Англид хоригдлууд facebook ашиглаж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Англид хоригдлууд facebook ашиглаж байжээ

Аюултай алуурчид, гэмт хэрэгтнүүд торны цаанаас Facebook ашиглан хохирогчид болон тэдний гэр бүлийхнийг доромжлон, заналхийлж байжээ. Мөн зарим нэг нь уг сайтийг ашиглан гэмт хэргийн бүлэглэлүүдээ захирч байсан аж. Шоронгийн хоригдлууд интернэт орох эрхгүй байдаг боловч нууцаар оруулсан гар утас хэрэглэн орж байсан байна.

Сүүлийн хоёр жилд 350 гаруй хоригдлууд Facebook хэрэглэж байсан нь тогтоогдсон байна. Мөн ажилтнуудад мэдэгдэхгүйгээр хэрэглэж байгаа олон олон хоригдлууд байгааг үгүйсгэхгүй байна.

Өчигдөр хохирогчдийн бүлэг нэгдэн гэмт хэрэгтнүүд одоог болтол тэднийг дарамталж байгаа бөгөөд  уг асуудлыг хяналтандаа авах эрс арга хэмжээ авахыг удирдах ажилтнуудаас хүсчээ.

Асуудал анх хоёр жилийн өмнө тухайн үеийн  Шотландын Шударга явдлын яамны нарийн бичиг Жэк Строу, хохирогчдоо торны цаанаас дарамталж, заналхийлж байсан 30 facebook хэрэглэгчийн хуудсыг хаасан тухай мэдэгдснээс эхэлжээ.

Мөн түүнээс хойш 2009 оны долдугаар сараас 2010 оны зургадугаар сар хүртэл 143 Facebook profile-ийг хаасан бөгөөд 2010 оны долдугаар сараас өнгөрсөн оны зургадугаар сар хүртэл 199-ийг хаасан байна. Уг үйлдлийг Facebook болон шоронгийн албан ажилтнууд хамтаар гүйцэтгэсэн байна.  

Одоогийн Шударга явдлын яамны нарийн бичиг Кэннэт Кларкийн ойрын эх сурвалжийн мэдэгдснээр “Интернэт нь хоригдлуудад хориотой зүйл. Шоронд Facebook хэрэглэж байгаад баригдсан хэн нэгэн этгээдэд хүнд шийтгэл оноох болно” гэсэн байна.

Мөн хоёр жилийн өмнө Британийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн Колин Ганн чанга дэглэмтэй тусгай өрөөнөөсөө Facebook ашиглан хохирогчдыг сэтгэл санааны дарамтанд оруулж байсан бөгөөд өөрийн гэмт хэргийн бүлгийг удирдах ажлаа facebook-ээр дамжуулан хийж байсан нь тогтоогдсон билээ.

Гэмт хэргийн бүлэглэлийн босс Колин Ганн нь 35 жилийн ялтай гэмт хэрэгтэн аж. Тэрээр хоёр сарын турш хуудас нь хаагдах хүртэл тус сайтыг ашиглан 565 “найзтай” болсон байжээ.

Тэрээр “Би нэг л өдөр гэртээ харих болно. Тэр үед зарим нэг хүний миний нүд рүү харан шээс алдатлаа айхыг нь харна гэхээс тэсч ядан байна.  Зарим нэг чинь миний урмыг маш их хугалсан. Тиймээс удахгүй шангаа хүртэх болно” хэмээн бичжээ.

Зарим хоригдлууд шоронд хоол унд болон өөрийн телевизор тэр байтугай видео тоглоомтой болох нь хүртэл уг сайтад тавьсан зургаар нь харагдаж байсан байна.

Шоронгийн дарга нар шоронгийн байрандаа гар утасны сүлжээг гацаадаг төхөөрөмж ашиглахыг оролдож үзсэн боловч хажуу хавийн оршин суугчдад нөлөөлснөөр хэрэглэхээ больсон аж.

Шоронгийн төлөөлөгч “Хоригдлууд интернет орох боломжгүй болоод байгаа бөгөөд бид Facebook хуудсуудыг нь бүрэн хяналтандаа аваад байгаа. Хэрэв ямар нэгэн байдлаар тэдний “profile”-д өөрчлөлт гарвал хаагдна. Мөн хоригдол гар утас болон бусад холбооны хэрэгсэлтэй баригдвал шоронгийн мэдлээр арга хэмжээ авах болно” хэмээсэн байна.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж