шийдвэр, бусад асуудлын талаар УИХ-ын гишүүн, ИЗ-НН-ын дарга С.Оюунтай
ярилцлаа.
-Танай нам амралтын өдрүүдэд их хурлаа хийлээ. Гарсан гол шийдвэрүүд юу байсан бэ?
-Манай намын их хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Сая дүрэмдээ өөрчлөлт
оруулж жил бүр их хурлаа хийдэг болохоор заасан. Гишүүд санаачлагаараа
ажлын хэсэг гаргаж “өөрчлөлтийг өөрсдөөсөө” гэсэн уриа гаргасан. Улс
төрийн намуудыг өөрчлөх цаг болжээ гэж үзэж байгаа. Намуудад иргэдийн
итгэх итгэл буурч байна. Цөөн хэдэн дарга, санхүүжүүлэгчдээс хамааралтай
намууд болж эхэлсэн байна. Гишүүд дэмжигчдийн оролцоог маш их
нэмэгдүүлж, шат шатныхаа бүтцийн байгууллагын тоог ч нэмэхээр ярилцлаа.
Үндэсний хороогоо шинээр байгуулж, 170 хүртэл гишүүнтэй байсныг 210
хүртэл гишүүнтэй болголоо. Манай намын ихэнх шийдвэр Үндэсний зөвлөлөөс
гардаг. Улс төрийн зөвлөлөө шинээр байгуулна. Чиглэл чиглэл хариуцсан
нарийн бичгийн дарга нар сонгоно. Нам нэг бус гурван даргатай болсон.
Дарга нар хамтын шийдвэр гаргах боловч дор дороо хариуцсан асуудалтай.
-Гурван даргын хэн нь ямар асуудал хариуцах вэ?
-С.Дэмбэрэл даргын хувьд мөрийн хөтөлбөр, бодлого, дэмжигч гишүүдтэй
ажиллах ажил хариуцна. Миний хувьд шат шатны сонгуулийн ажил, гадаад
харилцаа даахаар болсон. Д.Энхбат дарга намын дотоод ажил, намын
шинэчлэлт хариуцна. Зөвхөн өөрийн намын шинэчлэлт биш цаашид Улс төрийн
намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бусад намуудыг энэ
чиглэлд уриалж, төрийн бодлого болгохын төлөө явах юм.
-Намын нэрийг яахаар болов. Улсын дээд шүүх яаж хүлээж авах бол?
-Намынхаа нэрийг ИЗ-НН болгосон. УДШ өмнө нь хоёр нам нэгдсэн үйл явцыг
бүртгээгүй. ИЗН сая нэр, бэлгэдлээ өөрчилж, дүрмээ тодорхой хэмжээнд
өөрчлөөд удирдлагаа шинэчилчихлээ. Тэгэхээр ИЗН-ын дүрмийн өөрчлөлтийг
бүртгэх өргөдөл маягаар Дээд шүүхэд хандана. Нэгэнт түрүүнд нь нам
нэгдэхийг бүртгээгүй учраас энэ удаа хэрхэх бол гэсэн асуулт гарна л
даа. Өнгөрсөн оны наймдугаар сард экс Ногоон намын бүртгэл хууль бус болсон
гэсэн гомдлыг хуульчдын баг анхан шатны шүүхэд өгчихсөн байгаа. Тэр
маргаан шат шатаараа хуулийн дагуу явах байх. Сонгууль ч ойртож байна.
Түүнийг хүлээлгүйгээр хоёр нам улс төрийн хувьд нэгдэнэ гэсэн шийдвэр
гаргасан учраас экс Ногоон намын гишүүд бүгдээрээ ИЗН-д элссэн.
-Х.Бат-Ялалтын нам бас танайд нэгдсэн юм уу?
-Шинээр нэлээд олон гишүүн элссэн. Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн
Х.Бат-Ялалт тэргүүтэй Хүний төлөө нам гэсэн 800 гаруй хүн Улсын дээд
шүүхэд бүртгүүлэхээр материалаа бэлтгээд хэдэн сарын өмнө хүргүүлж
байсан юм билээ. Тэд бүрэлдэхүүнээрээ ИЗН-д элсч байгаа. Энэ нэгдлийг
хараад сүүлийн хэдэн долоо хоногт нэлээд хүн элсч байна.
-Танай нам бусад намаас ялгаатай нь дэмжигч гишүүдтэй. Тэд ч нэмэгдэж байгаа юу?
-Тэгж байгаа. Намын шинэчлэлээр хатуу гишүүнчлэлийг аль болохоор бага
байлгах, бусад намаас түрүүлж дэмжигч гишүүний статусыг дүрэмдээ албан
ёсоор оруулсан нам бол манай нам. Бусад намд хараахан тийм зүйл
байдаггүй учраас тийм байхыг уриалж байгаа. Монголд зөвхөн намтай байж
ажилтай албатай явдаг эрүүл бус тогтолцоогоор олон жил явлаа. Төрийн
албаны хуульд 2009 онд өөрчлөлт ороод төрийн албаныхан намаасаа
түдгэлзсэн нь дэвшил. Цаашдаа хүсч байгаа зүйл бол Монголд аль болох
цөөхөн хүн, хүн амын таваас арван хувь л намын хатуу харьяалалтай,
дийлэнх нь нам бус байх ёстой. Тухайн намын мөрийн хөтөлбөрийг дэмждэг,
бүр тухайн сонгуульд л мөрийн хөтөлбөрийг нь дэмждэг байж болно. Аль
болох олон хүн намаас хараат бус байх нь эрүүл тогтолцоо юм болов уу гэж
бодож байна. Мөрийн хөтөлбөрийг дэмжих маягаар дэмжигч гишүүнээр бүртгүүлээд намтай
танилцах, зарим асуудалд оролцох, мөрийн хөтөлбөр, зарим бодлогод
саналаа хэлж нөлөөлөх маягаар явж болдог нээлттэй, уян хатан нам байя
гэж үзэж байгаа.
-Өөр намын гишүүн танай дэмжигч гишүүн байж болох уу?
-Болохгүй юм байхгүй. Гол нь хатуу гишүүнчлэлтэй байж намын бүтцийн
байгууллагууддаа орох эрхтэй. Шийдвэрт оролцож, шат шатны сонгуульд нэр
дэвшинэ гэдэг ч юм уу. Дэмжигч бол тийм эрхгүй. Тийм болохоор хэн ч
дэмжигч байж болно.
-З.Алтай гишүүн дэмжигчээрээ байна уу?
-Манай дэмжигч, бас бие даагч гишүүн. Шийдвэрээ гаргана гэвэл өөрөө
гаргах байх. Бие даагч ч гэсэн сонгуулийн дараа аль нэг багт хамаарах
хэрэгтэй болно. Баг гэдэг нь УИХ дахь намын бүлэг ч байж болно. Тэгж
нэгдэж ажиллах нь зөв юм байна. Бие даагчаар сонгогдох нь маш том амжилт
ч гэсэн ганц хоёрхон хүн УИХ-д юм хийх хэцүү гэдэг нь цөөн суудалтай
нам дээр ч харагддаг. Аль болох бүлэг болж, аль болох хамтаараа байж
асуудалд нөлөөлдөг.
-Улсын дээд шүүхэд танай намын бүртгэл хэддүгээрт орох бол?
-Ер нь бол дөрөвдүгээрт бүртгэлтэй. НН бол гуравт бүртгэлтэй байсан. Уг
нь бүртгэл чухал асуудал биш. Зүгээр Сонгуулийн хуульд л намууд
жагсаалтаар саналын хуудсанд нэг, хоёр, гуравдугаар гэж бичигдэнэ гээд
хийчихсэн. Олон жил эрх барьсан намууд тийм хууль хийчихсэн.
Ерөнхийлөгчийн сонгуульд бол нэр сөөлждөг. Түүнтэй адил дийлэнх
ардчилсан орнуудад намууд нэрээ сөөлжөөд явдаг юм билээ. Тийм зориг
одоохондоо Монголд байхгүй л байх даа.
-Ирэх сонгуульд ямар тактик барих вэ. Дангаараа орох уу, эвсэл болох уу?
-Эхлээд мөрийн хөтөлбөрөө гаргана. Энэ жил бүх намын мөрийн хөтөлбөр
аудитаар орно. Бодит бус зүйл амлахыг хориглосон байгаа. Энэ нь ч зөв.
Сонгуульд ямар тактик барих талаар ажлын хэсэг гарна. Дангаараа явах уу,
эвсэх үү гэдгээ түүгээр шийднэ. АН-тай ч юм уу нэгдэнэ гэсэн асуудал
байхгүй. М.Зоригт гишүүн нэгдэх санал гаргаж байсан. Манай олонх
дэмжээгүй. Эцсийн шийдвэрийг намын олонх гаргана.