Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны гишүүд нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг авч хэлэлцсэний зэрэгцээ бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах чиглэлээр ажилласан байна. Ингээд дараах шийдвэрүүдийг гаргаж, УИХ болон Засгийн газарт тодорхой санал хүргүүлж буй аж. Тухайлбал, УИХ-д төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй Монголбанкны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээ авах. Гадаад худалдааны голлох валютын ханшны долоо хоногийн хэлбэлзэл 2 хувиас дээш гарах тохиолдолд төв банк нь Засгийн газартай ямар арга хэмжээ авах талаар зөвшилцөж, шийдвэрлэдэг байх.
Монголбанкны ерөнхийлөгчийн дэргэд мөнгөний бодлогын зөвлөл байгуулах, уг зөвлөлд төр үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруулах тухай заалтыг Валютын зохицуулалтын тухай хуульд нэмж тусгах. Америк доллартай харьцах төгрөгийн ханшийн огцом өсөлтийн өмнөх төвшинд хүргэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх үүргийг төв банкинд өгөх. Төсвийн байгууллагад ажиллагсдын цалинг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.
Харин Засгийн газарт дараах санал хүргүүлсэн юм байна. Тодруулбал, Авто бензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг өсөлтийн өмнөх төвшинд хүртэл бууруулах талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг ирэх хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн шийдвэрлэх. Шатахууны хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэж, улирлын хэрэгцээний нөөц бүрдүүлэх ажлыг түргэвчлэх.
Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар, иргэд аж ахуйн нэгжүүдэд байгаа махны нөөцийн судалгааг нэн даруй гаргаж томоохон хот суурин газруудад махны нөөцийг нэмэгдүлэх арга хэмжээг яаралтай авах.
Цаашид махны нөөцийг баталгаатай байлгахын тулд Эргэлтийн сан байгуулж дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээр дэмжих.
Өрсөлдөөний тухай хуулийн дагуу зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэгтэй хамтын удирдлага бүхий зөвлөлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулан ажиллах гэсэн саналуудыг хүргэхээр болжээ.