Ө.Энхтүвшин: Иргэдэд 1072 хувьцаа олгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Иргэдэд 1072 хувьцаа олгоно

УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцээд “Иргэдийн 536 ширхэг хувьцаан дээр нэмж 536 ширхэг хувьцааг олгох нь зөв” гэж өмнөх гаргасан шийдвэрээ баталгаажуулжээ. Гэхдээ бас үндэсний аж ахуйн нэгжүүдээ хоосон хоцроож болохгүй гэж үзсэн бололтой “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны тодорхой хувийг компаниудад худалдах боломжийг олгох ёстой гэжээ. Бүлгийн дарга Ө.Энхтүвшин энэ тухай “Засгийн газар холбогдох журам, дүрмээ гаргана. Энэ нь МАН-ын сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгтэй шууд холбоотой. Эхний ээлжинд ард иргэдийн гар дээр 500 мянган төгрөгийг олгоод дуусч байгаа.  Үлдэж байгаа нэг сая төгрөгийг олгохдоо олон хувилбар гаргаж ирсэн. Одоо иргэн бүртээ олгох 1072 хувьцаан дээр сонголт хийлгэнэ.  Иргэдээс нэг сая төгрөгөө бэлнээр нь авах уу, 1072 ширхэг хувьцаагаа авах уу гэдэг сонголт хийлгэнэ.  2012 оны улсын төсөвт  55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд,  мөн хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган орчим иргэн тус  бүрт нэг сая төгрөг олгох мөнгө нь туссан. Үлдэж байгаа иргэддээ мөнгийг нь хэрхэн олгох нь тусаагүй. Гэхдээ үндэсний компаниуддаа нэрлэсэн үнээр нь хувьцаагаа худалдахаар мөнгө ороод ирнэ. Тэгэхээр хувьцааны оронд нэг сая төгрөгөө авах сонголт хийсэн иргэддээ мөнгийг нь олгоно. Тиймээс УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна” гэсэн юм.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл юм байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар энэхүү төслөө Засгийн газарт өргөн барьжээ. Засгийн газар төсөлд саналаа шуурхай өгвөл хэлэлцээд явах боломжтой. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиараа ирэх зургадугаар сард УИХ-ын болон Орон нутгийн  сонгууль зэрэг зохион байгуулагдана. Мөн УИХ-ын сонгууль энэ удаад шинэ хуулиар явна.  Тухайлбал, сонгогчдоос санал  авах хугацаа нь 08.00-20.00 цагт хүртэл.  Орон нутгийн санал авах ажиллагаа харин 22.00 цагт хаагдана. УИХ-ын сонгуулийн дүнг бүртгэхдээ автомат системээр, орон нутгийнхыг гараар  тоолохоор байгаа гээд зөрүүтэй ажиллагаанууд нэлээд бий тул энэ бүхнийг цэгцлэх шаардлагатай гэж бүлэг үзсэн юм байна. 

Бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

-Танай бүлэг УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах боломжтой гэж үзэж байгаа юу. Эсвэл өөр байр суурьтай байна уу?

-УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулинд тусгасан байгаа. Түүнээс бус аль нэг намын байр суурь биш юм. Олон нийтийн зүгээс  хоёр сонгуулийг нэг өдөр явуулах нь бэрхшээлтэй байна, тиймээс салгах нь зүйтэй гэсэн санал гарсан.  Үүнийг УИХ дээр ярилцана.

-Нэг сая төгрөгийг 1072 ширхэг хувьцаатай дүйцүүлэн аль нэг сонголтоо хийхээр болж байна уу?

-Иргэдээр сонголт хийлгэхийн тулд саналыг нь асууна. Зарим хүмүүс нэг сая төгрөгөө авах хүсэлтэй байж болно шүү дээ.

-Нэг сая төгрөг, хувьцаа хоёр чинь тус тусдаа асуудал юм биш үү?

-Нэг зүйлийг  л хоёр талаас нь яриад байгаа юм.
 
-Оюутнуудын тухайд яах вэ. Тэд сургалтын төлбөр хэлбэрээр мөнгөө авчихсан. Хувьцаа ногдох уу?

-170 мянга гаруй  оюутнуудын тухайд ийм асуудал байгаа. Тэд сургалтын төлбөр хэлбэрээр мөнгөө авчихсан.   Үүнийг Засгийн газар журам, дүрмээрээ шийднэ.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагаан сарын өмнө нэг сая төгрөгийг нь олгох уу?

-Энэ хүмүүсийн мөнгө төсөвт туссан. Төрийн санд мөнгө нь ороод ирвэл өгөх талаас нь ажиллана.

-Хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон уу?

-УИХ дээр хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар  олон улсын санхүүгийн байгууллагууд “Тавантолгой”-д ямар хэмжээний үнэ өгснөөс нь шалтгалаан, нэг хувьцаа нь 1000  орчим төгрөг байх боловуу гэсэн яриа гарсан байна лээ. Үүнийг одоогоор тогтоогоогүй байгаа. Гэхдээ нэрлэсэн үнэ гарч таарна.

-Дэд сайдын асуудлыг хэзээ хэлэлцэх бол?

-Энэ бол Засгийн газрын мэдлийн асуудал. Дэд сайд нараа оруулаад ирвэл  хэлэлцээд явна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж