Сонин хэзээ үүссэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Сонин хэзээ үүссэн бэ?

Сонины анхдагчдын гавьяа яалт ч үгүй эртний ромчуудынх. МЭӨ II дунд үеэр мөнхийн хотын гудамжнаа  “Acta populi diurna” гэсэн түгээгчдийн хашгирах дуун цууриатдаг. Орчуулбал “Ард түмний өдөр тутмын үйл” гэсэн нэртэй анхны сонин нь үйл явдлыг бичсэн модон самбар байлаа. Мэдээнүүд нь албан бус байсан ч дараа нь Юлий Цезарь самбарт сенатын хуралдаан, жанжнуудын явуулсан  мэдээ хөрш орнуудын захирагч нарын илгээлт зэргийг заавал нийтэлж байх үүрэг өгчээ. Тэр цагаас л Венецид гар бичмэл хуудас зарагдаж байсан жижиг бутархай мөнгөний нэр gazzetta  гэдэг үг хэрэглээнд орлоо. Венеци хотод өнөөгийн мэдээллийн агентлагийн эхлэл болсон мэдээ цуглуулах товчоо байгуулагдаж, мэргэжлийн “мэдээний зохиолч” гарч ирсэн гэдэг.  Хэвлэлийн технологи гарч ирснээр энэхүү боломжийг сэтгүүлчид тэр даруй үнэлэн өнөөгийн сонины бүхий л танил чанарын суулгаж өгсөн байна. 1657 онд Английн нэг сонинд анхны реклам гарчээ. Энэ нь II Карл хааны хайртай нохой алга болсон тухай хувийн зарлал байжээ. Хагас зууны дараа Даниэль Дефо улс төрийн сэтгүүл зүйг үндэслэн “Төрийн үйл явдлын тойм” гэсэн долоо хоногийн сонинг гаргав. Оросын хамгийн анхны “Куранты” сонинг 1621 оноос гаргасан, энэ нь гадаадын хэвлэлийн орчуулгын материал голлосон захидал маягтай байсан гэнэ. Харин анхны хэвлэл сонин нь Европын сонинуудтай “чацуу” I Петр хааны  үед буюу 1702 онд гаргасан “Ведомости” гэдэг нэртэй сонин байлаа.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж