Еврозон Грект их хэмжээний тусламж үзүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Еврозон Грект их хэмжээний тусламж үзүүлэхээр боллоо

Еврозоны
гишүүн улсууд болон ОУВС Грекийн эдийн засгийг сэргээхэд зориулж гурван
жилийн хугацаатай, эргэн төлөгдөх 110 тэрбум еврогийн (146 .2 тэрбум
ам.доллар) тусламж үзүүлэх шийдвэр дээр санал нэгдлээ. Энэ зээлийн
хариуд Грек өөрийн Засгийн газрын зардлыг багасгах үүрэг хүлээсэн.
Европын холбоо дээрх тусламжийн хүрээнд 80 тэрбум евро гаргана. Харин
үлдсэн хэмжээг нь Олон улсын валютын сан гаргах болно.
Энэ гэрээ
нь Грекийг их хэмжээний өрийн дарамтанд орохоос хамгаалах болно. Гэхдээ
уг гэрээ хүчин төгөлдөр болохын тулд еврозоны 15 орны зарим
парламентуудаар батлагдах ёстой. Люксембургын ерөнхий сайд Jean-Claude
Juncker-ын ярьж байгаагаар зээлийн хөрөнгөнөөс 30 тэрбум еврог нь эхний
жилд Грект олгоно. Зээлийн эхний хэсгийг Грекийг зээлээ эргүүлэн төлөхөд
зориулж Тавдугаар сарын 19-нөөс өмнө олгох болно. Энэ баасан гаригт
еврогруппын 16 улсын тэргүүн Брюссел хотод чуулан Грекийн хямралын
талаар урьдчилсан дүгнэлт хийх болно гэж тэр мөн нэмж хэлсэн. Олон улсын
валютын сан зээлээ энэ долоо хоногт батлах ёстой гэж ОУВС-гийн захирал
Dominique Strauss-Kahn ярьсан.

Санхүүгийн дэмжлэгийн хариуд
Грекийн засгийн газар үр дүнтэй байдал, хэмнэлт сайжруулсан, олон
нийтийн цалин, тэтгэмжийг бууруулсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй
байгаа. Грекийн эдийн засгийн хямрал цаашид удаан хугацаанд үргэлжилбэл
Европын бусад орнуудын эдийн засаг, санхүүгийн бодлогод сөргөөр нөлөөлж
болзошгүй гэж болгоомжилж байгаа тул еврогруппын орнууд Грекийн асуудлыг
богино хугацаанд шийдвэрлэхээр яарч байна. Нэн ялангуяа Португаль,
Испани, Ирландын Бүгд Найрамдах улсын хувьд илүү санаа зовж байна.
Герман Грект тусламж үзүүлэх дургүй байр суурьтай байгаа. Гэсэн хэдий ч
Германы парламент Баасан гаригын хуралдаанаараа Грект туслах гэрээг
дэмжих магадлал өндөр байна гэж Германы Эдийн засгийн сайд Rainer
Bruederle явсан.

Грекийн эдийн засаг гүнзгий хямралд байсан
хэвээр л байгаа бөгөөд өнгөрсөн Ням гаригт гаргасан Засгийн газрынх нь
тооцоогоор 2010 онд Грекийн ДНБ дөрвөн хувиар буурах бололтой. Мөн
гадаад өр ихтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар гадаад өр нь ДНБ-ний 115
хувийг даваад байгаа бөгөөд 2013 он гэхэд 149 хувь болж өсөж магадгүй
байна. Эдийн засгийн тусламж авч байгаагийн хариуд санхүү, төсвийн илүү
чанга бодлого барих шаардлагатай байгаа талаар Грекийн Ерөнхий сайд
George Papandreou  ярьсан. Үүний хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авах
болно :
 

  •  Төрийн байгууллагын ажилчдад цалингийн бонус
    олгодгийг зогсоох
  •  Жилийн амралтын цалингийн бонусыг зогсоох
  • Төрийн байгууллагын ажилчдын цалинг ойрын гурван жил нэмэхийг хориглох
  •  НӨАТ 21 байгааг 23 хувьд хүргэх
  • Түлш, шатахуун, согтууруулах
    ундаа, тамхины татварыг 10 хувиар нэмэгдүүлэх
  •  Хууль бус барилгын
    ажлыг зогсоох

Өнөөдөр гаргаж байгаа шийдвэрийн төлөө иргэд их
хэмжээний золиос гаргах хэрэгтэй болж байна. Бид үндэстнээрээ дампууралд
орохгүйн тулд хичээх ёстой. Өнгөрсөн жил төрийн албанаас гарсан хүмүүс
бидэнд ямар их хэмжээний өр орхиод явсан байсныг бидний хэн ч төсөөлж
чадахгүй байсан. Төсөв хэмнэлтийн төлөвлөгөөний дагуу бид ойрын гурван
жилд 30 тэрбум еврогийн хэмнэлт хийх замаар 2014 он гэхэд Грекийн
Засгийн газрын өрийг гурван хувиас бага болгохыг зорьж байна гэж Грекийн
ерөнхий сайд ярьсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж