Бага орлоготой өрхийг малжуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Бага орлоготой өрхийг малжуулна

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өрхийн амжиргааг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх жилийн хүрээнд энэ онд аймгийнхаа бага орлоготой 900 малчин өрхийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр малжуулах журмыг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Бодод шилжүүлснээр 50 хүртэл толгой малтай малчин 900 өрхийг сонгон тус бүрт нь орон нутгийн ханшаар нэг сая төгрөгтэй тэнцэх бог мал эргэн төлөх нөхцөлгүйгээр олгох юм байна. Нутаг, усныханаараа дэмжүүлэн, итгэл хүлээн сонгогдсон эдгээр өрх нь мал маллаж байсан туршлагатай, цаашид малаа өсгөж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх чадвартай байхын дээр олгосон малыг эхний жилүүдэд худалдаж, борлуулахгүйгээр өсгөн амьжиргаагаа дээшлүүлэх эх үүсвэр болгож, харин нэг жилийн дараа 1 хурга малжуулах санд эргэн төлж, дараагийн малчинг малжуулах эх үүсвэр бүрдүүлэхээр журмалжээ. Тус аймагт 10 хүртэл толгой малтай өрх 1031, 11-30 хүртэл толгой малтай өрх 2490, 31-50 хүртэл толгой малтай өрх 1940 байна. Төсөлд хамрагдсан малчин өрхүүд хоршоонд нэгдэж малжуулах төслийг хоршооны гишүүдийн дундын өмч хэлбэрээр ашиглахыг эхний ээлжинд дэмжих болсон нь НҮБ-аас зарласан хоршоог дэмжих жилийн нэг гол ажил болох юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж