-Засгийн газрын хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний үнэ ханштай холбоотой асуудал авч хэлэлцлээ гэсэн. Гаргасан тодорхой шийдвэр юу вэ?
-Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханшийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Бидний хувьд нөхцөл байдлыг авч үзэн судалгаа хийхэд энэ оны эхний хагаст түүхий газрын тосны үнэ өсөх магадлал байна. Тийм учраас хоёрдугаар сард газрын тосны бүтээгдэхүүний үнэ ОХУ-д өсөх үү гэдгийг нэлээд ярилцлаа. “Роснефть” компанийн нефтийн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөөргүй орж ирэх магадлалтай байгаа. Тэгэхдээ 40 хувийг нийлүүлж байгаа ТНК компанийн нефтийн бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсөх магадлалтай. Латви, Литви гэх мэт Европын хойд хэсгээс бид бас нефтийн бүтээгдэхүүн авч хангалт хийж байна. Гэвч Оросоос орж ирж байгаа тээврийн үнэ бас нэмэгдэж байна. Энэ нь нефтийн бүтээгдэхүүнд дахин огцом өсөлтийг бий болгож болзошгүй учраас энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг НӨАТ-ынхаа хувь хэмжээг бууруулах онцгой эрхийг Засгийн газраас авах болж байна. Урд өмнө НӨАТ-ыг бууруулах асуудлыг Сангийн яам зөвшөөрөөгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сард бүтээгдэхүүн орж ирсний дараа энэ асуудлыг Засгийн газарт оруулах болж байна.
-Нефтийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх талд анхаарах хэрэгтэй байна гэдгийг УИХ-ын гишүүд нэлээд ярих болсон?
-Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхийн тулд 16.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байгаа. Түүгээрээ нөөц бүрдүүлэх. Мөн ирэх дөрөвдүгээр сард нэгдсэн төсөвт тодотгол хийх чигтэй байгаа. Тэр үеэр 30 хоногийн нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн төсвийн тодотголд суулгуулах чиглэлээр асуудал боловсруулахыг Сангийн сайдад энэ удаагийн хуралдаанаас үүрэг болголоо. Мөн улсын нөөцийн агуулах барих ажил энэ онд эхэлж байгаа. Нийт 22.5 тэрбум төгрөг суусан байгаа. Санхүүжилтийн эх үүсвэрийг энэ онд багтаан гаргах тогтоолыг мөн гаргалаа.
-Нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж байгаа юу?
-2012 оны нэгдүгээр сард нефтийн бүтээгдэхүүний үнэ литр тутамд 250 төгрөгөөр өссөн байсан одоогоор 55-70 төгрөгөөр буурсан. Энэ үнийг үргэлжлүүлж буурах, энэ хэмжээндээ барих асуудлыг хоёрдугаар сард үнийн санал ирэхэд авч үзнэ.
-НӨАТ хэд байж байгаад хэдээр бууруулах хүртэл арга хэмжээ авна гэж төлөвлөж байна вэ?
-НӨАТ бол 10 хувь байгаа. Энэ бол тэгэхдээ онцгой арга хэмжээ гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл Гаалийн болон Онцгой албан татварыг тогтмол авдаг байсан, 2009 оноос хойш тогтвортой авч байсан. Гэвч 2011 оны тав, зургадугаар сараас нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Энэ үеэр бид бүх татваруудаа тэглэсэн. Одоо бол НӨАТ-ыг бууруулах, эсвэл тэглэж ч болзошгүй. Импортоор орж ирэх нефтийн бүтээгдэхүүний үнийг харж байж шийднэ.