” гэдэг мөртлөө дэд бүтцийн асуудлыг орхигдуулдаг нь ямар учиртай юм бол?

-Бүтээн байгуулалттайгаа хол­бож өгөх дэд бүтцийг шийдэж чадсангүй л дээ. “Хөрөнгө мөнгөний гачлан байв уу. Ажлын хариуцлага алдсан уу” гэдгийг цаг хугацаа харуулах биз. Ер нь бол “Аймгуудыг холбосон авто замтай болно. Гол чиглэлүүд дээр төмөр зам, авто зам байгуулна. Агаарын тээвэр хийнэ. Хатуу хучилттай зурвас барина” гэж байсан. Эдгээр ажлыг хангалттай хийж чадаагүй.

-Засгийн газар үлдсэн зургаан сарын хугацаанд хэр их ажил амжуулах юм бол доо?

-Бага хугацаа үлдсэн. Гэхдээ дэд бүтцийн асуудалд анхаарлаа хандуулж чадвал бага ч болов ажил хийчих болов уу гэж найдах л үлдэж байна.

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга “Ардын намын сайд нар хөрөнгө, мөнгө баталж өгөхгүй байна” гэж байсан. Бүтээн байгуулалтын ажилд зарцуулах мөнгийг ийм шалтгаанаар батлаагүй юм биш биз?

-Энэ том бүтээн байгуулалтад их хэмжээний мөнгө шаардагдах нь ойлгомжтой. Уул уурхайгаас олж байгаа мөнгөө халамжийн бодлогоо хэрэгжүүлэхэд бус дэд бүтэц барихад зарцуулсан бол тодорхой зүйл хийх бололцоо байлаа. Мөн “Хөгжлийн банк баахан мөнгө төвлөрүүлээд ирнэ” гэж ярьж байсан шүү дээ. Х.Баттулгын ярьж байсан зөв. Бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө мөнгөний асууд­лыг шийдэж чадаагүй. Энэ нь УИХ, Засгийн газрын аль, аль нь хариуцлагагүй ажилласныг харуулж байгаа юм.

-Тавантолгойн тогтоолын төслийг энэ парламент батлах нь уу?

-Холбогдох тогтоолын төслийг хэлэлцээд явж байгаа. Гадны хөрөнгө оруулагчдыг оруулж  ирэхийн тулд тендер зарлаад, тэр ажил нь сайн явахгүй байгаад бид харж байна. Бүтээгдэхүүнээ хааш нь борлуулах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Дараа нь дэд бүтцийнх нь асуудлыг шийдээд бүтээгдэхүүн худалдаж авах улсуудтайгаа тохирчих юм бол заавал гадны хөрөнгө оруулалт гэхгүйгээр шийдэх бололцоо байна гэдгийг ч  олон хүн хэлж байгаа. Яах вэ. Гадна, дотноос хөрөнгө оруулалт авах нь цаг алдахгүйгээс гадна хамтын ажиллагаа, бүтээгдэхүүний борлуулалтад сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа бол энэ ажлаа яаралтай шийдэх хэрэгтэй байх. УИХ болон Ардчилсан намын бүлэг энэ ажлаас хойш суугаад байхгүй. Шийдэх ёстой гэдэг зарчим барих болов уу.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар шатахууны үнийг өсөлтийн талаар  хэлэлцсэн. Гэхдээ “Шалтгааныг нь нарийн тодруулаагүй байна” гэж мэдээллээ?

-Шатахууны үнэ байсхийгээд л нэмэгддэг. Тухай бүрт нь УИХ, Засгийн газраас тодорхой арга хэмжээ авдаг. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг хараад би нэг л зүйлийг бодож байгаа. Үнэ нэмэгдсэн учир шалтгааныг тогтоох амархан. Гол төлөв гадаад нөхцөл байдлаас шалтгаалдаг. Тиймээс бий болсон нөхцөл байдлыг тодруулна гэхээсээ илүү “Дахиад ийм зүйл болбол яах вэ. Монгол Улс шатахууны хомсдол, хараат байдлаас хэрхэн гарах вэ” гэдгийг маш ухаалгаар шийдэх ёстой.

-Жишээлбэл?

-ОХУ-тай Засгийн газрын түвшинд гэрээ, хэлцэл хийх шаардлагатай байна. Нефть боловсруулах үйлдвэрийг нэн даруй барих хэрэгтэй. ОХУ-аас өөр улсаас шатахуун авах боломж байгаа эсэхийг судалж, шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх хэрэгтэй. Зөвхөн ярих биш ажил хэрэг болгоход анхаарах ёстой байна. Ингэхгүй бол тодорхой хугацааны дараа дахиад л шатахууны үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх асуудал тулгарна. Үүнийг бодох ёстой.

-Ардын намынхан өнгөрсөн долоо хоногт “Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор зохицуулалт хийх шаардлагатай байгаа ч Ардчилсан намынхан ажил хийлгэхгүй байна” гэсэн. Одоо асуудлаа эхнээс нь шийдэх болов уу. Төсвийн байгууллагынхны цалинг нэмэх хугацаа ч болчихож?

-Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил­лаж эхэлсэн юм чинь улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдээд явах биз. Нэн түрүүнд төсвийн байгууллагын ажилчдын цалинг нэмэх асуудлыг шийдэх хэрэгтэй. Төсвийн тодотголоо УИХ завсарлахаас өмнө өргөн барьж шийдвэрлүүлэх шаардлагатай бай­гаа. Тэтгэврийн нэмэгдлийн тухай сүүлийн үед ярихаа больж. Цалин нэмэхээр дагаад юмны үнэ өсдөг. Иргэд ч “Цалинг битгий нэмээч. Ямар ч хэрэг алга” гэж байна. Тиймээс үнийн төсөлтийг зогсоох тал дээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.

-Шатахуун, бараа, бүтээг­дэхүүний үнэ өссөн энэ үед төсөвт тодотгол хийж төрийн албан хаагчдын цалинг нэмэх бололцоо байна уу?

-Төсвийн албан хаагчдын цалинг нэмэх асуудал хугацааны хувьд хараахан болоогүй байгаа шүү дээ. Цалин нэмэх хугацааг наашлуулах, тэтгэвэр нэмэхтэй холбоотойгоор тодорхой эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай болно. Тэгэхээр Засгийн газар одоо л толгойгоо ажиллуулах ёстой. “УИХ-ын 2012 сонгууль болох гэж байна. Хамаа алга” гээд цалин, тэтгэврийг бүгдийг нь нэмэх талаар тооцолж  болохгүй. Сонгуулийн дараа ч амьдрал үргэлжилнэ шүү дээ. Тооцоогоо сайн хийх хэрэгтэй. Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр тооцоо, судалгааг нь сайн нягтлана гэж бодож байгаа шүү.

-Сонгуулийн тухай хуулийн дагуу Өмнөговь аймаг нэг мандаттай болсон. Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгуулиар энэ мандатыг авахын тулд чухам хэний нэрийг дэвшүүлэх бол.  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гээд хэд, хэдэн хүний нэр дуулдаж эхэлсэн байна?

-УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг хувь хүний асуудал биш л дээ. Хариуцлага яригдана. Улс төрийн намуудын удирдлага тухайн тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Гэхдээ хамгийн гол шийдвэрийг Өмнөговь аймгийн Ардчилсан намынхан гаргах болов уу.

-Өмнөговь аймаг нэг мандаттай болсонд сэтгэл дундуур байгаа юу. Сүүлийн үед иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа гэдгийг тооцоолбол шүү дээ?

-Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Хоёр мандатыг хэвээр нь үлдээе” гэж яриад явах бололцоо байсангүй. “Өргөн дэлгэр нутагтай. Сүүлийн үед хүн амын тоо нэмэгдэж байгаа” гэдгийг тооцоолбол нэг мандат чамлалттай л даа. Гэхдээ дөрвөн мандаттай байж байгаад хоёр мандаттай болсон аймаг байхад энэ талаар ярих нь арай өрөөсгөл юм болов уу гэж бодсон юм. Өмнөговь аймагт хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдгийг шийдэх хугацаа ойртсон. Гэхдээ хараахан болоогүй.

-УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүдийн хувьд “Одоо парламентад сууж байгаа гишүүдээ мажоритари 48-даа оруулах нь тодорхой” гэлцэж байгаа. Ардчилсан намынхны хувьд ч ялгаагүй юм биш үү?

-Тийм. Нэг их ялгаагүй дээ. УИХ-ын чуулган завсарлахаар энэ талаар тодорхой ярих байх.

-Аймгийн Ардчилсан намынхан шийднэ гэхээсээ илүүтэйгээр намдаа 50 сая төгрөг хандивласан хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэх юм биш үү?

-Мөнгөндөө ч биш байхаа. Анхан шатны байгууллагынхаа саналыг харгалзаж үзнэ. Намын удирдлагуудын шийдвэр ч гарч таарна.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж