Энэ жил есөн тэрбумаар нийслэлийг гэрэлтүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Энэ жил есөн тэрбумаар нийслэлийг гэрэлтүүлнэ

Өнгөрсөн жилийн нийслэлийн хэмжээнд таван тэрбум төгрөгөөр гэрэлтүүлэг хийсэн. Харин энэ жил энэ тоо бараг нэг дахин нэмэгдсэн гэхэд болно. Энэ жил нийслэлийн төсвөөс есөн тэрбум төгрөгийг гэрэлтүүлэг шинээр тавих болон засвар шинэчлэл хийхэд зарцуулна.  Өнгөрсөн жил нийт 4500 гаруй гэрэлтүүлэг шинээр хийнэ гэж хотын ерөнхий менежер хэлж байсан ч 3000 гаруй гэрлийг шинээр тавьж засварласан байна. Түүний дотор гэр хороолол ихтэй Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт түлхүү анхаарлаа хандуулжээ. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 500 гаруй гэрэлтүүлэг, Хан-Уул дүүрэгт 130 гэрэлтүүлгийг шинээр тавьжээ. Одоогоор нийслэлийн гэрэлтүүлэг 90-95 хувьтай асч байгаа гэнэ. Бараг л 100 хувь гэрэлтэй байгаа гэж албаныхан хэлж  байгаа ч үнэн хэрэгтээ хотын төв хэсэг л гэрэлтэй байгаа. 

Гэрэл хамгийн их дутагдалтай байгаа газар нь мэдээж гэр хороолол. Нийслэлийн хүн амын төвлөрлөө дагаад гэр хороолол нэмэгдэж байгааг хүн бүр мэднэ. Гэр хороолол, хотын гудамж, талбайг гэрэлтүүлэх ажилд энэ жил таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл өнөөдөр ч харанхуйгаас айж, гудамжаар тэмтчин алхсаар л байна.  Байгаа хэдэн гэрэл нь асахаасаа асахгүй нь их болж хаа нэг газар ёлтойж харагдах нь өдөр өдрөөр бүдгэрсээр алга болдог нь нууц биш. Хотын төвөө гэрлээр гийгүүлдэг хотынхон өнгөрсөн жил бүх дүүрэгт нэн даруй гэрэлтүүлэх шаардлагатай гэр хорооллуудыг гэрэлтүүлсэн гэх.

Өнгөрсөн жилийн нэг онцлог ажил нь дүүрэг бүрт гэрэлтүүлгийн төвлөрсөн системд холбосон явдал аж.  Мөн 1950-иад оноос хойш дорвитой ажил хийгээгүй байж байгаад өнөөдөр шинэ технологи, шинэ менежментээр ажиллаж эхэлсэн гэсэн. Энэ нь лид гэрэл. Нийслэлд 17 мянган гэрлийн шон бий. Хэдийгээр бүгд асдаггүй ч гэсэн жилдээ 3600 гаруй цаг асах ёстой аж. Учир нь хүйтэн дулааны улиралд гэрэл асах хугацаа өөр өөр байдаг. Эдгээр гэрлийг бүгдийг нь лид гэрэлд шилжүүлэн суулгах ажил энэ жил ч мөн үргэлжлэх гэнэ. Учир нь өмнө нь байсан шар гэрэл нь хүчдэлийн уналтад амархан шатаж, бүдгэрсээр унтардаг учраас гэрлийг солих зайлшгүй шаардлагатай аж. Хэдийгээр дүүрэг бүр гэрэлтүүлэг хариуцсан компаниудтай болсон ч нэгдсэн нэг системээр хотоос удирддаг. Мөн хуучин  гэрэлтүүлгүүдийг шинэчлэн засварлах ажлыг ч хийж байгаа. Гэрэлтүүлгийн энэ жилийн нэг онцлог нь Цэрэндоржийн гудамж болон олны нэрлэж заншсанаар Урт цагаанд иж бүрэн гэрэлтүүлэг хийнэ гэж байсан. Бүр гэрлээр чимэглэсэн өрөөнд орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж ярьж байсан билээ. Харин одоогоор Цэрэндоржийн гудамжинд гэрэлтүүлэг тавьсан ч Урт цагааны гудамжны гэрэл одоо болтол байхгүй хэвээр. Энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбат  хэлэхдээ “Энэ жил нийт есөн тэрбумаар гэрэлтүүлгийн засвар шинэчлэлийг хийнэ. Харин Урт цагааны гэрэлтүүлэг техникийг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. Энэ жил хаана хаана гэрэлтүүлэг шинээр тавих, засварлах нь тодорхой болоогүй байна. Удахгүй хэлэлцэгдэн тодорхой болох байх” гэлээ.

Цагдаагийн байгууллагаас гарга­сан судалгаагаар гэр хороололд буюу гэрэлтүүлэггүй гудамжинд гэмт хэрэг, дээрэм, хүчирхийлэл их гар­даг гэдэг. Харин сүүлийн 20 жил тасралтгүй өссөн гэмт хэрэг буурсан буюу өнгөрсөн жилийхээс 6.4 хувиар бурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнд гэрэлтүүлэг ч мөн чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн онд гэр хороололд гарсан гэмт хэргийн 56.1 хувь буюу 5593 нь оройн цагаар гэр хорооллын гэрэлтүүлэггүй газар гарчээ. 

Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах тасгийн хошууч А.Отгонбаяр хэлэхдээ “Өнгөрсөн жил гэмт хэргийн гаралт буурсан ч захын гэр хорооллуудад гэрэлтүүлэг чухал хэвээр байна. Гарсан гэмт хэргүүдийн тал хувь нь оройн цагаар болон гэрэлтүүлэггүй газар болсон байгаа юм. Хэдийгээр гэмт хэргийн гаралт буурсан гэж байгаа ч нийт гэмт хэргийн тал хувь нь гэхээр энэ бол их тоо. Хэрвээ гэрэлтүүлэгтэй бол энэ тоо бүр ч их буурах болно. Мөн манай цагдаагийн газраас НЗДТГ-тай хамтран гэмт хэр­гээс урьдчилан сэргийлэх чиг­лэлээр 400 сая төгрөгний камер­жуулах төсөл боловсруулаад байгаа” гэлээ. Гэр хорооллыг гэрэлтүүлэх нь  гэмт хэргээс сэргийлэх хамгийн эхний алхам гэдгийг ч хэлж бай­сан. Дэлхийн бусад орнуудын хувьд гэмт хэргээс сэргийлэхийн тулд гэрэлтүүлэгээ сайжруулдаг. Тухайл­бал Япон улс  хотынхоо бүх дүүргийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй бол­госон нь үр дүнгээ өгсөн байдаг аж.

Бид чинь уг нь Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа юмсан. Гэтэл харанхуйд гэртээ харих гэж хэдийн болтол тэмтчин алхах юм бол. Захын дүүргүүдийн сургуулиудын дийлэнхи нь гурван ээлжээр хичээллэдэг. Бага насны хүүхдүүд 19.00 цагт гэртээ харьж байдаг. Одоо өвлийн улирал эхэлж байгалийн гэрэл эрт харанхуй болдог учраас гэр хороололд утаанаас болоод тас харанхуй нөмөрчихнө. Утаатай учраас шар гэрэл тавьсан ч тэр нь өндөр хүчдэлийн уналтад орсноор бүдгэрсээр алга болно. Ямартай ч ирэх жил нийслэлийг есөн тэрбумаар, түүний дотор гэр хорооллынхон түлхүү анхаарах гэнэ.

Н.Хандсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж