Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг авч хэлэлцэн, З.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь ойрын хоногт багтаан тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн байна. Учир нь орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зургадугаар сард зохион байгуулахаар заасан ч процедурууд нь зөрчилтэй байгаа. Тухайлбал, санал авах эцсийн хугацаа өөр, өөр байгаагийн зэрэгцээ их мөнгөний амлалт, элдэв спорт, уралдаан цэнгээнийг зохион байгуулах бололцоо Орон нутгийн сонгуултийн тухай хуульд нээлттэй байгаа тул энэ бүхнийг цэгцлэх ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Тиймээс эл хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчмын шийдэлд хүрсэн нь энэ аж. Мөн Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент намрын чуулганы хугацаанд багтаан батлах ёстой гэжээ. Шалтгаан нь УИХ-ын сонгуулиар хориглосон мөнгөн амлалт зэрэг нь Орон нутгийн сонгуулийн хуулиар дамжиж хэрэгжүүлэх боломжийг олгоод буйтай холбоотой юм байна.

Хоёр дахь асуудал нь Боловсролын тухай хуулийн төсөл аж. Уг хуулийг парламент хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт хүргээд буй. Гэхдээ хуульд зайлшгүй зааж өгөх асуудал нь сургуулийн захирлуудыг улстөрийн томилгооноос ангид болгох шийдэл гэнэ. Тухайлбал, эцэг, эхчүүдийн сонголтоор сургуулийн захирлыг сонгодог байж болох талтай. Энэ асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх шатанд дэмжих бололцоотой.  Одоогийн хэлэлцэж буй Боловсролын тухай хуульд аймгийнх нь Засаг дарга сургуулийн захирлыг томилдог байхаар зааж өгөөд буй юм. Мөн энэ хуулийн хүрээнд анхаарах асуудал нь дунд сургуулийн сургалтын агуулга хүндэрсэн байгаа тул түүнд ямар зарчим баримтлах вэ, унших ном тодорхой болох ёстой гэж үзжээ.

Гурав дахь асуудал нь УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл, мөн Засгийн газрын боловсруулсан Суурь тэтгэврийн тухай хуулийн төслүүд дээр тус бүр ажлын хэсэг байгуулан, МАН-ын бүлэгтэй зөвшилцөхөөр болжээ. Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахалж буй бол Суурь тэтгэврийн тухай хуулийн төслийн ажлын ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан томилогдсон байна.

Дөрөв дэх асуудал нь тус намын бүлэгт хамаарна. Долоо хоног бүрийн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийдэг. Энэ асуудлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг 25 минутад багтаан үг хэлдэг уламжлалаа сэргээх ёстой гэсэн шийдэлд хүрсэн юм байна. Өмнөх парламентад цөөнхийн бүлэг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дээрх жишгээр үг хэлдэг байсан ч, өнгөрсөн 3.4 жилийн хугацаанд түүнийгээ хэрэгжүүлээгүй. Одоо  харин сэргээх ёстой гэжээ. Ингэснээр энэ долоо хоногийн баасан гаригаас эхлэн парламент мэтгэлцээнийн хэлбэр рүү шилжинэ гэж мэдэгдэж байна.

Тав дахь анхаарал татсан асуудал нь үнийн өсөлттэй холбогджээ. Үнийн өсөлтийг судалж, шалтгаан нөхцлийг нь тодруулах зорилгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Гэхдээ дүгнэлтээ гаргаагүй байна.  Үүнтэй холбоотойгоор үнэ буулга гэдэг тодорхой үүргийг байнгын хорооноос  Засгийн газарт хүргүүлэх ёстой гэсэн зарчмын шийдлийг тус бүлэг гаргажээ. Учир нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаас болж нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Энэ бол хуурамч мэдээлэл гэж бүлгийн дэд дарга онцоллоо. Хэрвээ хуурамчаар өсгөсөн юм бол үнийг бодитой буулгах ажлаа Засгийн газар хийх ёстой, энэ асуудлаа Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах ёстой гэсэн саналыг хүргүүлж буйгаа мөн тэрбээр мэдэгдсэн юм.

Үүний дараа бүлгийн дэд дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

-З.Энхболд нарын гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж байна. Мөн хуулийг намрын чуулганаар батална гэх. Амжих уу?

-Намрын чуулганы хугацаанд батлахгүй бол болохгүй. Ингэхгүй бол маш тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна гэж бүлэг үзсэн.

-УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах бололцоогүй гэж үзэх хэсэг бий. Нөгөөтэйгүүр, сонгуулийг зохион байгуулагчдын хувьд ч хүндрэл учирна гэж байна. Харин танай бүлэг хамтад нь хийх ёстой гэж үзэж байна. Хамт явуулахын ач холбогдол юунд байна вэ?

-Нэг өдөр явуулах нь өөрөө маш өндөр ач холбогдолтой гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Сонгогчид “Энэ хоёр сонгууль тусдаа явснаар сонгогчдын хувьд саналын хуудас дугуйлах ажиллагаа нь хоёр хуваагдана. УИХ-ынхыг бол намыг нь дугуйлаад хоёроос гурван хүн дугуйлах. Орон нутгийн сонгууль бол аймгийн ИТХ-ын гурав, сумын ИХТ-ын гурван хүнээ дугуйлах. Энэ хоёр нийлэх юм бол 10-11 удаа дугуйлах болж байгаа. Салгахаар 4-6 удаа дугуйлна. Энэ бол сонгогчдод тодорхой хүндрэл байгаа болохоос биш зохион байгуулагчдад ямар ч хүндрэл байхгүй. Тооллогыг машинаар хийнэ, хэсэг, тойргийн хороо нэг удаа зохион байгуулчихна. Зардал чирэгдлийн хувьд хямд төсөр. Сонгогчдын хувьд ч гэсэн сонголт хийх боломжтой болж байгаа. Ер нь орон нутаг руу маш их хэмжээний эрх мэдэл очиж байгаа гэдэг утгаараа иргэд энэхүү орон нутгийн сонгуульд ач холбогдол маш их өгөөсэй гэж бид хүсэж байна. Улаанбаатар хотын хувьд сонгогчдын ирц ерөөсөө хүрдэггүй, орон нутгийн сонгууль болоход. Хотын захиргаа хүчээр 50 хувьд хүргэж дүнгээ гаргадаг. Ийм байдлаар цаашдаа орон нутгийн сонгууль явуулж болохгүй.Орон нутгийн сонгуулийн ирц хангагдаж байж энэ сонгууль явдаг. Сонгуулийнхаа дүнгээр байгуулагдсан орон нутгийн бие даасан байгууллагууд үнэхээр бие даасан эрх мэдэлтэй болж байгаа. Түүнийгээ зөв ашиглаж, зөв үйл ажиллагаа явуулдаг болохын тулд зайлшгүй хамт явуулах шаардлага бий. МАН-ын нэг гишүүний мэдээллийг хальт сонсоход хоёр сонгуулийг зэрэг явуулахаар 11 мянган хүн болчих гээд байна. Тэгэхээр бужигнаан үүснэ гэж байгаа. Орон нутгийн сонгуульд угаасаа 10 мянга гаруй хүн нэр дэвшиж байгаа. 10 мянган хүн дээр 400 хүн нэмэгдэж байна гэж… МАН-ын гишүүн бол 400 хүн дээр 10 мянган хүнийг нэмээд байгаа. УИХ-тайгаа хамт орон нутгийн сонгууль явуулснаар 10 мянга дээр 400 хүн нэмэгдэж байна гэдэг уншилт хийх юм бол зөв болж байгаа. Тийм учраас энэ бол боломжгүй зүйл биш.

-Процедур нь яаж явах вэ, нэгэн зэрэг сонгууль явуулахаар?

-УИХ-ын болоод Орон нутгийн сонгууль зэрэг явахад сонгогчид УИХ-ын сонгуулийнхаа хуудсыг авна, аймгийн ИТХ-ын, сумын ИТХ-ын хуудсыг авна. Ийм гурван хуудас аваад 10-11 дугуйлах процесс яваад орон нутгийнхыг орон нутгийн хайрцгандаа УИХ-ынхыг УИХ-ынх нь хайрцганд хийнэ. Тооллого машинаар явах учраас цаг алдахгүй.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж