
Өчигдөр нээлтээ хийсэн боксын аварга шалгаруулах тэмцээнд 25 байгууллагын 240 гаруй тамирчин эрэгтэй ес /49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91 ба +91 кг/ ба эмэгтэй гурван /51, 60, 75 кг/ жингийн ангилалд өрсөлдөж байна. Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар энэ удаагийн тэмцээнийг өнжиж байгаа ч Гавьяат тамирчин Н.Төгсцогт үндсэн жин болох 52 кг-д, мөн Монголын олимпийн боксын холбооны үндэсний шигшээ багийн тамирчид болох ОУХМ З.Энхзориг, Д.Отгондалай, Б.Жавхлан, С.Эрдэнэбаяр, Т.Чулуунтөмөр, Б.Түвшинбат нарын шилдгүүд оролцож байгаа юм.
Боксын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 5-ныг хүртэл Спортын төв ордонд үргэлжилнэ. Медалийн төлөөх тоглолтууд баасан гаригт эхлэх юм байна.
Дашрамд дуулгахад, МБАТ-ий XIII их наадмын хөтөлбөрийн дагуу боксын тэмцээний дараа буюу ирэх хоёрдугаар сарын 16-19-нд цана болон тэшүүрийн тэмцээн болно.
С.Цэлмэг