2006 он хүртэл буюу “68 хувийн татвар” тавигдах хүртэл Монголбанкинд тушааж байсан алтны хэмжээ оргил үедээ хүрсэн байдаг. Ганцхан тоо харахад хууль гарахаас өмнөх онд алт олборлодог 133 аж ахуйн нэгж болон 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд худалдаж байсан байна. Харин хууль батлагдсаны дараа Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ гэрлийн хурдаар уруудсаныг графикаас харж болно.
2010 онд гэхэд дөнгөж хоёр мянга гаруйхан тонн алт Монголбанк худалдаж авсныг харахад “68 хувийн татвар” хэрэгжсэн таван жилийн хугацаандаа алт тушаалтын хэмжээг 5 дахин багасгасан байх юм. Харин уг татвар тэглэгдсэн жил буюу өнгөрсөн жил алт тушаалт бага зэрэг өсч, 3000 тонн давжээ.
Харин одоо манай улстөрчдийн толгойд дараагийн нэг адын бодол шүглэсэн нь нүүрсэн дээр тавих “68 хувийн татвар”. Шууд утгаараа 68 хувийн татвар биш ч ямар ч байсан нүүрснээс авах татварыг нэмэх юм шүү хэмээн элдвийн бодолдоо дарагдан явна. Шалтгаан нь нүүрсний экспорт жил бүр нугарч нэмэгдэхийн хэрээр мөнгөн дүн нь үлэмж нэмэгдэн, улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ ч зуун тэрбумаар тоологдох болсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нүүрсний экспорт хэр нэмэгдэж, нүүрснээс улсын төсөвт орох мөнгө хэрхэн зузаарсныг графикаас харъя.
Монгол улсад 2000 онд ердөө 5 сая тонн нүүрс олборлож байсан бол энэ тоо өнөөдөр хэд дахин нугарч, өнгөрсөн жил 20 гаруй сая тоннд хүрээд байна. 2009 онд 7,6 сая тонн нүүрс экспортолсон бол 2010 онд 18 сая тонныг, 2011 онд 23 сая тонн нүүрс экспортолжээ. Тэгвэл цаашдын таамгаар 2012 онд 30 сая, 2013 онд 33 сая, 2014 онд 40 сая, 2015 онд 50 сая тонныг экспортлох таамаглалыг АМГ-аас гаргажээ. Харин “Монгол нүүрс” ассоциациас нэмээд 2025 онд 100 сая тонн нүүрс экспортолно гэж үзсэн байна.
Тэгвэл уул уурхайн салбарын татварын орлогын өсөлтийг авч үзвэл 2010 онд нийт 905.2 тэрбум төгрөгийн орлого оруулснаас зэсийн орлого 534.8 тэрбум, нүүрс 193.9 тэрбум, алт 38.2 тэрбум, төмрийн хүдрийнх 99.8 тэрбум төгрөг байжээ. Харин 2011 оны хувьд уул уурхайн салбараас улсын төсөвт 1057.8 тэрбум төгрөгийн орлого орсноос 402.56 тэрбум нь нүүрс, 561.18 тэрбум нь зэс, 42 тэрбум нь төмрийн хүдрээс байна.
2012 оны төлөвлөгөөгөөр төмрийн хүдэр 121.3 тэрбум, нүүрс 925.1 тэрбум, зэс 583.4 тэрбум, цайраас 31.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоог Сангийн яам хийсэн байна. Нүүрсний салбараас орж байгаа мөнгө ч ихээр нэмэгдэж, зэс биш нүүрсний эрин эхэллээ хэмээн шуурцгааж байна.
Тиймээс ч хэдэн арван сая тонноор экспортлогдож байгаа нүүрснээс ахиухан татвар хураачих санаа төрд төрөхгүй хаачихав. Нүүрс, төмрийн хүдрийг түүхийгээр нь зөөхөөс хамгаалах гэсэн бамбайн дор Экспортын гаалийн татвар гэдгийг ярьж эхэлсэн. Тэд улсын орлого их наядаар тоологдож, урьд нь төсөөлж ч байгаагүй хэмжээнд хүрч байхад дахиад мөнгө дутаад байна хэмээн татвар нэмэхийг санаархаж байна. Өнөөдөр нүүрснээс Орлогын албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Агаарын бохирдлын татвар, Лиценз ашигласны төлбөр гээд нийтдээ 40 орчим хувийн татвар авдаг бөгөөд 25 орчим хувь нь эхний гурван татварт ногддог байна. Энэ жилийн төсвийн алдагдлыг нөхөх үүднээс Экспортын гаалийн татвар хэмээн оруулж ирсэн ч буцаагдсан. Магад удахгүй Экспортын гаалийн татварын 5 хувь биш 25 хувийн татвар гээд яриад эхэлж мэдэх л хүмүүс, манай улстөрчид. Хэрэв нүүрснээс авах татварын хэмжээ нэмэгдвэл яалт ч үгүй алтны араас орох нь дамжиггүй.
Нүүрсээ алтны араас алдчихгүй байх хэд хэдэн шалтгаан байгаа юм.
Нэгдүгээрт, өнөөдрийн 20 сая тонны нүүрсний экспортыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, хувийн хэвшлийн “Энержи Ресурс”, “МАК”, гадны хөрөнгө оруулалттай “Саус Гоби Сэндс” компани гэсэн тавхан компани гүйцэтгэж байгаа. Төрийн зүгээс нүүрснээс авах татвараа нэмнэ гэвэл энэ таван компанийг л “мөлжих” болно. Нөгөө “68 хувийн татвар”-аар ганцхан “Эрдэнэт”-ийг мөлжсөн шиг. Өнгөрсөн хэдхэн жилд энэ таван компани л нүүрсийг моодонд оруулж чадсан. Тэдний араас нүүрсний салбарт орох хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, хэдэн арваар тоологдох уурхайнууд нээгдэж, олборлолтдоо бэлтгэж байна. Харин нүүрснээс авах татварыг нэмбэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байсан нүүрсний салбар эргээд мөлхөж эхлэх биз. Олборлолтдоо бэлтгэж байгаа компаниуд өндөр татвараас зугтаах нь ойлгомжтой. Алтны компаниуд олборлосон алтаа хошногондоо нууж хил гаргадаг шиг нүүрсний компаниудад ч татвараас бултах өчнөөн арга сүвэгчлэх нь ойлгомжтой. Ядаж л өндөр татвар төлдөг компаниуд шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчны хамгаалалтад хандах хандлага нь өөрчлөгдөх, нийгмийн хариуцлагаас бултах гээд олон ааш гаргаж таарна. Тэр бүхний дүнд татвараас зугтсан том сүлжээ үүсэхийг байг гэх газаргүй юм.
Хоёрдугаарт, түүхий нүүрс биш боловсруулсан нүүрс экспортлох улсын бодлого хэрэгжиж эхлэх таатай нөхцөл бүрдэж байна гэхэд болно. Өнөөдөр нүүрс экспортолж байгаа таван компани дор бүрнээ нүүрсээ үнэд хүргэх тодорхой алхмууд хийж, үр дүнгээ өгч байгаа нь тодхон. “Энержи Ресурс”-аас эхлээд нүүрс угаах үйлдвэрүүд барьж байна. Жижиг “Тавантолгой”-гоос бусад дөрвөн компани бүгд нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр барих төлөвлөгөөтэй. Тэд үйлдвэрээ барьж чадвал хүссэн хүсээгүй түүхий нүүрс биш угааж, боловсруулсан нүүрсийг илүү өндөр үнэтэйгээр экспортод гаргах болно. Тиймээс ч экспортлогч компаниуд эхнээсээ Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ хийхээр хөөцөлдөж байна. Угаах баяжуулах үйлдвэрт их хэмжээний хөрөнгө оруулсан, оруулах гэж байгаа тэдэнд татварын тогтвортой байдал юу юунаас илүү чухал.
Гуравдугаарт, өнөөдөр дэлхийн эдийн засаг маш тогтворгүй үед ашигт малтмалын үнэ хаашаа ч эргэж мэдэхээр байна. Саяхан өндөрлөсөн Давосын чуулганаар энэ жил дэлхийн улс орнуудын хувьд хамгийн хүнд жил байх болно гэдэгтэй бүгд санал нийллээ. Европын өрийн асуудал энэ жилдээ лав шийдэгдэхгүй бололтой. Дарин дээр давс гэгчээр “Стандард Пүүрс”, “Фитч”-ийн зүгээс Европын зарим улсын зэрэглэлийг бууруулсан нь энэ жилийн эдийн засгийн тогтворгүй байдлыг урьдаас зөгнөсний илрэл гэлтэй. Европын өр шийдэгдэхгүй байна гэдэг өнгөрсөн жил удаашралтай гарсан Хятадын үйлдвэржилт, эдийн засгийн өсөлт энэ жил ч удаашрахын дохио гэсэн үг. Хятадын үйлдвэрлэл зогсохгүй, тэд коксжих нүүрс импортолсоор байх болно. Гэхдээ тооцоолсон хэмжээнээсээ багыг импортлох бөгөөд энэ нь манай улсын хувьд том эрсдэл болж хувирна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хоёр жилд Монголын нүүрсний компаниудын нэг том амжилт бол Австралийн коксжих нүүрстэй өрсөлдөх хэмжээнд хүрч чадсан. Мэдээж үнийн хувьд Австралитай өрсөлдөж чадахгүй ч экспортын хувьд улам нэмэгдэх боломжийг бүрдүүлж чадсан нь манай улсын хувьд том амжилт. Цаашдаа ч экспортод гарах нүүрсний хэмжээг бодсон ч тэр Хятад Австрали биш Монголын нүүрсийг авч байх нь бидэнд ашигтай.
Харин нүүрснээс авах татварыг нэмэх талаар яригдаж, тэр нь улстөрчдийн санаснаар болж нэмэгдвэл өсч тэлж байсан нүүрсний салбар эргээд хумигдах болно. Олон нийт, зарим улстөрчдийн зүгээс нүүрсний компаниуд лоббидоод татвар нэмэхгүй болгочихлоо гэдэг. Гэхдээ татварыг хэзээ ч нэмж болно. Гол нь ашгаа дөнгөж өгч эхэлж байхад нь өндөр татвараар цохиж унагахаасаа илүү арай алсыг хараад үзвэл яасан юм бэ? Өнөөдөр таван компанид өндөр татвар тавьж байснаас таван жилийн дараа 50 компаниас дундаж татвар авсан нь Монгол улсын эдийн засагт хамаагүй илүү өгөөжтэй баймаар. Нөгөөтэйгүүр нүүрснээс энэ олон төрлийн татвар авч байгаа нүүрсний ангиллыг тогтоох нь зайлшгүй тулгамдсан асуудал болоод байгаа юм. Дэлхий дээр нүүрсний 20-иод ангилал байхад манайд ердөө коксжсон, хүрэн нүүрс гэсэн хоёрхон ангилалтай, адилхан татвар төлдөг байна. Энэ бүхнийг цэгцэлсний дараа нүүрсний экспортоос авах татварыг нэмэгдүүлэх талаар ярих нь зөв байх.
С. Болд-Эрдэнэ