МҮАН, МоАХ-г дэмжиж мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

МҮАН, МоАХ-г дэмжиж мэдэгдэл гаргав

М.Энхсайхан даргатай МҮАН саяхан болсон МоАХ-ны Ерөнхий чуулганы мэдэгдлийг дэмжин мэдэгдэл гаргасан байна.  Уг мэдэгдэлд “МоАХ-ны Ерөнхий чуулган 2012 оны нэгдүгээр сарын 25-нд хуралдаж  улс орны өнөөгийн байдлыг авч хэлэлцэн мэдэгдэл гаргаж ард түмэндээ сэрэмжлүүлэн сонордуулжээ.

Уг мэдэгдэлд баялгийн дэндүү шударга бус хуваарилалтад нэвт нэрвэгдэн ядуурсан  өнөөгийн Монгол орны үнэн дүр төрхийг илтгэж, гадны үндэстэн дамнасан корпорациудын гар хөл болсон, Монгол төрийг, эрх барьж буй  намуудыг барьцаалан, улмаар эх орноо, ард түмнээ,  үндэстнийхээ эрх ашгийг огоорон, улаандаа гарч буй олигархи бүлгийн үнэн нүүр царайг илчлэн дэлгэсэн байна.

 Мэдэгдлийн …”Үндэстний тусгаар тогтнол алдарч, асар их мөнгөөр дамжих гадаадын сонирхол, бодлогын тоглоом, санхүүгийн хараат болох аюул бодитоор нүүрлэж эхэллээ”… “эх орныг маань баялгийн хүүдий, эздийг нь гуйлгачин гэж хардаг үндэстэн дамнасан корпорациудын хараа хяналт удирдлагад орох үүдийг олигархиуд цэлийтэл нээжээ”…”Монголын баялаг Монголын ард түмэнд бус гадаадын шуналтнуудад л ашиг болж, гадаадынхны Монголын баялагт хүрэх зам мөрийг хичээнгүйлэн зассан цөөн хэдэн дотоодын луйварчид, олигархиуд л хязгааргүй баяжих нь нэгэнт тодорхой болж ирж байна”… “Өнөөдөр Монголын төрийг ард түмний ашиг сонирхол бус нам дамжсан бүлгүүдээр хэрэгжих олигархиудын шунал залж байна”…”Ард түмэн өөрийнхөө баялагт эзэн нь байх ёстойгоос бус баялгийг нь луйвардсан хэдэн хүний гарыг харж, горьдож амьдрах ёсгүй”…  зэрэг мөрүүд нь олигархи бүлгийн гишүүд гэдэг шуналтай, бүтэлгүй, харийнханд үйлчилдэг, луйвар хийдэг хэдэн  “муу хүн” төдий биш харин сайтар зохион байгуулагдсан өөрийн дотоод зарчим, ажил үүргийн хуваарьтай тогтолцоо бүхий олигархи дэглэм болжээ гэдгийг дэлгэн харууллаа.

Мөн “Ардчилсан нам олигархиудын гар хөл байхаа больж, нам дамнасан бүлгүүдээсээ хагацахгүйгээр улс орны шинэчлэлийг авч явах чадамжгүй байсаар байх нь тодорхой” гэснээр  МоАХ өөрийн бие даасан байдлыг харуулахын зэрэгцээ олон түмнийхээ эрх ашгийг ямар ч намын эрх ашгаас дээгүүр тавьж чаддаг гэдгээ үзүүллээ.

 ”Энэ бол тэртээ 1990 онд бидний хүсч, тэмүүлж, зорьж байсан  Ардчилал биш гэдгийг МоАХ хариуцлагатайгаар мэдэгдэж байна”, …”жинхэнэ ардчилал, шударга ёс, эрх зүйт төр, иргэний нийгмийг байгуулах ариун тэмцэлд дахин босох, нэгдэн нягтрахад Монголын ард түмнийг уриалан дуудаж байна” …”сайн сайхан амьдралын төлөө МоАХ-ны туган дор дахин нэгдэхийг уриалж байна”…” Монгол улсын жинхэнэ эзэд нь ард түмэн гэдгийг өнгөн дээрээ шударга ёс ярьсан, үнэн хэрэгтээ ард түмний эсрэг хандсан цөөн хэдхэн луйварчдад ойлгуулах, мэдүүлэх цаг болжээ. Бидний тэмцэл ариун учраас ялагдашгүй”.. зэрэг мөрүүд нь МоАХ-ны шударга үнэний  төлөө  тууштай тэмцэгч чанарын илэрхийлэл болжээ.

Бид МоАХ-г 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын  түүчээ нь байж үндэстэн улсынхаа эрх ашгийг ямагт дээдэлдэг, эх орон газар шорооныхоо төлөө ямар ч үед зогсч чаддаг, Монгол нутагт жинхэнэ ардчилал, шударга ёсыг тогтоохын төлөө мянга мянган тэмцэгчдийг эгнээнээсээ төрүүлсэн  20-р зууны эх орончдын хөдөлгөөн гэж үздэг юм.,

 Учир иймд МоАХ-ны мэдэгдлийн үзэл санааг МҮАН  бүрэн дэмжиж, талархан сайшааж байна. Олигархи бүлгийн үнэн нүүр царайг илчлэн, өдгөө цагийн Монголын нийгмийн хамгийн тулгамдсан амин чухал асуудлаар улс төрийн зоригтой байр суурь илэрхийлсэн МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулга болон МоАХ-ны Ерөнхий чуулганд баяр хүргэе.

Үндэснийхээ эрх ашгийг ямагт дээдлэх дээдсийн ариун гэрээслэлд андгайтай орчин цагийн үндэсний үзэлтнүүдийн хөдөлгөөн, үзэл санааны нэгдлийн илэрхийлэл болсон, Монгол ардчилал, шударга ёсны төлөө үйл ажиллагаагаа зориулдаг МҮАН нь МоАХ болон бусад байгууллага, нам хөдөлгөөнүүд, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран ажиллаж, олигархи дэглэмийг халах улстөрийн тэмцэлд бэлэн байна” гэжээ.

                                Д.ОЮУН

                                        
                           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж