“Хүчит шонхор” захын удирдлагыг шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор” захын удирдлагыг шүүхэд өгнө гэв

“Хүчит шонхор” захын түрээслэгчид өнөөдөр сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлээ. Тус захын павилон түрээслэгч 51 хүнээс тус захын гүйцэтгэх захирал Т.Сайнхүү “Эрсдлийн сан” гэгч нэрийн дор түрээслэгч тус бүрээс гурван сая төгрөгийг хураан авчээ. Шаардсан хугацаа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 8-наас арванхоёрдугаар сарын 15 хүртэлх хугацааны дотор шаардсан мөнгийг төлж дуусгажээ.

Түрээслэгчдийн мэдэгдсэнээр “Хүчит шонхор” захын гүйцэтгэх захирал Т.Сайнхүү түрээслэгчдийг шаардсан мөнгийг төл эсвэл одоо павилоны түлхүүрийг өг. Өгөхгүй бол ажлын байрыг чинь өөр мөнгөө өгч чадах хүнд өгнө. Хэрэв үйлдвэрчний эвлэл байгуулж хэл ам хийвэл шууд ажлын байраа чөлөөл” гэх зэргээр дарамталжээ. Үүнд дургүйцсэн худалдаачид “Хүчит шонхор худалдаа эрхлэгч түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэл” байгуулж , даргаар түрээслэгч Ч.Заяа ажиллаж эхэлжээ. Худалдаачид хууль бусаар өгсөн мөнгөө буцаан авахыг хүсч байгаа аж.

 Мөн “Хүчит шонхор” захын захиргааг шүүхэд өгөхөө онцоллоо.  Хууль бус гэж үзэж буй шалтгаанаа “Түрээслэгчдэд 3 сая төгрөг төлсөн гэх орлогын баримт өгөөгүй, ямар ч гэрээн дээр гарын үсэг зуруулаагүй” хэмээн тэд тайлбарлав. Тус захад нийт мянга гаруй түрээслэгч байдгаас гадна павилон түрээслэдэг 51 хүн энэ мөнгийг өгсөн ажээ.

Тус үйлдвэрчний эвлэлийн хорооны эрхзүйч Х.Сувд “Энэ мөнгийг захын захиргаа ихээхэн хэмжээний мөнгөний хуримтлал бий болгож мөнгө угаах гэж байна. Баримт өгөхгүй байгаа нь татвараас зугтаах, нуун дарагдуулах үйл ажиллагаа гэж үзэж байна” гэв.

 Тус захын сарын түрээсийн төлбөр гэж 220 мянган төгрөг, хүнтэй хамтарч ажиллавал 110 мянган төгрөг, ачигч ажиллуулбал 30 мянган төгрөг, мал эмнэлгийн 15 мянга гэх мэтийн нэмэлт төлбөр төлдөг байна.

Тэдний эргэлтийн мөнгө нь гурваас дөрвөн сая төгрөг бөгөөд “Эрсдлийн сан”-д өгсөн мөнгөө бүгд банк болон хувь хүнээс зээлсэн гэнэ. Одоо зээлээ төлж чадахгүй, эргэлтийн мөнгөгүй болсон түрээслэгчид павилоныхоо хаалгыг хаахад хүрчээ. Энэхүү үйл ажиллагааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо дэмжиж байгаа гэнэ.

Энэ асуудалд эсрэг талын байр суурийг сонсохоор “Хүчит шонхор” захын ерөнхий нягтлан бодогч н.Отгонжаргалтай ярилцлаа.

-Ямар учраас түрээслэгчдээс гурван сая төгрөг хурааж авсан бэ?

-Манай захын захиргаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Эрсдлийн сан”-г байгуулж түрээслэгч 51 хүнээс тус бүрд нь гурван сая төгрөг нэхэмжилж авсан. Гадаа худалдаа үйлчилгээ явуулдаг түрээслэгчдийн эрүүл аюулгүй нөхцөлд ажиллах эрхийн дагуу л энэ санг анх бүрдүүлсэн.

– Энэ сангийн мөнгө юунд зарцуулагдах вэ?

– Гэнэтийн хулгай дээрэм, галын аюул, хаалга цоож эвдрэх, цахилгааны гэмтэл гарах гэх зэрэг болзошгүй хүчин зүйлийн үед хэрэглэнэ. Бид цаашдаа энэхүү сангийн гурвансая төгрөгийг нэмэх бодлоготой байгаа. Караоке хүртэл барьцааны мөнгө шаарддаг биз дээ. Түүнтэй л ижил шүү дээ.

– Түрээслэгчидтэй ямар нэгэн гэрээ хийж, баримт өгсөн үү?

– Тэгэлгүй яахав, “Лангуу түрээслэгчдийн гэрээ”-нд манай талаас “эрсдлийн сан”-д тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал бий болгоно гэсэн заалт байгаа. Түрээслэгчид баримт өгөөгүй гээд байгаа. Өнөөдөр надаас баримт нэхэж нэг ч хүн орж ирээгүй байна. Би байцаагч нартайгаа “Эрсдлийн сан”-гийн мөнгөний хувьд баримт авч баримтаар л бүх зүйлийг шийдэж байгаа. Яагаад баримт гээд байгааг мэдэхгүй байна.

-Та бүхэн энэ мөнгөний дүнг гаргахдаа судалгаа хийсэн үү?

– Хийлгүй яахав. Түрээслэгчид манай захад зогссоноор гурав байтугай гучин сая төгрөгийн орлого олох нь энүүхэнд. Гэтэл тэд улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Бид харин ч уян хатан бодлогоор хандахыг хичээдэг. Бид тэднийг заавал энд зогс гэж гуйгаагүй.

– Гадаа их хүйтэн байна. Ажилчиддаа хэр анхаарал тавьдаг вэ?

-Бид зах дотроо бохирдсон хувцсыг нь угааж өгч байна. Усанд үнэгүй орж байна. Орж байгаа машинаас татвар авахгүй байгаа. Зарагдаж байгаа маханд эрүүл ахуйн шинжилгээг сайтар хийж эрүүл хүнсээр ард түмэндээ үйлчлэх боломжийг нээж өгдөг.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж