Нийслэлдээ л хамгийн их мах эргэлддэг, бас бөөний худалдааны гол төв болохоор эндээс мах худалдан авахаар ирэгсэд цөөнгүй. Захын үүдээр ороход л баярын ширээний “цар” дээр тавигдах ууцны махыг эгнүүлэн уртаас урт өрсөн харагдлаа. Одоо ид “сезон”-ых нь үе болоод ч тэр үү бараг л бүгдээрээ ууцны гэмээр тарган, том сүүлтэй хонины гулуузууд. Дунд зэргийн гулууз 120-160 мянган төгрөгийн ханштай бөгөөд 20-25 кг-ийн жин татах аж. Килограмм бүрийнх нь үнэ дунджаар 5000 мянган төгрөг гэсэн үг. Харин том сүүлтэй тарган ууцтай бол харин ч нэг үнэ цохиж байж авах бололтой. Нэг ёсондоо дуудлага худалдаа гэмээр. Бараг 40 орчим кг татахуйц нэлээд тарган, том гулуузыг 220 мянган төгрөгөөр зарчих гээд гуйж байхтай таарлаа. Худалдагч “Энэ махыг 300.000 мянга гэсэн ч цаг нь дөхөөд ирэхээр булаацалдаад л авна 250 мянгаар авбал ав” гээд хөдөлсөнгүй. Өнөөх хүн тэр махыг авах сонирхол хичнээн байвч хэтэвчин дэх мөнгөндөө захирагдаад яаж ч чадсангүй бололтой цааш явж харагдлаа. 30 орчим кг татах тарган ууцыг бол 160-180 мянгаар авчих боломжтой юм байна. Гэхдээ энэ хамгийн доод үнэ нь гэж хэлэхэд болно. Энд худалдаалж байгаа гулуузууд өнгөрсөн долоо хоногийнхоос 20 орчим мянгаар нэмэгдсэн гэдгийг ч мөн хэлж байлаа. Гадаа зарж байгаа махаас үхрийн мах арай хямд харагдлаа. Учир нь, эл махыг жижиглэнгийн махны худалдаачид худалдаж аваад ясыг нь шулж гэсгээгээд мөнгө нэмж зардаг юм байна. Зах дотор зарагддаг жижиглэнгийн махны үнэ ханшийг ч мөн орж сонирхлоо. Үхрийн шулсан мах 5500-5800 төгрөгийн хооронд. Харин ястай мах 4800-5200 төгрөгийн хооронд байсан юм. Хонины цул мах 5200 орчим төгрөг, ястай мах 4800-5000 төгрөг, адууны мах 4300 орчим төгрөгөөр зарагдаж байсан. Энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. “Махны үнэ цаашид буурахгүй улам л нэмэгдэнэ. Эртхэн махаа авсан нь дээр шүү” гэх зөвлөгөөг махны худалдагчид худалдан авагчдадаа зөвлөж байлаа. Учир нь, ойрд махны олдоц нэлээд багасаад байгаа аж. Эрэлт ч цаашид улам нэмэгдэх нь ойлгомжтой.
Махаас гадна хүнсний ногооны үнэ ханш ямар байгааг одоо сонирхуулья. Тус захад монгол төмс 800 төгрөг, голланд төмс 600 төгрөг, лууван 800-850, байцаа 700-750, сонгино 700-750, сармис 2500-2800, манжин 750-850 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 50 төгрөгөөр сарын өмнөхөөс 150 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдагч хэлж байсан юм. Яагаад үнээ нэмээд байгааг асуухад "Угаасаа хүнсний ногооны олдоц тааруухан байгаа. Тэгээд ч нөөц нь дуусч байгаа гэсэн, цаанаасаа авахдаа үнэтэй аваад байгаа юм чинь үнийг нь жоохон нэмж байж л хэдэн цаас олж байна шүү дээ. Тэгээд ч хүнсний ногоо эрсдэлтэй бизнес. Сайн хадгалж, хамгаалахгүй бол ялзарч муудна. Дулаан байрны түрээс зэргээс шалтгаалаад үнэ нь бага зэрэг өссөн явдал бий. Гэхдээ манайх бол бөөний цэг гэдэг утгаараа хамгийн хямдаар л худалдаалж байгаа. Манайхаас бусад газар худалдаж аваад цааш нь үнэ нэмж зарж байгаа шүү дээ" гэсэн юм.
Харин хэвийн боовны үнэ ерөнхийдөө 1000-аас 1800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Эндээс манайхны хамгийн ихээр хэрэглэдэг “Өгөөж”-ийн боов 1500 төгрөг байсан бол “Суман гүн”-ий өрөмтэй боов хамгийн үнэтэй нь буюу 1800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин гурил будааны үнэ сүүлийн үед өсөөгүй, сүүлийн хоёр сар үнэ нь тогтвортой байгаа гэсэн юм.