-Монгол улс оюуны өмчийн асуудалд яаж хандаж байна вэ? Тухайлбал эрх зүйн талаас..?
-Ер нь дэлхий дахин оюуны өмчийн асуудалд хоёр үндсэн хандлагаар хандаж ирсэн байдаг. Нэгдүгээрт, таны бүтээсэн юм эцсийн дүндээ нийгмийн өмч. Тиймээс та үүнийг бүтээснийхээ төлөө шагнал, урамшууллаа авна. Харин эдийн засгийн эргэлтэд оруулах цаашдын асуудлыг төр мэднэ гэсэн хандлага байсан. Манай орон ч энэ хандлагаар 50, 60 жилийн турш замнаж ирсэн. Энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүний эцсийн чанар, чансаа ямар байхаас үл хамааран ямар нэгэн шагнал л олгоно гэсэн үг. Эдийн засгийн үр өгөөж үүнд огт хамаагүй байсан юм. Нөгөө хандлага нь болохоор таны бүтээсэн зүйл таны л өмч. Өмч гэдэг нь эдийн засгийн агуулгаараа онцгой эрх байдаг. Нэгэнт таны өмч учраас та өөрийнхөөрөө захиран зарцуулна. Таны энэ эрхийг нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрнө. Мөн оюуны бүтээлийн зохиогч нь тухайн бүтээлийнхээ өмчлөгч мөн гээд Үндсэн хуулинд тодорхойлоод заачихсан байгаа. Миний яриад байгаа энэ сүүлийн чиг хандлага 1990-ээд оноос эхлээд оюуны бүтээл, түүнээс ургасан оюуны өмч гэсэн ойлголт манай нийгэмд орж ирсэн. Үндсэндээ 20-иод жил болж байна даа. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж оюуны өмчийн харилцааны эрх зүйн зохион байгуулалтын үндсийг тодорхойлох асуудал одоо ч гэсэн бий. Анх энэхүү ойлголт орж ирж байх мөчид үндсэн мэдээлэл, хууль тогтоомж байсангүй. Харин нэг үеэ бодвол манайх үүнийг зохицуулсан хууль, тогтоомжийг батлаад байна. Яг одоогийн байдлаар Патентын хууль, Газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хууль гэсэн гурван бие даасан хууль батлагдлаа. Мөн түүнтэй холбогдсон бусад хууль, тогтоомжуудаар энэ асуудал зохицуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд зохицуулагддаг гэрээ, хэлэлцээрүүд бий. Манай улс оюуны өмчийн салбарын олон улсын 14 гэрээнд нэгдэн орсон. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ салбарын гишүүнийхээ хувьд дэлхийн худалдааны салбарын оюуны өмчийн талаарх хэлэлцээрт нэгдэн орсон. Ийм олон гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон байгууллага одоохондоо алга. Энэ гэрээ хэлэлцээрүүд үндсэн хоёр шинжтэй байдаг. Нэг хэсэг нь манай улсын оюуны өмчийн салбарын хууль тогтоомжийг тодорхойлоход нэгэн үндэс болох чиг хандлага. Нөгөө талаас тодорхой тохиолдолд оюуны өмчийн эрхийн баталгаажуулалт, эрх зүйн хамгаалалтанд энэ гэрээ хэлэлцээрийг ашигладаг. Энэ бүхэн оюуны өмчийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг дүр төрхийг тодорхойлж байгаа гэж найдаж байна.
-Энэ асуудал хувь хүн бүрт хэрхэн тусдаг вэ? Яавал оюуны өмчийн харилцаан дээр асуудал үүсэхгүй вэ?
-Хүн бусдын бүтээсэн бүтээлийг ашиглаж хэрэглэх нь зайлшгүй. Хүн өөрийнхөө бүтээлийг амьдралдаа хэрэглээд байгаа гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Бусдын бүтээлийг ашиглана гэдэг нь бусдын бүтээсэн оюуны бүтээлийг л ашиглана гэсэн үг. Ингэхдээ зөвхөн ахуйн хүрээнээс гадна бизнесийн зорилгоор хэрэглэж болно. Гагцхүү бизнесийн эргэлтэд орж байгаа үед л оюуны өмчийн эрхийн тухай, түүнийг хамгаалах тухай асуудал яригдана гэсэн үг. Хэрвээ оюуны өмчийг ашиглаж байгаа бол зөвхөн хуульд зөвшөөрөгдсөн хэлбэрээр л ашигла, холбогдох зөвшөөрлийг нь ав. Өөр зүйл байхгүй. Үүний цаана гэрээ байгуулах, хэлэлцээр хийх, бусад хэлбэрээр ашиглах асуудал бий. Хэрвээ үүнийг л хэрэгжүүлж чадвал ямар нэгэн эрх зөрчигдөх асуудал үүсэхгүй. Хэрэгжүүлэх хамгийн гол үндэс нь та бусдын оюуны өмчийн эрхийг хүндэтгэх ёстой. Энэ бол үүрэг. Хэрвээ үүнийг л биелүүлж чадвал оюуны өмчийн харилцаа жинхэнэ мөн чанартаа нийцнэ.
-Нэгэнт патентаа аваад танай байгууллагад бүртгүүлсэн оюуны өмч эзэмшигчийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ?
-Би энэ асуултад хариулт өгөх боломжгүй. Эрхийг хамгаалах тал дээр би дүгнэлт хийхгүй. Эрхийг хамгаалах асуудал зөвхөн нэг байгууллагын ажил биш. Энэ асуудал нь өргөн утгаараа нийгмийн шинж чанартай ойлголт юм. Төрөөс хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж хамгаална, хууль батлагдсаны дараа хэрэгжүүлж хамгаална. Манай байгууллага гол нь аж үйлдвэрийн бүтээлийг оюуны өмчийн талаас нь баталгаажуулах үүрэг хүлээдэг. Зохиогчийн эрхийн бүтээлийг хэрвээ зохиогч нь хүсвэл бүртгэх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэх замаар оюуны өмчийн эрхийг хамгаалахад оролцож байна гэсэн үг. Мөн Монгол Улсын мэргэжлийн хяналтын тогтолцооны нэг хэсэг болсон оюуны өмчийн захиргааны хяналтын чиг үүрэг манай байгууллагад байдаг. Энэ нь Монгол Улсын төрийн хяналтын хууль, мөн үүнтэй холбогдох бусад хууль тогтоомжинд заасны дагуу хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, арга хэмжээ авах эрхтэй. Оюуны өмчийн эрхийн зөрчил эрүүгийн шинж чанартай байвал торгуулийн арга хэмжээг авдаг. Иргэний эрх зүйн шинжтэй буюу хохирол барагдуулах замаар шүүхийн замаар асуудлыгшийдвэрлэнэ. Эрхийг хамгаалах асуудал нь угаасаа маш олон хэлбэртэй байдаг.
-Танай байгууллагад жилдээ хийсэн бүтээлийнхээ патентыг хэдэн хүн авдаг вэ?
-Патент бол зөвхөн шинэ бүтээл болон бүтээлийн загвар дээр яригдана. Оюуны төрөл дээр патентаар баталгаажуулна, барааны төрөл болон ашигтай загвар дээр гэрчилгээгээр баталгаажна. Зохиогчийн эрх дээр зөвхөн бүртгэсний гэрчилгээ олгодог. Яг манай төв дээр манай улсын иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гадна гадаадын иргэд байгууллага эрхээ баталгаажуулдаг. Одоогийн байдлаар манай улсад гадаадын 40 гаруй мянган барааны тэмдэг бүртгэлтэй байгаа. Бидний хэлдгээр бренд шүү дээ. Мөн дотоод, гадаадын нийлсэн 3000 гаруй шинэ бүтээлийн патентай. Дотоодын аж ахуй нэгж байгууллагын барааны тэмдэг 50 гаруй мянгад хүрсэн гэсэн тооцоо бий. Нэг жилийнх нь хэмжээнд авч үзэх юм бол 300 гаруй шинэ бүтээл, 400 гаруй барааны тэмдэг, мөн тооны оюуны бүтээл бүртгүүлдэг. Цаашдаа Монгол Улсын эдийн засаг өсч, шинэ тутам технологи бүтээгдэх цаг үе нь ирж байгаа. Тиймээс цаашдаа шинэ бүтээл авах статистик тоо нэмэгдэх магадлалтай.
-Оюуны өмчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадны томоохон байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа бол?
-Ер нь Оюуны өмчийн газар гадны хүмүүс, аж ахуй нэгжтэй холбогддог нэг чиглэл бий. Хэдийгээр яг оюуны өмчийн чиглэлийн байгууллага биш ч гэсэн. Энэ нь гадны иргэд, аж ахуй нэгж байгууллагын бүтээлийг баталгаажуулах чиглэлээр хамтарч ажиллах. Энэ бол үйл ажиллагааны нэг хэсэг. Таны асуусан асуулттай уялдуулах юм бол Монгол Улс НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг Дэлхийн оюуны өмчийн байгууллага гишүүн. Тиймээс манай үйл ажиллагаа энэ байгууллагаас тогтоосон дүрэм журам, эрх хэмжээний дагуу байгаа гэж ойлгож болно. Дэлхийн оюуны өмчийн байгууллага бол НҮБ-ын салбар хороо дундаас иргэдэд тулж үйлчилдэг цорын ганц байгууллага юм. Энэ байгууллага үндсэн хоёр чиг үүрэгтэй. Эхний үүрэг нь дэлхий нийтэд оюуны өмчийн талаарх бодлогыг боловсруулах, тодорхойлох. Дараагийн үүрэг нь тодорхой зохиогч дэлхийн оюуны өмчийн байгууллагаар дамжуулж, өөр улс оронд өөрийнхөө эрхийг баталгаажуулахад зуучилж өгдөг. Тухайлбал, та өөрийнхөө барааны тэмдгийг дэлхийн аль нэг улс оронд бүртгүүлэхэд шууд тэр улс оронд юм уу дэлхийн оюуны өмчийн байгууллагад хандаж ийм, ийм улс оронд өөрийнхөө барааны тэмдэг, оюуны өмчөө бүртгүүлмээр байна гэсэн хүсэлт гаргахад яг тэр улс оронд нь бүртгүүлэх гүүрийн үүргийг гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай холбогдож байдаг. Үүнээс гадна БНХАУ-тай манай улс оюуны өмчийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээг 2005 онд байгуулсан. Энэ нь манай хоёр улс оюуны өмчийн салбарт харилцан туршлага, мэдээлэл солилцох, сургалт, семинар зохион байгуулах боломжийг нээж өгсөн. Мөн Өмнөд Солонгосын КОИКА байгууллагатай Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу оюуны өмчийн бүртгэлийн автоматжуулсан систем хөтөлбөрийг хэрэгжүүлээд бараг дуусч байна. Энэ төсөл хэрэгжсэнээр манай үйлчлүүлэгчид хамгийн орчин үеийн технологийн дагуу, хурдан шуурхай хамрагдана гэсэн үг. Өмнөд Солонгос болон ОХУ-тай хамтран ажилладаг. Мөн Европын патентын газар, АНУ, Япон, Герман зэрэг улстай байнга мэдээлэл солилцдог. Ялангуяа манайд бүртгүүлж, баталгаажуулалт авч байгаа гадны байгууллагын мэдээллийг солилцдог гэж ойлгож болно.
-Ардын урлагтай холбогдсон асуудал өөрөө их маргаантай ойлголт. Үүнийг хэрхэн шийдэж байна?
-Дэлхийн практикт оюуны өмчтэй холбоотой нэг том асуудал бий. Энэ нь ардын гэж нэрлэгддэг урлагын оюуны өмчийн талаарх ойлголт. Уламжлалт, ардын урлагийн оюуны бүтээлийг хэрхэн хамгаалах, яаж бүртгэлжүүлэх, зах зээлийн эргэлтэд хэрхэн оруулах талаар эргэлзээтэй асуудлууд олон бий. Энэ талаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манай улсад төсөл хэрэгжүүлж Уламжлалт мэдлэгийн тухай хуулийг боловсруулж байна. Одоо Засгийн газарт өргөн барих гэж байна. Мөн маш их маргаантай байдаг генетикийн нөөцийн тухай хуулийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам боловсруулж Засгийн газарт өргөн барихад бэлэн болчихоод байна.
-Хамтлаг, дуучдын шинээр гаргаж байгаа дуунуудыг танай байгууллага хэрхэн бүртгэж байгаа вэ? Дуучид өөрсдөө ирж байна уу эсвэл танай байгууллага хөөцөлдөж бүртгэлд хамруулж байна уу?
-Зохиогчийн эрхийн салбарын хувьд тухайн бүтээл биет байдлаар бүтээл болсон тохиолдолд эзэнд нь зохиогчийн эрхийг автоматаар үүсгэдэг. Тиймээс энэ төрлийн бүтээлийн хувьд Оюуны өмчийн газар бүртгүүлэх эсэх нь сайн дурын хэрэг. Хэрвээ Дулмаа эсвэл Дондог ямар нэгэн яруу найргийн түүвэр гаргалаа гэхэд манайд бүртгүүлээгүй ч гэсэн хэвлэлтэд дундаа “C” үсэгтэй дугуй тэмдэглэгээ таны өмч гэдгийг баталгаажуулж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл танд баталгаажуулалт, хамгаалалт үүсгэж байна гэсэн үг. Харин аж үйлдвэрийн бүтээлийн баталгаажуулалт бол өөр. Үүнд багтдаг ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, шинэ бүтээлийг заавал оюуны өмчийн газарт бүртгүүлж, баталгаажуулсны дараа л оюуны өмч болно.
-Тухайн компани ашигтай загвар болоод дээр дурьдсан таван зүйлсийг танайд бүртгүүлэхийн тулд ямар шат дамжлага дамжих вэ? Ямар нэгэн хүнд суртал байх уу?
-Манайх Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтраад мэдээллийн төв байгуулсан. Хэрвээ тухайн компани, аж ахуй нэгж хүсвэл манайхаас лавлагаа, мэдээлэл авч болно. Нөгөөтэйгүүр манай цахим хуудас ажиллаж байгаа. Энэ цахим хуудаст хэрхэн бүртгүүлэх, ямар дүрэм журам байдаг талаар бүх мэдээллийг авч болно. КОЙКА-гийн хэрэгжүүлж байгаа төслийн дагуу цаашдаа баталгаажуулалтыг цахим хэлбэр рүү шилжүүлэх боломж бий.
-Ашигтай загвар болоод шинэ бүтээлийг бүртгүүлээгүйгээс болоод ямар нэгэн асуудал, маргаан үүсэх тохиодол хэрэг зэрэг байдаг вэ?
-Ийм тохиолдлууд байдаг. Бусдын шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэгийг ашиглахтай холбоотой гомдол, санал, шүүмж манайд ирдэг. Угаасаа энэ өөрөө манай нийгэмд шинэ ойлголт учраас ямар нэгэн асуудал гарах нь тодорхой.
-Хүний оюуны бүтээлийг өөр хүн нэрээ тавиад олон нийтэд хүргэвэл тухайн хүн заргалдаж болох юм байна, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Тухайн бүтээл гармагцаа л танд энэ эрх чинь үүсч байна гэж үзэж болно. Эрх гэдгийг бид ингэж ойлгох учиртай. Нэгдүгээрт, таны үйл ажиллагаа авах боломж. Хоёрдугаарт эрхээ хэрэгжүүлэх боломж. Ямар нэгэн бүтээл туурвисан байлаа гэхэд нийтийн хүртээл болгох боломж. Гуравдугаарт, эрхээ хамгаалуулах боломж юм.
-Өнгөрсөн жил хуурамч CD, хуурцгийг устгалд оруулж байсан. Өнөөдөр ч гэсэн зах дээр хуурамч хуурцаг зарж л байдаг. Одоо ямар арга хэмжээ авах вэ?
-Нэг үеэ бодвол энэ байдал харьцангуй гайгүй болоод байгаа. Тухайн үйлдвэрлэгч, энэ чиглэлээр худалдаа явуулдаг хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой болсон. Одоо хүртэл зараад байгаа бол бид хуулийнхаа дагуу хурааж авна, устгалд оруулна. Өөр ямар ч яриа байхгүй.
-Томоохон компаниуд ямар нэгэн хонжворт сугалаа, гадаах худалдааны үеэр хамтлаг, дуучдын дууг тоглуулж байдаг. Энэ оюуны өмчийн хуультай хэрхэн нийцдэг вэ?
-Энэ асуудал их яригддаг. Угтаа тухайн шинийг санаачлагч, хамтлаг, дуучид болгон өөрсдийн бүтээлээ бариад зарж борлуулаад гүйгээд байх боломжгүй. Тиймээс энэ асуудлыг зохицуулсан төрийн бус байгууллага байх хэрэгтэй. Манайд энэ харилцаа орж ирээд жил гаруйн л нүүр үзэж байна. Тиймээс хэрвээ таны дууг бизнесийн зорилгоор ямар нэгэн арга хэмжээнд хэрэглээд байвал тухайн ТББ-тай гэрээ байгуулах ёстой. Тухайн ТББ-аар дамжуулаад тухайн бизнесийн байгууллага гэрээ байгуулчихвал ямар нэгэн асуудал гарахгүй. Манайд одоо л энэ асуудал зүгширч байна.
-Цахим ертөнц дахь оюуны өмчийн талаарх ойлголт манай улсад хэр зэрэг байгаа вэ?
-Цахим ертөнц өөрөө хил хязгааргүй асар том ойлголт. Цахим ертөнц дахь зохиогчийн эрхийн асуудал бол зохиогчийн эрхийн үндсэн зарчим дээр суурилах ёстой. Хэрвээ та цахим ертөнцөөр бусдын бүтээлийг ямар нэгэн байдлаар ашиглаж байгаа бол тухайн сайтаас ямар нэгэн зөвшөөрөл авч хууль дүрмийн л дагуу ажиллах нь зүйтэй. Хэрвээ тухайн сайт, өөр сайтаас хулгайлаад байгаа бол хуульд заасан арга хэмжээг аваад л явна. Түүнээс биш цахим ертөнцөд байгаа хэн ч биднийг мэдэхгүй гэж ойлгож болохгүй. Тухайлбал, эрх нь их зөрчигдөж байгаа цахим ертөнцийн оюуны өмчийн хувьд Монголын сайтуудын холбоо харилцан зөвшилцөлд хүрч хамтран ажиллаж байгаа. Ирэх хоёрдугаар сард багтаагаад цахим ертөнц дахь зохиогчийн эрхийн асуудлаар томоохон семинар зохион байгуулах гэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл солилцохдоо оюуны өмч, зохиогчийн эрхийг зөрччих гээд байдаг. Энэ нь оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбогдох мэдээлэл тааруу байгаатай холбоотой. Тиймээс оюуны өмчийн талаарх мэдээллийг түгээхийн тулд Засгийн газартай хамтран дунд сургуулийн хичээлд оруулах гэж байгаа. Дараагийн хичээлийн жилээс эхлээд сургалтын программд орно.
-Хэрвээ ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй байгаа нөхцөлд жишээлбэл, News.mn сайтаас мэдээлэл аваад доор нь сайтын нэр, сэтгүүлчийнх нь нэрийг тавьсан байсан ч хууль зөрчиж байна гэж ойлгож болох уу?
-Зөрчиж байна л гэсэн үг. Тухайн байгууллагын сэтгүүлчийн нийтлэл гарлаа л бол тухайн сэтгүүлч болоод тухайн байгууллагад автоматаар зохиогчийн эрх үүснэ. Хуульд заасан эрхүүд нь ч бий. Хэрвээ тухайн сайтын бүтээлийг тавих гэж байгаа бол тухайн байгууллагатай, эсвэл тухайн сэтгүүлчтэй харьцах ёстой. Эсвэл тухайн байгууллагаар нь дамжуулж, тухайн сэтгүүлчтэй уулзаж байж тавих нь эрх нь үүснэ.
-Та бүхний хэрэгжүүлж байгаа ажлыг олон нийт мэдэж байна танай ажил хэр байгааг дүгнэх байх. Өнөөдөр танай байгууллагыг олон нийт тэр бүр мэдэхгүй байна. Цаашид олон нийт рүү чиглэсэн ямар арга хэмжээг авах вэ?
-Олон нийтэд танигдана гэдэг харьцангуй ойлголт. Оюуны бүтээлийг бизнесийн зорилгоор ашиглаж байгаа хүмүүс анхаарч байвал жирийн иргэд энэ асуудлыг ойлгоод байх шаардлага байна уу, үгүй юу. Оюуны өмчийг патентжуулах талаар үйл ажил явуулдаггүй хүмүүс манай байгууллага хаана байдгийг мэдэхгүй байх тал бий. Нуулгүй хэлэхэд бид ч гэсэн олон нийтэд таниулах, танигдах тал дээр хойрго хандаж байгааг үгүйсгэхгүй. Бидний цаашдын зорилго бол олон нийтэд тайлбарлах, таниулах, танигдахад чиглэнэ. Салбарын шинжтэй сургалт сурталчилгааг байнга явуулна. Нийтэд хамаарах шинжтэй арга хэмжээг бид энэ оны турш байнга явуулна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Засгийн газраас “Үндэсний оюуны өмчийн өдөр”-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ний өдөр тэмдэглэхээр болсон. Дэлхийн оюуны өмчийн өдөр ч энэ өдөр тохиодог. Энэ өдөр бид олон нийтэд оюуны өмчийн талаарх мэдээллийг түлхүү хүргэх тал дээр ажиллана. Хэвлэл мэдээллийнхэнтэй хамтраад олон нийтэд мэдээлэл хүргэх тал дээр хамтран ажиллах бодол бий.
-Төр танай байгууллагатай хамтарч ажиллаж байна гэсэн. Төр тухайлсан өдөр гаргахаас өөр танай байгууллагатай үүнээс өөрөөр хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ?
-Ер нь төрийн чиг үүрэг бол тухайн үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчинг л бүрдүүлэх. Оюуны өмчийн салбар дахь хууль эрх зүйн орчин харьцангуй гайгүй. Оюуны өмчийн бусад салбарт ч хамтран ажиллах, гадаад орчинг нээлттэй болгох талаар томоохон ажлуудыг ч хийсэн.
-Миний асуугаагүй, таны яриагүй зүйл үлдсэн байж магадгүй. Тийм зүйл байвал яриач..?
-Олон нийтэд оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар мэдээлэл өгөхөд хамгийн хүртээмжтэй байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч манайхтай хамтран ажиллахад Оюуны өмчийн байгууллагын үүд хаалга нээлттэй. Би энд нэг үгийг онцлон тэмдэглэе. Аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд өөрийнхөө үйлдвэрлэлийн хүрээнд явагдаж байгаа оюуны өмчийн эрхийн хамгаалалтын асуудал дээр онцгой анхаарал хандуулаач. Шинэ бүтээл гаргасан ажилтнуудаа хуураад өнгөрөх асуудал мэр, сэр байна, өнөөдөр ч гэсэн. Тухайлбал, ажилтан Дорж шинэ бүтээл зохиолоо гэхэд дарга нь цалин дээр нь хэдэн төгрөг нэмээд л өнгөрч байна. Энэ буруу. Цаашид эдийн засгийн эргэлтэнд оруулж олсон ашгаас нь тухайн зохион бүтээгчид хүртдэг байх тогтолцоо руу л шилжих хэрэгтэй.