“Трубадур” дахин үзэгчдийг эзэмдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Трубадур” дахин үзэгчдийг эзэмдэв

Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн гайхамшигт, аялгуу дахиад л үзэгчдийг эзэмдэж орхилоо. Саяхан л “Риголетто” дуурийн ая эгшинд автаж байсан үзэгчид энэ удаад “Трубадур” дуурьд автан байна. Энэ жилийг Ж.Вердийн жил болгон зарласантай холбогдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Вердийн “Трубадур”  дуурийг өнгөрсөн бямба гаригт тоглолоо. Тоглолт эхнээсээ л үзэгчдийг эзэмдэж, алмайруулж орхисон. Үдшийн гол эзэн нь Азат Максутов. Тэр бол Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач юм. Залуухан, эрч хүчтэй, ихэмсэг энэхүү маэстро хоёр дахь удаагаа Монголд ирсэн нь энэ юм. Тэрбээр энэ удаад “Трубадур”-ыг удирдан тоглуулсан. Азат Максутовыг ярихгүй өнгөрч болохгүй ээ. Энэ өдөр тоглолт 100 хувь хүчирхэг, эрч хүчээр дүүрэн байсан. Тэр маш нарийн мэдрэмжтэй удирдаач болохоо Монголын үзэгчдэд нотлон харуулсан.

Энэ өдөр Трубадур Ди Лунад гоцлол дуучин Ч.Энхтайван, Леонорад Б.Эрдэнэтуяа, Азученад Д.Долгормаа, Манрикод Ч.Түмэндэмбэрэл гоцолсон. Ч.Түмэндэмбэрэлийн хувьд энэхүү дуурьд арав дахь удаагаа дуулж байгаа төдийгүй театрын энэ цагийн шилдэг тенор юм. Харин Манрикогийн дурлалт бүсгүй Леонорад театрын шилдэг сопрануудын нэг Б.Эрдэнэтуяа дуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Үргэлж л үзэгчдийгээ зуун хувийн сэтгэл ханамжтай байлгаж чаддаг Б.Эрдэнэтуяагийн хувьд тэр үзэгчдийг сэтгэлийг хөдөлгөж, түүний үхэхэд үзэгчид шаналж, гунигласан биз. Хайртай залуугаа аврахын тулд Ди Лунатай хамт байхаа амлаж, хор уусан Леонора бүсгүйн үнэнч хайр. Тэрбээр “Хүнийх болж амьдрсанаас чинийх хэвээр үхэхээр шийдлээ” хэмээн дуулсаар хайртай Манрикогийнхоо гар дээр амьсгал хураана. Харин энэ бүхнийг мэдсэн Ди Луна, Леонород хууртагдсанаа ойлгож, түүний дурлалт залуу Манриког цаазаар авахыг тушаана. Манрико нэгэн дурлалт бүсгүй нь энэ хорвоогоо одсон учир өргөж авсан цыган ээжийнхээ нэрийг чанга дуугаар дуудан амьсгал хураав. Яг энэ мөчид Ди Луна өөрийгөө ялсан мэт бодож байсан ч, цыган эмэгтэй “Чиний цаазалсан хүн чиний багадаа хагацсан төрсөн дүү чинь” хэмээн хэлснээр дуурь төгсдөг. Ди Луна өөрөө ч мэдэлгүй төрсөн дүүгээ ийнхүү хөнөөснөөр “Трубадур” дуурь төгсдөг. Ди Лунад дуулсан дуучин Ч.Энхтайван бол театрын шинэ баритон. Тэрбээр өнгөрсөн удаад “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд дуулж байсан бол харин энэ үдэш Ди Лунаг тайзнаа амьдруулсан. Тэр хэдийн театрын байнгын үзэгчдийн хайртай дуучдын нэг болсон. Энэ өдөр үндсэндээ шидгүүд тоглосон, шилдэг удирдаач удирдсан шилдэг тоглолт байсан. Үзэгчид ч, сэтгэл хангалуун театраас гарсан. Магадгүй тэд “шок”-ноосоо гарч чадахгүй гайхшран хэсэг хугацаанд хоорондоо ярилцан сууцгаасан биз. Харин ирэх долоо хоногт театрт үндэсний, түүхэн дуурь болох Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглох юм билээ.
 

М.Дөл  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж