Г.Мандахнаран: Өнгөрсөн жилээс хойш харих зав ч гарахгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран: Өнгөрсөн жилээс хойш харих зав ч гарахгүй байна

Уншигч таныг 2010 оны Азийн наадмын аварга, ОУХМ Г.Мандахнарантай уулзуулж байна. Монголын чөлөөт бөхийн 60 кг-ын жингийн тамирчид хэзээнээс алдартай. Энэ нэр төр, алдар хүндийг хариуцлагатай авч яваа түүнтэй энгийн яриа өрнүүлсэн юм. Г.Мандахнаран дэвжээн дээрээ эрч хүчтэй, хурц, дайчин харагддаг ч амьдрал дээр дөлгөөн, их энгийн нээлттэй хүн байв.

-“Mongolia Open” тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

-Энэ тэмцээнийг манай улс хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Монголд олон улсын тэмцээн олон болж байсан ч, сүүлийн жилүүдэд зогсоод байдалд ороод байлаа. Гэтэл “Женко” групп галыг нь унтраалгүй үргэлжлүүлэн зохион байгуулах болсон нь тамирчин бидэнд маш их тус хүргэж байгаа юм. Энэ жилийнх дэлхийн алдартнууд цугларсан өргөн хүрээтэй боллоо. Олимпийн жил гэдэг үүднээс тамирчид сайхан хүлээж авсан.

-Тэд манай улсаас ямар тамирчид олимпод оролцохыг харсан байх даа?

-Мэдээж. Манай улсын тамирчид бөхийн аль ч төрлөөр дэлхийд ноёлох хандлагатай болохоор судлахаас аргагүйд хүрээд байгаа. “Mongolia Open” тэмцээний миний жинд медаль авсан нөгөө гурван тамирчин гадны орных байлаа. Үүнээс харахад энэ тэмцээн ямар их өрсөлдөөнтэй, чансаа шалгасан болох нь харагдаж байгаа юм. Ми­ний жингийн манай улсын тамир­чид чансаагаараа улсдаа байтугай дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл гадны тамирчид хүч түрэн орж ирснийг харахад хэр судалсан нь харагдаж байгаа юм.

-Одоо таныг ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Ирэх сарын 15-16-нд Украины Киевт болох олон улсын тэмцээнд оролцоно.

-Олимпийн эрх авах тэмцээн удахгүй эхэлнэ. Бэлтгэлээ бүрэн хангаж чадсан уу?

-Хүн бүр л “Олимпийн эрх авах тэмээнд сайн оролцох хэрэгтэй” гэж ярьж байна. Энэ зөв л дөө. Тухайн хүн биеийн болон сэтгэлзүйн бэлтгэлээ сайн хангавал ямар ч тэмцээнд амжилттай оролцох боломжтой. МҮБХ олимп болтол биднийг ваакумжуулсан орчинд өндөр зэрэглэлийн бэлтгэл хийлгэхээр төлөвлөсөн.

-Тамирчдыг судлах их чухал гэлээ. Тэгвэл жингийнхээ тамирчдыг хэр судалж байна вэ?

-Би 2010 оны Азийн наадамд оролцохоос өмнө Японд хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэгэхэд тус улсын өөрийнхөө жингийн нэг номерын тамирчныг судалж, бэлтгэснээр тэмцээнд ялсан. Би өрсөлдөгчөө судалж, сул талыг нь ашиглаж байгаа юм чинь бусад орны тамирчин ч чадвараа дээшлүүлж барилдах нь ойлгомжтой. Гэхдээ илүү тактик боловсруулсан нь ялна. Миний жингийн хамгийн сайн тамирчид Азийнх байдаг. Олимпод оролцох магадлал өндөртэйнх нь барилдааны бичлэгийг үзэх замаар багш нартайгаа хамт дүгнэж байгаа.

-Одоогоор аль улсын тамирчин “хатуу самар” вэ?

-Цол дагаж бяр гэдэг болохоор өөртөө итгэлтэй байгаа. Киргизийн нэг бөх бий. ДАШТ-ээс медаль хүртэж, олимпод тавдугаар байр эзэлж байсан. Дараа нь ОХУ, БНСУ, БНХАУ-ын бөх. Өнгөрсөн жилийн ДАШТ-д Солонгосын тэр тамирчин намайг судалсан байсан. Миний хийх гэсэн мэх бүрийг сайн хамгаалж байна билээ.

-Та манай сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Тиймээс манай уншигчдад сонирхуулж энэ спортод хэрхэн хөл тавьсан түүхээсээ хуучлаач?

-Төв аймагт дунд сургуульд сурч байхаасаа л хичээллэсэн. Тухайн үед хэзээ нэгэн цагт мэргэжлийн тамирчин болох бодолгүй, зөвхөн бие бялдраа хөгжүүлэх зорилгоор л ноцолддог байлаа. Спорт хүнийг овсгоотой болгож, амьдралыг харах үзлийг төлөвшүүлдэг болохоор сонирхлынхоо дагуу энэ спортыг сонгосон. Дараа нь оюутан болж, хотод ирээд мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан. Энэ үед бэлтгэл хийхгүй л бол сонин санагдаад байдаг байлаа. Хичээл хийхээс дургүй хүрнэ. Үүний оронд зааланд очоод хэд өнхөрчихвөл толгойн өвчин намдах юм шиг санагдсан. Илүү аз жаргал мэдрэх ч шиг. Тэр үед би “Өөрийнхөө дуртай зүйлийг хийж, дураараа амьдарч яагаад болохгүй гэж” бодоод сургуулиа хаясан.

-Хүн дуртай зүйлдээ илүү хүч гаргадаг гэдэг. Энэ таныг амжилт руу хөтөлсөн болов уу?

-Тийм ээ. Бэлтгэл хийгээд ядарсан ч ядраагүй юм шиг л байдаг. Хүмүүс надаас “Чи аз жаргалтай хүн мөн үү” гэж асуухад нь “Тийм ээ. Би дуртай зүйлээ хийхийн зэрэгцээ “Алдар” спорт хороо намайг бусдаас илүү биш ч дутуу явахгүйг минь баталгаажуулж цалин олгож байна. Олон түмэн ч таньдаг боллоо. Тиймээс өөрийгөө аз жаргалтай гэж хэлнэ” гэж хариулдаг. Өнөөдөр дуртай ажлаа хийж чадахгүй яваа хүн олон бий. Тэдэн шиг болоогүйдээ баярладаг.

-Та Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаярын удирдлага дор хичээллэдэг. Багштайгаа хэрхэн холбогдсон бэ?

-Багшийгаа Азийн наадамд оролцож байсан үеийнх нь бичлэгийг хүүхэд байхдаа үзсэн юм. Тэр бичлэгт багш маань жингээ хасчихаад зогсч ч чадах­гүй, хоёр хүнээр түшүүлээд явж байгаа гардаг. Цамцыг нь мушги­хад хөлс нь усан дотроос даавуу гаргаад мушгиж байгаа юм шиг л асгарч байсан. Түүнийг хараад “Энэ үнэхээр сайхан хөдөлмөр юм даа. Энэ ах шиг нэг зүйлийнхээ төлөө тэмцэх юмсан” гэсэн бодол ч төрж байлаа. Тэр үед багшийг бөх сонирхогчид сайн таньдаг байсан болохоор “Энэ хүн шиг олны танил болох юмсан” гэх бодол төрж байсныг нуугаад яахав. Энэ бол хүүхдийн бодол шүү дээ. Ингээд дээд сургуулиа орхиж, 2003 онд “Алдар” спорт хороонд очиж багшийнхаа шавь болсон. Би тэмцээнд явах бүртээ багшаасаа зөвлөгөө авдаг. Хүндэлж явдаг хүний минь нэг. Багшаараа байнга бахархаж явдаг.

-“Алдар” спорт хороонд очиход дасгалжуулагч болон тамирчид хэрхэн хүлээж авч байв?

-Анх би хөдөөний банди байсан. Надтай хамт Азийн хүүхдийн наадмын медальтай хүүхдүүд бэлтгэл хийж байв. Тэдэнд хожигдчихоодд шар хөдөлж, “Би энэ хүүхдээс юугаараа дутдаг юм. Адилхан гартай бол гартай, хөлтэй бол хөлтэй хэрнээ ялагдаад байх даа яах вэ дээ” гэж бодсоноос хойш миний бэлтгэл чангарсан. Сайн тамирчидтай бэлтгэл хийсэн минь ч сайжрахад түлхэц болсон байх.

-Хэдэн жилийн дараа 60 кг-д улсынхаа номер нэг тамирчин болсон бэ?

-Хоёр жил хэртэй хичээллээд байх үед клубуудын дунд тэмцээн зохион байгуулагддаг болсон. Эхэндээ ялагдахад нь ялагдаж, ялахдаа ялж явлаа. Харин хоёр жилийн дараа дээд үеийхнийгээ хүртэл ялж 60 кг-ыг тэргүүлэх болсон.

