Монголбанкнаас гадаадад худалдаалсан 20 килограмм алтны сорьц нь зөрүүтэй гарсан учраас Монголбанкны нэг, стандарчилал хэмжилзүйн газрын гурван ажилтанг баривчилсан байна. Энэ талаар Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтээс тодруулахад “Манай банкнаас алт хүлээн авсан байгууллага бидэнд хандаж алтны сорьц нь зөрүүтэй байна гэсэн. Тиймээс бид өөрсдөө цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон. Цагдаагийн байгууллага Монголбанкны Валют эдийн засгийн газрын алт хариуцсан мэргэжилтэнг шалгаж байгаа. Нийт дөрвөн хүн шалгаж байгаа ч гурав нь манай байгууллагад хамааралгүй хүмүүс. Одоогоор хуулийн байгууллага шалгаж байгаа учраас бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Мөн Стандарчилал хэмжилзүйн газрын гурван ажилтанг баривчилсан талаар Стандарт хэмжилзүйн газрын дэд дарга Г.Эрдэнэбилэгээс тодруулахад “Манайд өнөөдөр өглөө энэ бүх асуудлууд болоод өнгөрсөн болохоор тоймтой хариу хэлж чадахгүй байна. Тодорхой мэдээллийг одоо өгөх боломжгүй” гэлээ. Ямартай ч гадаадад худалдаалсан алтны сорьц дутуу байсан нь тогтоогдсон учраас Монголбанкны нэг, Стандарт хэмжилзүйн газрын гурван ажилтныг саатуулан шалгаж байгаа юм байна.
Ш.Болорчимэг