Хүчит шонхор захын махны худалдаа явуулдаг 50 гаруй павильоны цөөхөн хэд нь хаалгаа онгойлгож худалдаа наймаагаа хийж байгаа харагдлаа. Учир нь, захын удирдлага хууль бусаар гурван сая төгрөгийг хураан авч худалдаа эрхлэгчдийг эргэлтийн хөрөнгөгүй болгосон хэмээн зарим түрээслэгч нь мэдэгдээд байгаа юм. Тэдний мэдэгдэж байгаагаар тус захын удирдлага нийт 51 павильон түрээслэгчдээс тус бүр гурван сая төгрөгийг “Эрсдэлийн сан” гэх нэрийдлээр тулган шаардаж байж авсан гэсэн юм. Энэ талаар павильон түрээслэгч А.Наранцэцэгээс асууж тодруулахад “Манай захын гүйцэтгэх захирал Т.Сайнхүү биднийг нэг нэгээр нь дуудаж уулзаад “Шаардсан мөнгийг төл эсвэл одоо павильоныхоо түлхүүрийг өгөөд гар. Энэ мөнгийг өгөхгүй бол ажлын байрыг чинь өөр мөнгөө өгч чадах хүнд өгнө шүү” гэх мэтээр нэлээд дарамталсан. Бидний орлогын эх үүсвэр болсон энэ павильоноо алдчихгүйн тулд гуйж байж гурван сарын хугацаанд нэг, нэг саяар нь цувуулаад гурван сая төгрөгийг нь өгсөн. Гэхдээ бидний мөнгө өгсөн гэдгийг гэрчлэх ямар ч баримт өгөөгүй. Анх гэрээгээ байгуулахдаа ч энэ талаар ямар ч зүйл тусгаагүйн дээр хэрэв үйлдвэрчний эвлэл байгуулж хэл ам хийвэл шууд ажлын байраа чөлөөл” гэх зэргээр дарамталсан. Энэ бүхэн чинь үнэхээр хуулийн дагуу юм уу гээд асуухаар “Та нарыг ямар ч газар хүлээж авахгүй, амбаардаад гаргана. Ирэх жилээс би зургаан сая төгрөг болгосон ч чадна” гэх мэтээр дарамталж байгааг тэсэх аргагүй болоод байгаа” гэв. Захын удирдлагын зүгээс үнэхээр ийм зүйл болсон эсэх болон байр суурийг сонсохоор тус захын ерөнхий нягтлан бодогч Н.Отгонжаргалаас тодруулахад “Манай захын захиргаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Эрсдэлийн сан”-г байгуулж түрээслэгч 51 хүнээс тус бүрд нь гурван сая төгрөг нэхэмжилж авсан нь үнэн. Гэхдээ энэ чинь хувийн байгууллагын дотоод асуудал шүү дээ. Тэгээд ч энэ Эрсдэлийн сан чинь түрээслэгчдэд өөрсдөд нь их ашигтай юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн гэнэтийн юм болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Гэнэтийн хулгай дээрэм, галын аюул, гэх мэт олон зүйл тохиолдож болно. Энэ үед л энэ Эрсдэлийн сан гэгч чинь хэрэг болох учиртайг манай түрээслэгчид ойлгох хэрэгтэй. Цаашдаа ч энэ эрсдэлийн сангийн мөнгийг нэмэх бодолтой байгаа. Гадаа байгаа тэр павильонууд анх машины зогсоол байсан. Дараа нь түрээслэгчдээ ч, компанийн ашгаа бодсон ч тэр павильон болгосон нь дээр юм байна гэж бодоод өндөр өртгөөр павильон болгосон. Эргээд төрөөс биднийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуул гээд шахаад байдаг шүү дээ. Тэр ч утгаараа энэ Эрсдэлийн сан захын болоод, түрээслэгчдийн аль алинд нь хэрэгтэй. Лангуу түрээслэгчдийн гэрээнд манай талаас “Эрсдлийн сан”-д тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал бий болгоно гэсэн заалт байгаа. Түрээслэгчид баримт өгөөгүй гээд байгаа. Өнөөдөр надаас баримт нэхэж нэг ч хүн орж ирээгүй байна. Би байцаагч нартайгаа “Эрсдлийн сан”-гийн мөнгөний хувьд баримт авч баримтаар л бүх зүйлийг шийдэж байгаа. Яагаад баримт гээд байгааг мэдэхгүй байна” гэх хариултыг өгөв.
Х.Нарангэрэл