Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн зам нутгийн иргэдийн зорчих суудлын болон жип автомашинаас төлбөр авахгүй боллоо. Ухаа худгийн нүүрсний уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн 245 км хатуу хучилттай замыг өнгөрсөн жил “Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьсан. Харин тус замаар зорчиж буй тээврийн хэрэгсэлүүд даацаас нь шалтгаалан төлбөр төлж байсан билээ. Аймгийн Засаг даргын санаачлагаар ИТХ-аас баг гарган эзэмшигч компанитай хэлэлцээр хийснээр дээрх шийдвэрт хүрсэн байна. Уг шийдвэрээр зөвхөн “ӨМ” дугаартай бүх төрлийн жип, суудлын авто машинаас төлбөр авахгүй, харин хүнд даацын машинуудын хувьд урьдын адил төлбөртэй зорчих юм байна. Урьд нь суудлын жижиг тэргээс 5000, бүх төрлийн жипээс 20 мянган төгрөгийн төлбөр авдаг байжээ.
А.Зул