Орост В.Путиныг эсэргүүцсэн хөдөлгөөн дахин идэвхижиж эхэлжээ. Өчигдөр Москвачууд ирэх хоёрдугаар сарын 4-нд болох Ерөнхий сайд В.Путиныг эсэргүүцэгчдийн томоохон хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж, машин дээрээ хийлсэн бөмбөлөг хөөргөж, хотыг тойрч гороолсон гэнэ. Тансаг зэрэглэлийн “sedan”, спорт машинаас авахуулаад Зөвлөлтийн үеийн хуучин машинуудын цуваа 16 км үргэлжилсэн гэнэ. Зарим газар эсэргүүцэгчдийн машины цуваа 16 эгнээ үүсгэсэн аж. Харин Москвачууд тэднийг хажуугаар нь өнгөрөхөд гар даллан, бүрээ үлээжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд болсон парламентын булхайтай сонгуулиас хойш цагаан тууз эсэргүүцэгчдийн бэлэг тэмдэг болсон гэнэ. Өнгөрсөн сард хоёр удаа томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсан сонгогчид ирэх хоёрдугаар сард мөн дахин жагсаал явуулахаар төлөвлөжээ. 2000-2008 оны хооронд бүрэн эрхийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон В.Путин ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн юм. В.Путин ялах магадлал өндөр байгаа ч сонгогчид түүнийг шударгаар ялж чадах эсэхээ харуулахыг шаардаж байгаа аж. Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальний ням гаригийн дээрх хөдөлгөөнийг ирэх сарын эсэргүүцлийн жагсаалын сайн сурталчилгаа боллоо гэж ярьсан гэнэ.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд Оросын залуучууд, дунд давхаргынхан болон олон нийтийн сүлжээнийхэн оролцсон юм. В.Путиныг эсэргүүцэгчдийн хөдөлгөөнтэй зэрэгцэн түүнийг дэмжигчдийн хөдөлгөөн өнгөрсөн бямба гаригт Уралын район, Екатеринбургт өрнөсөн гэнэ.
Н.Энх