Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав “Манай улс даяаршлын зүг явж байна. Өнөөдрийн үйл явдал миний мөрөөдөл гүйцэлдэхэд ойртуулж байна гэж бодож байна. Миний шавь бага нялхаасаа эхлээд дуулсан хүн. Би од гэж тэнгэрт бий, мод гэж газарт бий гээд хэлж байсан. Харин одоо бол од тэнгэрээс буугаад ирж гэж хэлж болохоор байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Ард даатгал”-ын энэхүү тэрбумын даатгал нь дуучны хоолойны хамрах хүрээг үнэлж, хамгаалж буй явдал бөгөөд ямарваа гадны нөлөө, хүчин зүйлээс шалтгаалж дуулах чадвар алдагдах, багасах, цаашид дуулж чадахгүй болох эрсдэл нүүрлэвэл тэрбум төгрөгийг олгох гэнэ. Тухайлбал хоолойны хөвч тасрах, бие, эрүүл мэндийн өөрчлөлтөөс шалтгаалсан хохирлыг хамааруулах ажээ.
Энэ үеэр СТА дуучин Ө.Цэрэнчунтаас сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Та хоолойгоо даатгуулж байгаа анхны дуучин боллоо. Анх энэ мэдээг хэрхэн хүлээн авсан бэ?
-Миний хоолойг үнэлж, намайг дэмжиж, даатгаж байгаад их баяртай байна. Би энэ мэдээг дуулаад хоёр хонож байна л даа. Анх сонсоод итгэж чадаагүй ч гэмээр юм уу, гайхсан л даа. Харин одоо бол үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Ер нь таван жилийн хугацаатай даатгал юм. Цаашдаа энэхүү даатгал маань сунгагдаад явах байх. Энэ нь миний уран бүтээл, миний дуу хоолойг дэмжиж, үнэлэхийн хамтаар сонгодог урлагийг дэмжиж байгаа гэж ойлгож байна.
-Цаашдын уран бүтээлээ хэрхэн төлөвлөж байна вэ?
-Ирэх сарын 6-нд хоёр бүсгүйтэй хамтарсан тоглолтоо хийх гэж байна. П.И.Чайковский, Ж.Пуччиний, Вердигийн сор болсон бүтээлүүдийг Монголчууддаа толилуулна. Энэ жилдээ багтаж Итали, Беларус, Орос, Санкт Петербург хотод тоглох төлөвлөгөөтэй байна. Одоо ер нь дуурийн чиглэлээрээ уран бүтээлээ туурвих бодолтой байгаа.