-Энэ жиндээ барилд гэж багш нар тань зөвлөсөн үү?

-Тийм. Тэд намайг “Чи жин нэмбэл олон хүчтэй өрсөлдөгчтэй учирна. Иймээс амжилт гаргах боломжтойгоороо энэ жинд барилд. Ядахдаа 2012 оны олимп хүртэл” гэж зөвлөсөн.

-Тэгвэл олимпийн дараа жин өгсч барилдах бодолтой юм байна, тийм үү?

-Олимпийн дараа амралт ихэсч, хүчний бэлтгэл түлхүү хийхээр жин нэмэгдэж магадгүй. Тэгвэл л жин өгсч барилдана.

-Таныг Азийн наадмын аварга болсны дараа, олон ивээн тэтгэгчтэй болж, үнэтэй орон сууцанд амьдардаг болсон гэх яриа гарсан. Хувийн амьдралын тань талаар жаахан ярилцах гэсэн юм?

-Бололгүй яах вэ. Гэхдээ би орон сууцтай болж амжаагүй л байна. Азийн наадмын аварга болсноос хойш сарын орлого бага зэрэг нэмэгдсэн нь үнэн. Би чинь аав, ээжээсээ өвлөх хөрөнгөгүй хүн. Одоогоор бусдад харагдахуйц бэлтэй болоогүй л байна. Бэлтгэлээ сайн хийж амжилтаа улам бататгаад явбал илүү сайхан амьдралд хүрэх нь мэдээж. Тиймээс амьдрал, амжилтынхаа төлөө зүтгээд л байна даа.

-Хаана амьдарч байгаа вэ?

-Төв аймагт эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Хотод удаан хугацаагаар байх шаардлага гарвал Шар хаданд айлын хашаанд байгаа гэртээ очдог. Өнгөрсөн жилээс хойш харих зав ч гарахгүй байна.

-Гэр бүлийнхээ хүнийг танил­цуулаач?

-Эхнэрийг маань Б.Ууганцэцэг гэдэг. Бид дунд сургуульд нэг ангид сурдаг байсан юм. Өнгөрсөн зун хүүтэй болсон.

-Ямар нэр өгсөн бэ. Та хайрласан уу?

-Намайг Эрдэнэтийн “Олимп” баазад бэлтгэл хийж байхад эхнэр маань хүү төрүүлсэн тухай мэдээ очсон юм. Тэгээд хэд хоногийн чөлөө авч харьсан. Хадмууд “Чи хүүдээ нэр өг” гэдэг юм байна. Өмнө нь хүүхдэд нэр өгнө гэж огт бодож байгаагүй болохоор шууд хэлж чадалгүй, шөнөжин бодож байгаад Тэмүүлэл гэдэг нэр өгсөн.

-Яагаад ийм нэр сонгосон юм бол. Нэр бүхэл утга илэрхийлдэг гэдэг?

-Залуу хосууд амьдрал, амжилтын төлөө тэмүүлж байгаа болохоор энэ нэрийг сонгосон юм.

-Тамирчдын олонх нь гэр бүл, амьдралын шалтгаанаар зодог тайлсан байх юм билээ…

-Тийм тал бий. Миний хувьд тэмцээн, бэлтгэл гэж явсаар жилийн сар хүрэх­гүй хугацааг гэртээ өнгөрөөсөн байдаг. Иймд тамирчдыг ар гэрийхэн нь зөвөөр ойлгож байгаасай.

-Гэргий тань үүнийг сайн ойлгоно биз?

-Тийм шүү. Аз болоход надад ухаалаг бүсгүй заяасан. Хааяа “Хүү бид хоёр дээр хэзээ ирэх гэж байна” гэж утсаар ярьдаг. Эхэндээ хэцүү санагддаг байлаа. Тиймээс би нэг харихдаа эхнэртээ “Спорт бол залуу насны ажил. Би 30 нас хүртлээ амжилттай барилдахыг хичээе. Түүнээс цааш үргэлж хамт байх юм чинь одоо л спортдоо анхааралаа хандуулмаар байна. Тэр болтол хоёулаа санахын жаргал эдлээд л явж байя. Мөн дараагийнхаа амьдралыг ч баталгаатай болгох хэрэгтэй. Ингэхгүй бол спортоо орхисон ч та хоёрыгоо тэжээх гээд дахиад л орхиод явах болно” гэж хэлсэн. Өөр арга байгаагүй.

-Залуу хүн боловсролдоо анхаа­рах хэрэгтэй. Ямар нэгэн мэргэжил эзэмших бодол бий юү?

-Би МУБИС-ийн БТДС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Магистрын зэрэгтэй болохоор сурах гэсэн боловч олимп дөхөөд бэлтгэл эрчимжсэн тул боломжгүй болчихлоо. Англи хэл сурах шаардлага их гарах юм. Амралтынхаа цагаар хааяа англи хэлний сурах бичиг харна. Цаашдаа Батлан хамгаалахын их сургуульд төр захиргааны ангид сурах бодолтой явна.

-Та бөхөөс өөр юу сонирхдог вэ?

-Аав маань намайг бага байхад осолд орж хэвтэрт орсон болохоор хатгамал оёдог байсан. Үүнийг нь харсаар байгаад оёдог болсон. Энэ миний нэг хообий юм даа. Тамирчин хүн, тэр тусмаа эрэгтэй хүн юм оёод сууж байхыг зарим хүн хараад гайхдаг. Тамирчин л юм чинь “Бүдүүн бараг байх ёстой” гэж ойлгодог юм шиг.

-Ихэвчлэн юуны хатгамал хийдэг вэ. Морь уу?

-Гоё зураг байвал ямар ч хамаагүй. 2008 оны Бээжингийн олимпийн логог таван цагирагтай нь хатгаж жаазлаад хоймортоо байрлуулчихсан байгаа. Аав маань эрийн гурван наадмаа хатгаад бас жаазалчихсан.

-Лондоны оимпийн цагирагийг хатгах уу?

-Чадвал эхлээд олимпдоо оролцоодохъё. Тэгээд дараа нь больё (инээв).

-Дуу хууранд хэр вэ. Тамирчид ядаргаагаа тайлах гэж караокед ордог гэж сонссон?

-Би солгой хоолойтой. Найранд гарцаагүй дуулах шаардлага гарвал цайны гурван дуугаа эхэлчихнэ. Эхэлсний дараа хүмүүс түрээд явчихдаг юм.

-Гадаадын хэчнээн орноор явсан бэ?

-Тоолж байсангүй. Гурван жилийн өмнө тоолоход 10 гаруй байсан. Одоо ямар ч байсан түүний талтай тэнцэх улсад очно.

-Хамгийн гоё нь аль улс байв?

-2005 онд Швейцарь руу явсан. Анх гадаад оронд очсон болоод ч тэр үү их сайхан санагдсан.

-Дурсгал болгож юу худалдаж авдаг вэ?

-Тухайн орны далбаатай хөргөгч¬ний наалт авдаг. Гэртээ хоолоо идээд сууж байхдаа харах гоё байдаг юм.

-Аав, ээжийн тань талаар яримаар санагдлаа. Таныг аавтайгаа амьдардаг гэж сонссон?

-Амьдралын эрхээр хүн яаж ч амьдарч болно. Аав маань 1989 онд осолд орж суугаа болсон. Одоо бие нь гайгүй болсон болохоор Төв аймагт таксинд явж байгаа. Хүүхдүүдээсээ мөнгө авахгүйн тулд биеэ зовоогоод л хийж байдаг юм.

-Ээж тань хотод барилгад ажилладаг гэл үү?

-Тийм. Засал чимэглэлийн чиглэлээр ажилладаг. Хүмүүс аав, ээж хоёрыг маань салсан гэж ойлгодог. Тэд хаана амьдрал, ажил байна тэрийг дагаж тус тусдаа хөдөлмөр эрхэлдэг юм.

-Би таныг аавтайгаа илүү дотно байдаг болов уу гэж боддог?

-Би аль алинтай нь дотно. Дүү бид хоёрыг бага байхад аав осолд орсон болохоор ээж маань бид гурвыг өлсгөхгүй, хүний дор оруулахгүйн тулд маш их хөдөлмөрлөсөн. Үүр цайгаагүй байхад гараад л, үдшийн бүрийгээр ирж, гэрээ цэвэрлэж, хоолоо хийгээд л, ядраад л. Тэр бүхнийг одоо бодохоор ээжийгээ улам хайрламаар болдог юм (хоолой нь чичирч, нулимс нь мэлтэлзэж байв).

-Дүүг тань Мандахгэрэл гэдэг байх аа. Дээд сургуулиа төгссөн үү?

-Тийм ээ. Хувийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байгаа.

-Цаг гаргаж ярилцсанд баярла­лаа. Танд амжилт хүсье.

У.Баярсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж