У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайд болохоос Ардчилсан нам айх биш юун түрүүнд тэр өөрөө л айх ёстой байсан. Үүнийг ойлгохгүй бол улстөрд явах хэрэг бий гэж үү. Тэр айдсын хүчин зүйлийг олж харснаараа С.Батболдын зүтгүүлсэн хувилбарыг өөрчиллөө. Тэргүүн шадар сайдын суудлаас татгалзсан нь түүний эр зоригийн илэрхийлэл биш харин болгоомжлолынх нь илэрхийлэл гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх.
Ардын намгүйгээр У.Хүрэлсүх улс төрд хэн бэ?! У.Хүрэлсүхгүйгээр Ардын нам байж л байх бол тэр харин намгүйгээр хэн гэж? МАН-ын “тархи”-нд гарч ирчихээд байгаа энэ үедээ У.Хүрэлсүх зургаан сар зүүгээд хаях Тэргүүн шадар сайдын сэтрээр Ерөнхий нарийн бичгийн даргын албаа сэлгэх нь намаа алдахаас өөрцгүй хэрэг. Тэр тусмаа Я.Содбаатарыг Ардын намын генсекээр тавихыг бусад “акулууд” дэмжээгүй саяын тохиолдолд. Өөрийнхөө аргамжийг бөхөлж, эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн санаархал нь тас цохигдов. Энэ нь албан тушаалаар халхавчилж өөрийг нь, мөн фракцийг нь намын удирдлагаас холдуулах гэсэн дохио биш гэж үү? Засгийн газрын томилгоо тойрсон үйл явц дунд ирсэн энэ таагүй дохиог хамгийн түрүүнд тэр өөрөө л мэдэрсэн байх ёстой.Үүнээс болж гаргасан түүний шийдвэр өнгөн дээрээ олон нийтэд эрх мэдлээс татгалзсан эр зориг мэт харагдах ёстой юм байна. Тэгж сурталчилж ч байна. Харин үнэн хэрэгтээ бол нам дотроо “тоглоомын дүрэм” зохиох том эрх мэдэл, нөлөөгөө сонгуулийн өмнө нэг мөсөн алдана гэдгийг тооцоолж гаргасан шийдвэр. Хэрэв тэр сайд болбол засгийг “дарангуйлж” сонгуульд захиргааны бүтцийг ашиглаж мэднэ гэх болгоомжлол Ардчилсан намд байсан ч энэ удаад түүнийг харин ч аварчихлаа. Энэ бол хоёр дахь нь.
Өмнө нь юу болсныг мартахад эрт байна. Улс төрд орж ирснээсээ хойш хар борыг үзсэн ч У.Хүрэлсүх харанхуй зоригоор хийсэн алхмынхаа шанг Н.Энхбаяраас хүртчихээд улс төрд битгий хэл цэг тавихдаа тулж байсан үе бий. Тэгэхэд өнөөгийн Ерөнхийлөгч, тэр үеийн сөрөг хүчний удирдагч Ц.Элбэгдорж аварч үлдэж байлаа. Ингэсний учир шалтгаан нь зөвхөн У.Хүрэлсүх байгаагүй ч түүнийг яах аргагүй шоронгоос улс төрд авч үлдэх тоглолтыг Ардчилсан нам л хийсэн. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахаар тэмцэл зарлаж, санасандаа хүрч ч байсан У.Хүрэлсүх одоо түүнийг өөртөө хонзогнож буй гэж харж байна гэхэд итгэмгүй. Том улс төрд ийм жижгээр тоглодоггүй байлгүй дээ.
У.Хүрэлсүх Засгийн газар руу явбал МАН МАХН-тай эвсэх боломж гарах байсан. Аядуу зөөлөн одоогийн даргатай энэ намын экс удирдлага үг хэлээ олох магадлалтай. Тэгвэл У.Хүрэлсүхийн хариуцлагыг нь толгойдоо үүрэхээ андгайлж авчирсан Ардын нам гэдэг нэр, намдаа хийсэн шинэчлэл, цэвэрлэгээ нь юу болох байсан бол? Зургаан сарын дараа намдаа буцаж ирэхэд нь буйран дээр нь шарилж ургасан байхыг үгүйсгэх аргагүй. Ардчилсан намын зүгээс тавьсан “Ардын намын бүтцийг засагт оруулахгүй” гэсэн шаардлагын цаана У.Хүрэлсүх улс төрийн удаах амьдралаа авч үлдлээ.
Энэ бүхний эцэст ирэх сонгуульд МАХН, МАН-ын алин болох нь танигдахгүй “бэрд” амилахаас айх зүйлгүй болов. Хэдийгээр МАХН биежиж, таван хувийн босго давах нь бараг баталгаатай боловч парламентын гуравдагч байх төдийд сэтгэл ханах болов уу. Парламентад таван хувийн босго давж орж ирсэний дараа АН, МАН-ын аль олон суудал авсантай эвсэх гарц онолын хувьд МАХН-д харагдах боловч Н.Энхбаяр үүнээс ч илүүг хүсч байх ёстой. Түүнд МАН-тай нийлж, парламентын олонх болох хавьгүй чухал. Үүнд бодитой саад хийж чадах хоёр л хүн МАН-д байгаагийн нэг нь У.Хүрэлсүх. Тэгэхээр Ардчилсан нам, ардчилсан Ерөнхийлөгч өнөөдөр түүнээс айсандаа Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгохыг санаархаж, У.Хүрэлсүх эр зориг гаргалаа гэж хэлэх нь наанадаж гэнэн, цаанадаж тэнэг хэрэг болох биз.