Бүсгүйчүүд л банзал өмсдөг байсан гэж үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүд л банзал өмсдөг байсан гэж үү?

Хүн төрөлхтний хөгжлийн эхэнд хүй нэгдлийн үеийн “загвар зохион бүтээгчид”-ийн бодож бүтээсэн хувцас орчин үеийн “унисекс” стильд ойр гэхэд нэг их буруутахгүй биз. Омгийн эрчүүд нь бөгсөн биеэ ороосон зүүлт, банзал, дал модны навчин бүслүүр зүүж байжээ. Эртний египетчүүдийн бөгсөн биеэ тойруулан ороогоод бэлхүүсээрээ оосроор боон бэхэлсэн схенти гэдэг даавуун зүүлт зүүдэг байж. Фараонуудын схенти энгийн хүмүүсийнхээс даавууны чанараар өөр, харин  загвар нь ижил байжээ. Ассиричууд ноос болон маалинга эсвэл хөвөн даавуун канди гэх банзал, цамц өмсдөг байсан бөгөөд үүнийх нь уртаар эзнийх нь нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлж болдог байжээ.

Грекүүд ноос, хөвөн маалингаар нэхсэн өргөн хэмжээтэй хитон гэдэг хувцас өмсдөг байж. Хитоны урт нь наснаас хамаарна. Залуус бол богино, хөгшид урт хитон өмсөнө. Эртний ромчуудын хувьд хувцаслах нь бараг урлаг гэмээр байв. Хувцас нь ямар нэг оосор бүчгүйгээр тогтож байх ёстой. Ихэс дээдсүүдийн гэртээ өмсдөг болон энгийн хүмүүсийн хувцсыг туник гэнэ. Дөрвөлжин хээтэй банзал-килт нь шотландчуудын хувьд эртнээс үндэсний бэлгэдэл нь болж ирсэн.
Харин XV зууны үеэс банзал цэвэр эмэгтэй хүний хувцас болж ирэв. Тэр үед готикийн банзал гарч ирсэн ба хажуугаараа үдээстэй лиф гэдэг чээжин биеийн хувцсыг банзлаас тусад нь өмсөх болжээ. Язгууртнуудын дээд хүрээний эмэгтэйчүүдийн банзал газраар чирэгдэхээр ур. Банзлын чимэг болсон элементийг Францын хаан VII Карлын ивээлт амраг үзэсгэлэн гоо эмэгтэй Агнесса Сорель бий болгосон гэдэг.  Удалгүй банзлын уртыг ордны ёс зүйд тааруулан тогтоодог болов. Хэтэрхий урт банзлыг шашныхан үүнийг чөтгөрийн сүүл гээд дургүй байсан ч мода ялан дийлжээ.

1500 оны сүүлчээр шашныхныхны төгсгөлгүй сургаалын улмаас хааны хүсэл зоригийг илэрхийлэгч эрх баригчид аргагүйн эрхэнд сүүлтэй банзлыг гоёлын даашинзын нэмэлт чимэг болгон зөвшөөрлөө. Сэргэн мандлын үеэр испани эмэгтэйчүүд загварын ертөнцийн тэргүүлэгч болов. Тэд “вертюгель” гэх олон давхрагатай банзал өмсч эхэлжээ. Энэ нь “Буян хураагч” гэсэн утгатай үг юм.

Доод банзлаа пөмбөгөр болгохын тулд морины дэл сүүлээр чихэн хавдаг байсан нь горзгор туранхай эмэгтэйчүүдэд хүндхэн ачаа байжээ. Энэхүү банзлаа өмсөхийн тулд нэлээд жинтэй төмөр каркасыг эхлээд шалан дээр босгож тавиад үнэт чулуугаар харамгүй чимэглэсэн банзлаа дээгүүр нь тохно. Хатагтай нар энэхүү төмөр хэрээсэн дотортой даавуун овоохой гэмээр зүйлд шурган орж зогсоод лиф гэх чээживчээр тэр мундаг байгууламжийг бэхэлж авдаг байж.

XVII зууны хоёрдугаар хагаст Францын хаан XIV Людовикийн ордон загварын ертөнцийг тэргүүлж байв. Энэ нь хааны ивээлийн амрагууд хурдтай солигдож байсантай холбоотой гэж болно. Жишээлбэл, Луизе де Лавальер бага зэрэг хазганаж явдаг учир банзлаа шал хүртэл уртасгаад элдэв тууз, нэхмэл элемент, үнэт чулуугаар чимэн дутагдлаа далдалдаг байв. Зарим нь харин банзлынхаа хажууг дээш өргөн дотуур банзлынхаа нэхмэл зах болон гоолиг хөлөө албаар харуулдаг байжээ.

Рококо стиль цэцэглэн хөгжсөн XVIII зууны эхээр метал цагирагт суулгасан пөмбөгөр бөөрөнхий банзал дахиад дэлгэрч эхлэв. Гэхдээ ялимгүй өөрчлөгдөн ард урдаас нь бага зэрэг татсан зууван хэлбэртэй болжээ. Банзлын хэлбэрийг барих гэж зарим тохиолдолд фижмами гэж нэрлэгдсэн халимны сахлаар хийсэн жижиг каркасыг дотор талд оёж өгдөг байв. Хатагтай нарыг хөдлөхөд “тэр байгууламж” нь торго, нэхмэл зэргийн шажигнах тааламжтай дуу гаргадаг байлаа. Банзлын өргөнийг дээд зэргээр ихэсгэх гэсэн дэгжин эмэгтэйчүүдийн хүсэл нь XVIII зууны сүүлчээр дэлгэрсэн эвхдэг каркасын ачаар биеллээ олжээ. Ийм эвхдэг каркастай банзалтай болсноор буйдан сандал дээр суух, нарийн хаалгаар ороход асуудалгүй болов. Тэр үеэр бүжгийн наадмын хувцас дахиад л  сүүлтэй болж ирлээ. Бүжгийн үеэр энэхүү сүүлээ салгаж авдаг болжээ.

XIX зууны дунд үеэр “мевейза” гэх хагас гэрэлтдэг нимгэн даавуун туник өмсдөг стиль гарч ирэв. Жозефина Бонапарт  ийм гоёлд дуртай байлаа. Удалгүй “мода”-нд дахиад л кринолин гэх банзал орж ирэв. Үүнийг загварын ертөнцөд эргүүлэн авчирсан хүн нь Чарльз Фредерик Ворт. Мөн франц яруу найрагч, эмэгтэйчүүдийн хувцасны загварын онолч Стефан Маллармегийн буянаар банзлын карказ дээд зэргээр нарийсчээ. Гэхдээ бүсэлхий хавьд ард нь тусгай бул хийж, банзлын даавууг ард нь дээш өргөх болгожээ. Түүнийг турнюр гэж нэрлэсэн нь галбирийн зогсолт гэж орчуулмаар юм уу даа. Нарийнхан туузаар зангидсан чимэглэл нь хатагтайг усан дагина гэдэгтэй адил болгосон сэтгэгдэл төрүүлэхээр байжээ. Ийм сэтгэгдлийг нэмэгдүүлэхээр банзлын доод хэсгийн нарийнхан болгосон нь хатагтай нарыг ойр ойрхон жижигхэн алхахад хүргэж байжээ.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх нэр нөлөө улам нэмэгдэж тэдний хувцас нь ажил хэрэгч, илүү ардчилсан чиглэлтэй болов. Банзал улам богиноссоор. Энэ үеийн загварын ертөнцөд домогт Габриэль Шанель хамгийн тод дүр болов. Түүний хувцасны загвар зоогийн газар ба ажилдаа өмсөхөд бараг адилхан байхаар энгийн болсон билээ.

Өнгөрсөн зууны 60-аад оноос банзал улам богиносов. Төсөөлөх аргагүй богино банзалтай өсвөрийн насныхныг санагдуулам загвар өмсөгч Твигги дэгжин бүсгүйчүүдийн жишиг болов. Эмэгтэй хүний хувцасны хэт задгайдуу талын энэ дуулиан Америкийн ард түмний хайрыг татсан Жаклин Кеннеди гарч ирснээр бага зэрэг намжсан гэж болно. Далаад оны эхээр шинэ стиль гарч мини, макси банзлууд бий болов. Гэлээ ч шинэ стиль заримдаа хэтэрхий гэмээр цуулбартай байсан нь хэт богино загвараасаа дутахгүй дуулиан тарж байлаа.

Өнөөдрийн моодны хувьд тогтсон нэгэн жишиг байхгүй. Эрчимтэй амьдралтай, машин барьсан ажил хэрэгч эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой гэх банзал нь өвдөг хүрсэн урттай байхад хангалттай.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж