С.Ганбаатар хаана очно, хаана ажилчид халагдана тэр болгонд л үйлдвэрчний эвлэл байгуулаад л жагсана, тэмцэнэ, ажил хаяна. Цалин хөлс, ажлаас халагдсан гээд гишүүдийнхээ эрх ашгийн төлөө тэмцэх ёстой нь зөв ч гэлээ сүүлийн хэдэн сарын хугацаанд болсон жагсаал, цуглаан, эсэргүүцэлийг хараад байхад хэрээс хэтэрээд байх шиг.
МҮЭХ-оос төрийн албан хаагчын цалин нэмэгдүүлэхээр хэд хэдэн удаа жагсч үүний үр дүнд нь цалин нэмэхээр болсон. Гэтэл гар бариад бугуй барина гэгчээр цалин нэмэх сургаар хугацааг урагшлуулахыг хүсч багш нарыг ажил хаяж, шанд нь С.Ганбаатарын холбооныхноос бусад “ард иргэд” долоо хоногийнхоо ажлыг цалгардуулав. Хүүхдээ хүргэх газаргүй эцэг эх ажлаасаа чөлөө авна, зарим нь ажил руугаа дагуулна гээд баахан асуудал үүсгээд авсан. Мэдээж цалин нэмэхийг шаардах нь зөв. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах нь бүр ч зөв. Харин сав л хийвэл жагсч, ажил хая гэх нь Үйлдвэрчний эвлэлийн цорын ганц зорилго болоод үйл ажиллагааных нь хэлбэр байх ёстой гэж үү.
Нөгөө талаасаа энэ нь дан ганц нийгмийн идэвхтэй “зүтгэлтэн” С.Ганбаатарын имиж болоод хүсэл зорилго ч юм шиг харагдах болов. Зарим улстөрч “С.Ганбаатар сэргэлэн залуу юм аа. Сонгуулийн сурталчилгаагаа үнэгүй хийлгээд авчихлаа” гэж атаархаж байх шиг.
“Би үйлдвэрчний эвлэлдээ байсаар, ард түмнийхээ төлөө зүтгэсээр байх болно. УИХ –д орохгүй” гэж нэгэн үе ярьж байсан нь хуучраагүй байхад С.Ганбаатар арай өөр зүйл ярих болсон ч энэхүү хардлагыг дэврээх нь зүй. Саяхан “Бид жагсаад, ажил хаяад нэмэр алга. Төр засгийн эрх мэдэлтнүүд биднийг, ард түмнийг бодохоо байсан байна. Бүр сонсох ч үгүй байна. Хэдхэн хүн баяжаад байна. Хэрэв би дотор нь орж ажиллавал их юм ярьж, их зүйл хиймээр байна” гээд хэлээд авна лээ. Андуухан сонсоогүй бол нэр дэвшихгүй гэж амлаж байснаа өөрчлөөд “Би ч гэсэн хамт идэлцмээр байна” гээд байгаа ч юм шиг. Эсвэл гаднаас нь тэмцээд тэмцээд барахгүй учраас дунд нь орж ёстой л нэг ард түмнээ аврах супермен болох гэсэн чинхүү эр зориг юм болов уу.
Өнөөхөндөө ард түмний өмнөөс дуугарах хүн цөөхөн байгаа нь үнэн, удахгүй эхлэх сонгуулийн шоуг эс тооцвол. Үүнээс ядаж цаг хугацааны хувьд ч урьтаад дуугарч байна гэдэг бахармаар ч юм шиг. Одоохондоо бол ядарч туйлдсан ард түмний дунд С.Ганбаатар бол жинхэнэ “супермен” болон хувирсан. Харин хэдэн сарын дараа буюу УИХ-ын сонгуулын дараа манай “супермен” хэлсэн ёсоороо жинхэнэ тэмцэгч нь болж чадах болов уу. Харж л байхаас…