Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны гишүүд нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг авч хэлэлцсэний зэрэгцээ бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах чиглэлээр ажилласан байна. Тэд дараах шийдвэрүүдийг гаргаж, УИХ, Засгийн газарт тодорхой санал хүргүүлж буй аж. Үүнд:
-Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй Монголбанкинд үнэлэлт дүгнэлт өгч, арга хэмжээ авах, гадаад худалдааны голлох валютын ханшийн долоо хоногийн хэлбэлзэл хоёр хувиас дээш гарсан тохиолдолд төв банк Засгийн газартай зөвшилцөж, хамтран шийдвэрлэдэг байх саналыг УИХ-д хүргүүлэн,
-Монголбанкны ерөнхийлөгчийн дэргэд мөнгөний бодлогын зөвлөл байгуулж, төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруулах тухай заалтыг Валютын зохицуулалтын тухай хуульд нэмж тусгах
-Америк доллартай харьцах төгрөгийн ханшийг өсөхөөс өмнөх төвшинд яаралтай хүргэх үүргийг Төв банкинд өгөх
-Төсвийн байгууллагад ажиллагсдын цалинг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэмэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.
Харин авто бензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг өсөлтийн өмнөх төвшинд хүртэл бууруулах талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг ирэх хоёрдугаар сарын 8-наас шийдвэрлэх
-Шатахууны хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэж, улирлын хэрэгцээний нөөц бүрдүүлэх ажлыг түргэвчлэх.
-Аймаг, нийслэлийн Засаг дарга нар, иргэд аж ахуйн нэгжүүдэд байгаа махны нөөцийн судалгааг нэн даруй гаргаж томоохон хот суурин газруудад махны нөөцийг нэмэгдүлэх арга хэмжээг яаралтай авах
-Махны нөөцийг баталгаатай байлгахын тулд Эргэлтийн сан байгуулж дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээр дэмжих
Мөн өрсөлдөөний тухай хуулийн дагуу зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэгтэй хамтарсан удирдлага бүхий зөвлөлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулах нь зүйтэй гэсэн саналуудыг Засгийн газарт хүргэхээр болжээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшилзлийн гурван талт хэлэлцээрийн хэрхэн болсон талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-НХХЯ, МҮЭХ, Монголын ажил олгогчдын холбооны хооронд хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийлээ. Энэ хэлэлцээр ямар дүнд хүрсэн бэ?
-Бид 29-ний шөнийн 24:00 цаг өнгөртөл зөвшилцсөний эцэст МҮЭХ-ноос тавьсан үндсэн шаардлагыг Засгийн газар биелүүлэхээр боллоо. Нэгдүгээрт, бензин шатахууны үнийг нэгдүгээр сарын 6-ны өдрийн ханшид хүргэхээр болж, шатахуун импортолдог компаниудад хариуцлага тооцох асуудал яригдсан.
Хоёрдугаарт, валютын ханшийг яаралтай бууруулах шаардлагатай байгааг хэлэлцэж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй Монголбанкинд дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээ авах, валютын ханшны долоо хоногийн хэлбэлзэл хоёр хувиас дээш гарах тохиолдолд төв банк Засгийн газартай зөвшилцөж, хамтран шийдвэрлэдэг байхаар болсон.
Гуравдугаарт, багш нарын цалинг хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдрөөс журмын дагуу нэмэхээр боллоо. Багш нарын цалинг нэмэхэд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг Засгийн газар авч үзэж байсан юм. Харин хэлэлцээрийн явцад багш нарын цалинг өмнө хэлэлцсэн ёсоор нэмэх нь зүйтэй гэж үзлээ.
-Эдгээр ажлуудаа Засгийн газар хэзээнээс эхлэхээр болсон бэ?
-Хоёрдугаар сарын 8-ны өдрөөс шийдвэрлэхээр болсон. МҮЭХ, НХХЯ, Ажил олгогч эздийн холбоо хамтран, Гурван талт өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан, ажилласнаар ийнхүү сүүлийн үед иргэдийн бухимдлыг хүргээд байсан Валютын ханшны өсөлт, бензин, түлш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, нийтийн тээвэр, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судалснаар, эдгээр асуудлыг удахгүй шийдвэрлэхээр боллоо гэлээ.
Ийнхүү гурван тал зөвшилцөлд хүрсний дараа Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь зүйтэй гэж үзэн, 2012 оны нэгдсэн төсөвт суулгах асуудлыг УИХ-д оруулахаар боллоо. Гэхдээ цалин тэтгэврийг нэмэхдээ эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, дараа нь тодорхой хувиар нэмнэ гэсэн анхны хувилбараа барих аж. Өөрөөр хэлбэл, 53 хувиар нэмнэ гэсэн шийдвэрээ хэвээр үлдээсэн байна. Ингэснээр багш нарын дундаж цалин 600 мянган төгрөгт хүрч, 2008 оны цалингийн төвшнийхөөс хоёр дахин өснө гэсэн мэдээллийг НХХ-ийн сайд Т.Ганди сэтгүүлчдэд өгчээ.
Өнгөрсөн сарын 20-нд МҮЭХ-ны 35 гишүүн байгууллага Засгийн газарт шаардлага хүргүүлж, хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг хоёрдугаар сарын 13 гэхэд хийхгүй бол улс орон даяар гишүүд дэмжигчдийн хамт тэмцэл хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан билээ.