Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ

Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнгөрсөн баасан, бямба гаригт зохион байгуулсан. Нийт 17 цэгт зохион байгуулсан өргөтгөсөн худалдааны талаар нийслэлийн Захирагчийн албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн О.Уянгаас тодрууллаа.

-Өргөтгөсөн худалдаагаар хэр хэмжээний нөөцийн мах борлуулсан бэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулж нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Зах зээл дээр махны үнэ өндөр байгаа учраас үнийг тогтвортой болгох, иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор өргөтгөсөн худалдааг зохион байгууллаа. Хоёр өдрийн турш 374,4 тонн мах худалдаалсан. Сар шинийн баяр болох гэж байгаа болохоор иргэд ямаа, хонины махыг түлхүү худалдан авчээ. Борлуулсан махны  50 хувийг жижиглэнгээр 50 хувийг нь гулуузаар нь худалдаалсан. Үүнээс үхрийн мах 22, хонины мах 265, ямааны мах 86 тонныг тус тус худалдаалж, иргэдийн хэрэгцээг хангасан. Махны үнэ зах зээл дээр өндөр байгаа учраас нөөцийн махны худалдаа иргэдийн хэрэгцээг хангаж чадсан. Зарим газраа мах ирээд л дуусаад байсан.

-Зарим цэгт нь мах хүрэлцэхгүй дууссан гэсэн гомдол иргэдээс ирж байсан л даа?

-Иргэд өргөтгөсөн худалдаа эхлэхээс өмнө хүмүүс урт дараалал үүсгэсэн байсан. Өргөтгөсөн худалдааг нэгэн зэрэг 17 цэгт баасан гаригийн 12.00 цагт эхлүүлэхэд хүрэлцэхгүй байсан. Гэсэн ч дараалалд зогсч байсан иргэдэд бүгдэд нь хүргэж чадсан. Зарим дүүрэгт цагдаагийнхны тусламж хүртэл авсан. Энэхүү өргөтгөсөн худалдаанаас харж байхад нөөцийн мах иргэдийн хэрэгцээг хангах үүргээ сайн биелүүлж байна гэж бодож байна.

-Нөөцийн махыг зарим дэлгүүрт худалдаалахгүй байна гэсэн гомдол байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Нөөцийн мах худалдаанд гараад удаагүй байгаа учраас дүүргүүдийн зарим хорооны дэлгүүрүүд гэрээгээ хийж амжаагүй байсан. Одоо бүх дэлгүүр гэрээгээ хийж дууссан. Мөн зарим дэлгүүрт мах очсон даруйдаа дуусах тохиолдол гарч байгаа. Тиймээс нөөцийн мах зарахгүй байна гэсэн яриа гарсан байх аа. Нөөцийн махыг бүх цэгт хүргэж байгаа. Мөн дууссан даруйд нь өдөр бүр нэмж хүргэж байгаа.

-Цагаан сарын өмнөх өргөт­гөсөн худалдаа хэзээ болох вэ?

-Өргөтгөсөн худалдааг сар бүр зохион байгуулна. Ирэх сарын 10-12-нд буюу цагаан сарын баярын өмнө мөн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа ч цаг хугацааны хувьд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Цаашид сар бүр иргэдийн хэрэгцээнд зориулж нөөцийн махыг гулуузаар нь буюу их хэмжээгээр нь борлуулах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Тиймээс иргэд сар бүр өөрсдийн хүссэн хэмжээгээр махаа нөөцлөх боломжтой.

-Нөөцийн махыг их хэмжээгээр борлуулахаар нөөц эрт дуусч, хавар мах үнэд орно гэсэн яриа иргэдийн дунд байна л даа. Сар бүр өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар хавар хүртэл хүрэлцээтэй юу?

-Энэ жилд нийслэл 12 мянган тонн мах нөөцөлсөн. Өргөтгөсөн худалдаагаар махыг гулуузаар нь зарсан ч иргэдийн хаврын хэрэгцээг хангаж үнийг тогтвортой байлгаж чадах болно. Саяны үзэсгэлэн худалдаагаар ажиглаж байхад хавар мах дуусчих вий гэж иргэд болгоомжлон их хэмжээгээр авахыг хүсч байсан. Хавар хүртэл хангалттай учраас санаа зовох хэрэггүй. Бид өргөтгөсөн худалдааг сар бүр зохион байгуулна гэж хэлмээр байна.  

Н.Хандаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж