Уг тунхагт улс төрийн, эдийн засгийн, нийгмийн чиглэлээр эрхэм зорилтууд дэвшүүлжээ. Эхний хэсэгт монголчууд юунаас болж бухимдаад байгаа талаар дурдсан байна.Төрийн ордныхны компьютер ”хэсч” яваа уг тунхаглалыг бүрэн эхээр нь хүргэе.
Тунхаглалд:
“Монгол нэг л бишээ гэж толгой сэгсрэх хүмүүс олон боллоо. Учир нь хүн төрөлхтний агуу түүхийг бүтээсэн агуу түүхийн санамжтай ард түмэн ядуу, зүдүүгээрээ дуудуулах дургүй нь тодорхой.
Үнэн, шударгыг эрхэмлэдэг ард түмэн, худал хуурмагийг үзэн яддаг. Монгол хүн бүр худал хуурмагийг өөрийн биер мэдэрч, ойлгон дургүйцэн бухимдаж байна.
Монголын ард түмэн өөрийн сайн сайхны төлөө төрөө цогцлоон байгуулж, сайн сайхан амьдрах л ёстой бөгөөд төр нь ард түмний л төр байх учиртай.
Монголд төр бий боловч монгол хүн өөрийн газар нутаг дээрээ дөрөв, тавдугаар зэрэглэлийн байж болохгүй гэж монголчууд бухимдаж байна.
Монгол Улс авлигын индексээр 2011 онд 2,7 оноогоор өнгөрсөн жилийнхээс дөрвөн байр ухарч 120-т жагссан нь авлигал аюултай төвшинд хүрснээс болж монгол хүн бүр төрийн нэр барьсан луйварчидад бухимдаж байна.
Монгол Улс ардчиллын индексээр 2011 онд 6,23 оноогоор өнгөрсөн жилийнхээс таван байр ухарч 69-т жагсаж хангалтгүй ардчилалтай орнуудын тоонд багтжээ орж монгол хүн бүр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсоо алдсандаа бухимдаж байна.
Өндөр мэдлэг чадвартай, ажиллаж, хөдөлмөрлөсөн туршлагатай хүн дарга, сайд болох зүй ёстой байтал эсрэгээрээ хамгийн бялдууч, луйварчид хоорондоо хуйвалдагсад хор найруулагчид дарга, сайд болж байгаад монгол хүн бүр дургүйцэн бухимдаж байна.
Эрх мэдэлд улайрсан, шударга бус, халаасаа зузаалах гэсэн хүсэлтэй хүмүүс албан тушаалд дэвшиж, дэвших гэж улайран хөөцөлдсөнөөс болж нам “олигархижсан нам” гэсэн нэр авсанд намын шударга гишүүд бухимдаж байна.
Улс төр нийт ард түмний сайн сайхны төлөө байх ёстой байтал одоогийн улс төр хуйвалдаан, луйвар болж цөөн хэдэн хүний баяжих, наймаалцах хэрэгсэл болсонд хүмүүс бухимдаж байна.
Аливаа улс орны эдийн засгийн үр өгөөж нь тухайн ард түмэн хүртэх ёстой. Гэтэл монгол хүн эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэж чадахгүй байгаад гутран монголчууд бухимдаж байна.
Аливаа улс орны байгалийн баялгийг тухайн улс орныхоо ард түмний төлөө ашиглах ёстой байдаг. Харин энэ зарчим Монголд үйлчлэхгүй Монгол хүнд ашигтай биш харин гадаадынхантай сүлбэлдсэн олигархиудад ашигтай байгаад монгол хүн бүр бухимдаж байна.
Цөөхөн хэдэн нам дамнасан улс төр-бизнесийн бүлэглэлүүд өргөн хэрэглээний барааны үнийг нэмэх замаар монгол хүн бүрийн баялгийг дээрэмдэж байгаад, баялгийн шударга бус хуваарилалтад бухимдаж байна.
Мухар сүсгийг дэлгэрүүлж монгол хүний оюуныг доромжилж байгаад монголчууд бухимдаж байна.
Төрийг төрийн нэр барьсан луйварчдын мөнгөжих хэрэгсэл болгож цэвэр улс төр байхгүй боллоо гэж монгол хүн бүр бухимдаж байна.
Төрийн нэр барьсан луйварчдыг орчин үеийн хэллэгээр авилгачин, олигархи, төрийн нэр барьсан хулгайч нар, цаашлаад хүн төрөлхтний эсрэг эрүүгийн гэмт хэрэгтнүүд хэмээн нийт хүн төрөлхтөн тодорхойлсон ба Клептократ (хулгайч эрх мэдэлтэн)гэж нэрлэдгийг монголчууд ойлгож, монгол ариун оронд маань ийм үзэгдэл бий болсон байна хэмээн бухимдаж байна.
Төрийн нэр барьсан луйварчид өөрийн аж ахуй нэгжүүдийн ашгийг хамгийн дээд хэмжээнд барихын тулд татвар төлдөггүй луйвар хийдэгт монгол хүн бүр бухимдаж байна.
Хүн төрөлхтний эдийн засгийн түүхэнд иргэдэд биш компаниудад л ашигтай явж ирсэн уул уурхайн салбарыг цорын ганц хөгжлийн гарц, хувьсгал хэмээн сурталчилж, мэдлэгээрээ эдийн засгийн хөгжлийг удирдахыг бүтэхгүй хэмээн сурталчилж байгаад монголчууд бухимдаж байна.
Төрийн нэр барьсан луйварчид мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай, үндэстний төлөө амбицтай хүмүүсийг төрийн байгууллагуудад ажиллуулахыг үл хүснэ. Тэднийг аль болох ажилгүйдлийн эгнээ рүү түлхэн оруулж байгаад монгол хүн бүр бухимдаж байна.
Төрийн нэр барьсан луйварчид монгол орныг үгээгүй ядуу, бусад улсуудаас хараат байдалтай амьдрах, ядуурал ажилгүйдлийн давхарга бий болгож байгаад монгол хүн бүр бухимдаж байна.
Төрийн нэр барьсан луйварчид учир утгагүй уриа лоозон хашгирч, хийж бүтээх мэдлэггүй мөртлөө сайн сайхан болно гэж удаа дараа амлаж үлгэр ярьж, гардаг эрх мэдэлдээ халуурч ард түмнээ өчүүхэн өт хорхой мэт эндүүрэн үздэг мөртлөө харийн эрх мэдэлтний хөлд нь сөгдөж, улыг нь долоодог. Тэдний долдой үр удам нь амьдралыг харлуулж, очсон газартаа шившигээ тарьсан ч өөрийгөө болж байна гэж гүнээ эндүүрэн тэргүүнээ өргөж явдаг залилагч нарыг хараад Монгол хүн бүр бухимдаж байна.
Мансууруулах бодисын гуравдугаар зэрэглэлд орсон архидалтыг сурталчилж, дэмжиж байгаа монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр бухимдаж байна.
Хотыг хөгжүүллээ гээд байгаа утаанд угаартуулсан Улаанбаатарыг хараад монгол хүн бүр бухимдаж байна.
Монгол орныг тэнцвэртэй хөгжүүлэх бодлогыг алдагдуулж, Улаанбаатарт төвлөрөл үүсгэн, түгжрэлийг бий болгож, ард түмний ажил амьдралыг нь түгжрэлд оруулж байгаад монголчууд бухимдаж байна.
Шударга шулуун Монголын ард түмэн бухимдлуудаа шийдэх гарцаа ч олчихсон байгаа. Мэдлэгтэй улс төр, шударга улс төр, үндэстний амбицтай улс төр бухимдлуудыг тайлна гэж уриалж байгаа.
Улс төрийн эрхэм зорилт:
- Монгол оронд зөвхөн Монгол хүн эрхэм (тэнгэрлэг Dignity) байна.
- Монголын төр зөвхөн Монгол хүний төлөө байх ёстой.
- Төрөөс төрсөн тэрбумтан гэж нэрлэгдэж, сэжиглэгдэж байгаа бүх хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүйгээр шүүхэд өгч үнэн худлыг нь шалгуулах.
- Зүүний чиглэлийн бүх улс төрийн хүчин, иргэний байгууллага болон төрийн бус байгууллагатай монгол үндэстний эрх ашгийн төлөө хамтран ажиллах.
- Төрийн эрх мэдлийг ашиглаж өөрийн төлөө, өөрийн гэр бүл, хамаатан садан, хамсаатанг хөрөнгөжүүлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг шамшигдуулдаг хэлбэрээр илэрч байгаа олигархийн тогтолцоо нь Монгол үндэстэн цаашлаад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг төдийгүй нийт ард түмний сайн сайхан амьдрах боломжийг хааж байгаа тул олигархиудыг Монголын улс төрөөс цэвэрлэх.
- Монгол үндэстний эсрэг оюуны терроризмыг бүрэн таслан зогсоох зорилгоор мухар сүсэг, худал мэдлэг, дутуу мэдлэг, алдаатай мэдлэгээр ард түмний толгойг угаадаг бүх үйл ажиллагааг таслан зогсоох.
- Даяарчлагдсан орчин үеийн дэлхийн тогтолцоог үндэслэгч Монгол үндэстэн улс дамнасан улс төр, эдийн засаг болон нийгмийн тогтолцоогоо сэргээн босгож бодитой болгох зорилго бүхий төрийн тогтолцоог буй болгох.
- Монголын халдашгүй бүрэн эрхэд халдаж улс орноо худалдсан олигархиудад хуулийн хариуцлага хүлээлгэх.
- Ардчилсан орнуудын засгийн газрууд, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж гадаад дотоодод байгаа олигархиудын үл хөдлөх хөрөнгө, хувьцаа болон хадгаламжийг олон нийтэд ил тод болгох.
- Олигархиудын гар хөл болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн байгууллагуудыг хуулийн хариуцлага хүлээлгэх.
- Аливаа зүйл зөв байх ёстой гэсэн зөвийн тухай ухагдахууныг улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарт сэргээн хэрэглэж, ардчиллын үнэтүүдийг жинхэнэ утгаар амьдралд нэвтрүүлж, Хамуг Монголыг өөртөө итгэлтэй амьдруулах.
- Монгол оронд шударга хөдөлмөр эрхлэж байгаа гадаадын байгууллага болон иргэдийг авилгалчидаас хамгаалах.
Эдийн засгийн эрхэм зорилт:
- Олигархийн тогтолцоог бүрэн устгах зорилгоор төсвийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийг зөвхөн хувьцааных нь 80-аас багагүй хувийг хөрөнгийн биржээр арилжаалсан олон нийтийн хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд дунд тендер зарлаж гүйцэтгүүлэх.
- Монгол хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, монгол хүний хөдөлмөрийг мөлждөг банкны өндөр хүүгийн “боолчлол”-ыг таслан зогсоож шударга хөдөлмөрөөр амьдрах бололцоог буй болгох.
- Улс төр, нийгэм эдийн засгийн бүх хүрээнд Монгол үндэстнийг мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх үндэстний хөдөлгөөнийг бүх бүс нутагт нэг зэрэг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх.
- Даяарчлагдсан дэлхийд үндэстний оршин тогтнох гол хүчин зүйл бол тухайн үндэстний төр нь улс дамнасан эдийн засгийн үйл ажиллагааг явуулах институтын тогтолцоог буй болгож хэр зэрэг үр бүтээмжтэй ажиллаж байгаагаас шалтгаалдаг. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн тулд улс дамнасан үйл ажиллагаа явуулдаг төрийн хөрөнгө оруулалтын санг байгуулж түүний олох ашгийг үндэстний дотоодын нийт бүтээгдэхүүний жил тутмын өсөлтийн хэмжээгээр Монголын одоогийн ба ирээдүйн үеийнхэнд үндэстний хишиг байдлаар хүн бүрт олгогдож байхаар зохион явуулах.
- Монголын үндэстний уламжлалт мал аж ахуйг орчин үеийн жуулчны аж үйлдвэртэй хослуулан экологийн тэнцвэртэй мэдлэгт тулгуурласан ногоон эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх.
- Экологийн сүйрэл авчирч буй эдийн засгийн үр ашиг муутай уул уурхайг таслан зогсоож стратегийн ач холбогдолтой том орд газруудыг үе шаттайгаар одоогийн ба ирээдүйн үед хүртээмжтэй зарчмаар ашиглах.
- Цэвэр газар тариалангийн салбар нь эдийн засгийн хувьд тарималжсан бэлчээртэй мал аж ахуйгаас хорин хувиар бага байдаг гэдгийг олон улсын түвшинд баталсан бөгөөд Евроазийн бүс нутаг нь экологийн хувьд хэврэг учраас цэвэр газар тариалан эрхлэх нь цөлжилт элсжилтийг сүйрлийн хэмжээнд хүргэх аюултай тул Монгол улс дээрх хүчин зүйлээс үүдэж таримал бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлж тариалантай хослуулах.
- Евроазийн бүс нутагт Монгол улсыг хамгийн том олон улсын санхүүгийн төв болгох.
- Америк, Европ, Ази, Австрали, Африк тивүүдийг холбосон олон улсын агаарын зорчигч ба барааны олон улсын тээврийн төв болгож хөгжүүлэх
- Баруун зүүн, хойд өмнөд бүсийг холбосон хурдны галт тэрэгний сүлжээг үүсгэж, аж үйлдвэрийн корридоруудыг хөгжүүлэх.
Нийгмийн эрхэм зорилт:
- Уул уурхайн салбарт шаардагдах мэдлэг боловсрол тийм ч өндөр биш. Хэт их уул уурхайг хөөрөгдсөнөөр мэдлэг боловсролыг үнэгүйдүүлсэн. Тиймээс уул уурхайг хэт хөөрөгдөж цорын ганц сайн сайхан зүйл мэт ойлгуулж буйг таслан зогсоох.
- Мухар сүсэг, худал мэдлэгииг Монгол үндэстний мэдлэгийн бүх салбараас цэвэрлэн арилгах.
- Орхоны хөндий, Онон Хэрлэнгийн сав газар зэрэг Монгол үндэстний соёлын өв болох бүс нутгийг хамгаалалтанд авч нийгэм эдийн засгийн хөгжилтэй нь хослуулан соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар үндэсний үнэт зүйлийг өвлөн үлдээх.
- Монголын үе үеийн үр хүүхдүүдийг эрүүл саруул хүмүүжүүлэхийн эсрэг садар самуун, гэмт хэрэг сурталчилсан хэвлэл мэдээллийг таслан зогсоох.
- Их, дээд сургуулиуд хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж бөгөөд оюутнуудын улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө суралцаж байгаа үйл хэргийг ариун хөдөлмөр гэж үзэж тэтгэвэр тэтгэмж цалин олгох.
- Нярайлсан эхчүүдийн хүүхдээ асран хүмүүжүүлэх үйл хэргийг Монголын үүрд оршин тогтнохын төлөөх ариун хөдөлмөр гэж үзэж, эдгээр эхчүүд нь хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл үндэстний дундаж цалинтай тэнцэх тэтгэвэр тэтгэмжийг олгохоор барахгүй нярай хүүхдүүдэд үндэстний дундаж цалингийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний тэтгэлгийг төрийн хишиг болгон олгох.
- Ерөнхий боловсролын сургуулийг төгсөх хүртэл сурагчдын өвөл зуны амралтаар төсвөөс зардлыг нь гаргаж хоёр долоо хоногоор сонгодог нүүдэлчин малчдын гэрт ажиллаж, амьдарч өөрийн уламжлалт соёлоо өвлөн хадгалах сэтгэлгээ хөгжүүлэхийн зэрэгцээ сонгодог нүүдэлчин соёлыг өвлөн уламжлах эдийн засгийн суурь хөшүүргийг бий болгох.
- Үйлдвэрчний эвлэлтэй бүх талаар хамтран ажиллаж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг ДНБ-ний өсөлтийн хэмжээгээр жил бүр нэмэгдүүлж байх болно.
- Үйлдвэрчний эвлэлтэй бүх талаар хамтран ажиллаж, эрүүл мэнд тэтгэвэр тэтгэмжийн сангийн тодорхой хувь хэмжээг иргэдэд зориулсан орон сууц барьж, бага хүүтэй, урт хугацааны зээл хэлбэрээр олгох.
- Даяарчлагдсан дэлхийн эдийн засгийн тогтолцоонд өрсөлдөх чадвар бүхий 100 мянган дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг байгалийн шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, эдийн засгийн бүх салбарт дэлхийн шилдэг их дээд сургуульд магистр докторын төвшинд бэлтгэх явдал” гэжээ.